Улсын аварга Ч.Санжаадамба: Би бөхчүүдийг эсэргүүцээгүй, МҮБХ-ны шийдвэртэй санал нийлэхгүй байна
2019/06/26
Увс аймгийн харьяат улсын гарьд Ө.Бат-Орших, Ховдын улсын заан Б.Пүрэвсайхан, Дундговийн улсын начин Э.Даш, Сүхбаатар аймгийн харьяат аймгийн хурц арслан Б.Номиндалай, Өвөрхангай аймгийн харьяат аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном, Архангай аймгийн харьяат сумын заан С.Майнбаяр нар баяр наадмын бус үеийн допингийн шинжилгээнд бүдэрч барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан билээ.
Шийтгэлийн хугацааны 70 орчим хувийг эдлээд буй Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нар буруугаа хүлээж уучлал хүсч МҮБХ-нд хүсэлт гаргаснаар Монгол Улсын арслан Ш.Ванчинхүүгийн нэрэмжит наадмын сорилго, улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд бүртгүүлж оноолтод нэрээ оруулаад байсан юм.
Тус барилдааны өмнөхөн улсын аварга Ч.Санжаадамба,улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх нар өргөөний бөх гардаг хэсэгт цуглаж эрхээ хасуулсан бөхчүүдийг барилдаанд оролцохыг эсэргүүцсэн юм.
Ч.САНЖААДАМБА: МҮБХ БӨХЧҮҮДИЙНХЭЭ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ҮҮРЭГТЭЙ
-Улсын заан Б.Пүрэвсайхан нарын бөхчүүд наадмын сорилго барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн ч бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулж нэгийн даваанд гарсангүй?
-Монголын үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн таван бөхийн барилдах эрхийг хуралдаад сэргээчихсэн байна. Энэ бөхчүүдийн маань барилдах эрхийг цуцалсан хугацаа нь дуусаагүй байгаа. Холбоо шийдвэрээсээ буцаж байгаа үйлдлийг ойлгохгүй байна.
-Та бүхний зүгээс ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Монголын Үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй төрийн бус байгууллага. Гарын таван хуруунд багтах хүний эрх ашгийн төлөө 1000 бөхийн эрх ашгийг хөндөж болохгүй биз дээ.
Би бөхчүүдийг эсэргүүцээгүй ээ. Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн шийдвэртэй л санал нийлэхгүй байна. Монгол бөх шударга байх ёстой, дэлхий нийтээрээ допингийн эсрэг тэмцэж байна.
-Допингийн талаарх мэдээлэл бөхчүүдэд хомс байна уу. Жил болгон л бөхчүүд допингийн хэрүүлтэй байдаг боллоо шүү дээ?
-Допингийн хэрэглээ газар аваад байна. Өнөөдөр сумын заан цолтой бөх шинжилгээнд бүдэрч байгаа нь үүнийг илчилж байгаа хэрэг. МҮБХ энэ асуудалд хариуцлагатай хандахгүй бол даамжирч монгол бөх мөхөх хүртэл эрсдэлтэй. Допинг чинь удмын санг устгадаг хор уршигтай эд шүү дээ. Аав нь барилддаг бол хүү нь дуурайгаад бөх болдог энэ уламжлал үгүй болно. Ирээдүйд энэ их өв соёлыг бөхчүүд бидний үр хойч тээж авч явна. Үүнийг залуус ухамсарлах хэрэгтэй. Ийм хортой зүйлийг хэрэглэхгүй байхыг би бөхчүүдээсээ аварга цолтой хүний хувьд хүсч уриалж байна. Спортод шударга байж л үзэгчдээ татна” гэв. Допинг хэрэглэсэн бөхчүүдийн өргөдлийг МҮБХ-ны тэргүүлэгч гишүүд хэлэлцээд, тэргүүлэгчдийн дийлэнхийн саналаар барилдуулахаар шийдвэрлэжээ. Тэргүүлэгч 15 гишүүнээс дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, Ш.Жаргалсайхан, улсын харцага Л.Бадарч, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр, улсын тайлбарлагч Ц.Батнасан, гарын даа Ё.Амарбаясгалан нар барилдуулахыг зөвшөөрчээ. Харин улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын заан Ц.Магалжав, улсын харцага Г.Элбэг, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, бөх судлаач Б.Цогтбаатар нар дэмжээгүй юм байна.
Улсын заан Б.Батмөнх “МҮБХ барилдаж буй бөхчүүдийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр ажиллах хэрэгтэй. Нэр бүхий бөхчүүд допинг хэрэглэсэн нь тогтоогдоод хоёр жилээр барилдах эрхээ хасуулсан. Энэ хугацааны 70 хувь нь өнгөрсөн байна гээд барилдах эрхийг сэргээж байгаа нь буруу. Би ч гэсэн допинг хэрэглэчихээд, барилдах эрхээ хасуулсан хугацааны 70 хувь нь өнгөрсөн гээд уучлалт гуйгаад барилдвал энэ бөхийн спорт мөдхөн сөнөнө. МҮБХ гаргасан шийдвэртээ бат зогсмоор байна” гэж хэлсэн юм.
Бөхчүүдийн төлөөлөл допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн байр суурьтай байна.
Бид МҮБХ-ны эх сурвалжтай ярилцлаа.
-Баяр наадмын бус үеийн шинжилгээг ямар байгууллагаас авсан юм бэ. Эрхээ хасуулсан бөхчүүд хэзээнээс барилдах эрх нь сэргэх вэ?
-БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтарч “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд 43 бөхөөс шинжилгээ авсан. Үүнээс долоон бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Эдгээр бөхчүүдийг 2018 оны хоёрдугаар сарын 1-нээс 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл барилдах эрхийг нь хоёр жилээр хассан. Энэ шинжилгээнд дан ганц үндэсний бөх биш чөлөөт, жүдо, бокс гээд олон спортын тамирчид хамрагдсан.
-МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн байсан?
-Баяр наадмын өмнө зургадугаар сарын 22-д улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж, гэм буруугаа хүлээж МҮБХ-ны тэргүүлэгчдэд хүсэлт гаргасан юм. Энэ хүсэлтийн дагуу тэргүүлэгчид хуралдаж барилдуулах шийдвэр гаргасан. Гэсэн ч бөхчүүд эсэргүүцэл илэрхийлж барилдуулсангүй. Тэргүүлэгчид дахин хуралдаж энэ асуудлыг шийднэ.
Улсын заан Б.Батмөнх
-Эрхээ хасуулсан бөхчүүд БЗД-ийн шүүхэд хандсан байсан. Ямар үндэслэлээр хандсан юм бол?
-Баяр наамдын тухай хуулинд зөвхөн тав давж шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авна гэж заасан байдаг. Дээрх бөхчүүдийг баяр наадмын бус үеэр буюу арванхоёрдугаар сард допингийн шинжилгээнд хамруулсан. Баяр наадмын бус үед шинжилгээнд хамруулсан нь хувь хүний эрхэд халдсан гэж үзэж шүүхэд хандсан юм билээ. Шинжилгээнд бүдэрч эрхээ хасуулчихаад шүүхдээд явдаг тохиолдол үндэсний бөхөөс өөр спортод байхгүй болов уу. Шинжилгээний хариу гарсны дараа бөхчүүд буруугаа ухамсарлаж шийдвэрийг хэрүүл уруулгүй хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл яруу найрагч Ү.Хүрэлбаатар шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдэд хандаж “Та нарын барилдах эрхийг хассан нь хууль бус шийдвэр. Шүүхэд хандаач” гэж зөвлөсөн байсан. Ингээд л өнөө хэд шүүхэдсэн байгаа юм.
-МҮБХ-ноос допингийн талаар сургалт семинар зохион байгуулдаг уу?
-Галд гарсан үед нь очиж сургалт зохион байгуулдаг. Монголын үндэсний олимпийн хороо, допингийн эсрэг үндэсний төвөөс сургалт тогтмол зохион байгуулдаг юм. Бөхчүүдийн оролцоо харин тааруухан байдаг. Ер нь тэгээд мэдээллийн эрин зуунд допингийн талаар мэдээлэлгүй бөх гэж нэг ч байхгүй дээ.
-Шүүхийн шийдвэр яаж гарсан бэ?
-Допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг түдгэлзүүлсэн нь хууль бус шийдвэр гэж гарсан. Холбооноос шүүхийн шийдвэрийг хүлээж аваагүй. Гэсэн ч МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал Ц.Сайнбаяр нарт хаягласан шүүхийн шийдвэр албадан биелүүлэх тушаал гарсан. Энэ шийдвэрийг биелүүлж бөхчүүдийг барилдуулахаар бүртгэсэн.
БӨХЧҮҮД САНААТАЙГААР ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ҮҮ
Шинжилгээнд бүдэрсний дараагаа улсын гарьд Ө.Бат-Орших тайлбартаа “Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн. Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй. Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм. Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл болон барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчдийн олонхи нь мэдэх болсон. Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод тамоксифен гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Үүнээс допинг илэрлээ” гэж мэдэгддсэн байдаг. Ө.Бат-Орших гарьдын эмийн сангаас авч хэрэглэсэн гэх тамоксифен хэмээх эм нь дааврын бус антиэстроген бодис бөгөөд эстрадиолыг эд эсэд шингээх үйл явцыг дарангуйлдаг эстроген гаралтай хорт хавдрын өсөлтийг зогсоодог юм байна. Ялангуяа хөхний хорт хавдрын эсрэг хамгийн түгээмэл хэрэглэдэг аж. Мөн өндгөвч, бөөрний хавдар, үргүйдэл зэрэгт хэрэглэнэ. Тамоксифен, тамофен гэх эм нь 2008 оноос дэлхийн Допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой эмийн жагсаалтад багтах болжээ. Тамоксифенийг эрэгтэй хүн хэрэглэсэн тохиолдолд булчингийн массыг хадгалж, хүний бие дэх тестостероныг нэмэгдүүлэх үйлчилгээтэй аж. Ө.Бат-Орших гарьдын тайлбарласан шиг бодисын солилцоо сайжруулах болон шархны эдгэрэлтэд ямар ч үр нөлөөгүй юм байна.
Энэ бүхнээс үзэхэд булчингийн массаа хадгалж, бэлтгэлийн ачааллаа даван туулахын тулд тамоксифен хэрэглэсэн байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Шинжилгээнд бүдэрсэн бусад бөхчүүдийн хийсэн тайлбар нь илэрсэн бодисын үйлчилгээтэй авцалдахгүй байгаа юм. Тэд тамир оруулах, булчингийн масс хадгалах үйлчилгээтэй бодис хэрэглэсэн нь санаатайгаар допинг хэрэглэсэн байж болзошгүй гэх хардлагыг бөхийн хүрээнийхний дунд төрүүлээд байна.
Б.САЙНБАЯР
иргэн · 2019/06/26
ашгүй ашгүй.бөөн найраа хийж байдаг бөөн мөнгө нь өөр бүтээн байгуулалт орох болтугай.бөх мөнгөгүй жин нь бууна ааа.кккк
Зочин · 2019/06/26
Допингодсоор байгаад дархан аварга болчихсон начин байнашд манайд
Зочин · 2019/06/26
Хэрүүлиын бузар шингэсэн эм хушуулсан арчаагүй новшнууд бүгдээрээ заылзгаавал таарна Шуналын типнүүд
зочин · 2019/06/26
удахгүй а. сүхбат шиг болно
зз · 2019/06/26
пүрэвсайхан нар олон жил тариа хэрэглэсэн дээ