БСШУСЯ-ны Биеийн тамир спортын газар, Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сард үндэсний бөхийн нэр бүхий 31 тамирчнаас шинжилгээ авсан байдаг.

Шинжилгээний дээжийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институт /KIST/-ийн Допингийн хяналтын лабораторид шинжлүүлэхэд таван бөхөөс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад багтсан зүйл илэрчээ.

Ийнхүү шинжилгээнд “бүдэрсэн” бөхчүүд нь улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар байсан аж.

Харин тав дахь бөх нь өөрийн хүсэлтээр В сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Допингийн эсрэг үндэсний төвөөс гаргасан мэдэгдэлд, В сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ ирүүлээгүй бусад бөх шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцож байгаагаа МҮБХ-нд албан бичгээр мэдэгджээ. Уг албан бичигт дурдагдаж, шинжилгээнд дахин хамрагдах хүсэлт гаргасан бөх нь улсын заан Б.Пүрэвсайхан байсныг саяхан МҮБХ-ны тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан шийдвэрээс мэдэж авлаа.

Тус холбооныхон хуралдаж, үндэсний бөхийн тамирчин Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш нарын улсын цолтой бөхчүүдэд допинг хэрэглэсэнд нь оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, барилдах эрхийг нь сэргээхээр шийдвэрлэсэн байна. Тэдний барилдах эрхийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилээр түдгэлзүүлээд байсан юм. Эдгээр нэр бүхий бөхчүүд буруутай үйлдлээ ухамсарлаж, дахин ийм алдаа гаргалгүй монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, эрхээ сэргээлгэхийг хүсч МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл бичсэнийг үндэслэн ийм шийдвэр гаргасан нь хэл ам дагуулаад байна. Юуны өмнө нэг дор шинжилгээнд хамрагдаж, барилдах эрхээ хамт хасуулсан аймаг, сумын цолтой бөхчүүдийг яагаад ялгаварлах болов. Эсвэл тэд өргөдлөө бичиж, хүсэлт гаргаагүй юм уу гэх сөргөлдөөн гарч ирлээ. Гэхдээ тэд зүгээр суугаагүй байх л даа. Учир нь, Допингийн эсрэг үндэсний төвөөс 200 гаруй тамирчныг шинжилгээнд хамруулахад хориотой бодис илэрсэн чөлөөт бөх, бодибилдингийн тамирчид шийтгэлээ үг дуугүй хүлээгээд явдаг бол үндэсний бөхийнхөн л хэл ам хийгээд байдаг нь өмнө допинг хэрэглэсэн бөх удтал маргалдсаны эцэст шийтгэлгүй өнгөрч байсан түүхтэй нь холбоотой байж болохыг Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат хэлж байжээ. Тийм болохоор аймаг, сумын цолтой бөхчүүдийн барилдах эрхийг сэргээлгүй орхисон нь эцэс төгсгөлгүй ээлжит хэрүүл маргааны эхлэл ч болж магадгүй.

Түүнээс гадна МҮБХ-ноос барилдах эрхийг нь сэргээсэн улсын цолтой бөхчүүд цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ зодоглож, олон түмнийг наадуулан цэнгүүлэхээс өмнө давааны “найраа”-нд оролцож, дүү нараа начин цолонд хүргэх хүсэл сонирхолтой байхыг ч үгүйсгэх аргагүй юм гэх хардлага бөх мэддэг, үздэг, сонирхдог хүмүүсийн дотор яригдаж байна. “Бас допингийн төрлийн бодис хэрэглэж, хүч чадлаа сэлбэхийг ч үгүйсгэх аргагүй.

Тэр цагт тэднээс допингийн шинжилгээ авах шаардлагагүй, сорьцод хамрагдаагүй болохоор цолоо хураалгах, эрхээ хасуулахын зовлон шаналгаагүй байх нигууртай” гэсэн таамаг дэвшүүлэх хэсэг ч байгаа юм. Тиймээс эрхэм улсын начин гарьд, заанууд аа! Олон түмний дээрх хардлага, сэрдлэгийг үгүйсгэж, улсын баяр наадамдаа үнэн хүчийг үзүүлэн, цол эрэмбээ ахиулахын төлөө шударгаар барилдах нөхцөлийг бүрдүүлснээ батлах хамгийн шилдэг арга нь В сорьцын шинжилгээнд хамрагдаж, “цэвэр” байгаагаа харуулах явдал юм. Тамирчныг А сорьцын шинжилгээнд түүвэрлэн авч хамруулахад 300-500 ам.доллар зарцуулдаг бол дахин шинжлүүлэх зардлаа өөрөө гаргадаг болохыг Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн байдаг. Дэлхий нийтэд Допингийн эсрэг төвөөр хүлээн зөвшөөрөгдсөн 30 гаруй лаборатори байдгийн дотроос манай улс БНСУ-ын Допингийн хяналтын лабораторитой гэрээний үндсэн дээр хамтран ажилладгийг дахин сануулъя. Нөгөө талаар манай улсын тамирчдаас допингийн шинжилгээгээр хориотой бодис илэрч, тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулж байсан тохиолдол цөөнгүй бий. Хамгийн сүүлд чөлөөт бөхийн гавьяат тамирчин Орхон дэвжээнд гарах эрхээ дөрвөн жилээр хасуулчихаад байгаа билээ. Гэхдээ энэ нь хөдөлшгүй хатуу чанга “шийтгэл” биш бөгөөд гавьяат тамирчин Пүрэвбаатарын эрхийг хоёр жилээр түдгэлзүүлж байсан ч нэг жилийн дараа барилдах “тийз”-ээ авч байсан удаатай.

Дэлхийн энтэй тамирчдад ийм боломж олгож, “шийтгэл”-ээс нь чөлөөлж байхад “санамсаргүй” алдаж оносон монгол үндэсний бөхчүүдэд “өршөөл үзүүлж” яагаад болохгүй гэж.

Энэ асуудалтай холбогдуулан МҮБХ-ны нарийн бичгийн дарга, улсын заан Ц.Магалжав мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ оны зургаадугаар сарын 17-ны өдөр болсон МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаас улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын барилдах эрхийг тэргүүлэгчдийн олонхийн саналаар сэргээхээр болсныг мэдээлсэн юм. Холбооны тэргүүлэгч 15 хүний найм нь дэмжсэн санал өгсөн байна. Тэгэхдээ дээрх нэр бүхий бөхчүүд дахин допинг хэрэглэсэн эсэхийг хэн ч магадлаагүй, басулсын баяр наадамд дөрвөөс дээш давах үгүйг хэн ч таашгүй.

“Бөх хүн бүдүүн өвсөнд” гэдэгчлэн хэдийн даваанд хэн гэдэг аавын хүү улсын цолтныг өвдөг шороодуулахыг таах аргагүй нь үнэн. Харин допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэж, хүч тамираа сэлбээгүй гэдгээ нотолж, барилдах эрхээ баталгаажуулах, олон нийтийн хар сэрийг үгүйсгэх ганц гарц нь шинжилгээнд хамрагдаж, “цэвэр” хариугаа үзүүлэх явдал л болжээ.

Энэ нь “хоёр толгой”-той МҮБХ-ныхон болон бөхчүүдийн талцлаас хамаагүй баталгаатай гэдгийг өнөө цагийн хүчит бөхчүүддээ сануулж байна. Бие ариун тунгалаг, бяр хүч тэгшрэх болтугай.

Д.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин