О.Амгаланбаатар: ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж шийдвэр гаргасан
2019/06/27
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зарлиг гаргалаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэсэн гэж зарлигтаа бичсэн байна. Шүүхийн ерөнхий зөвлөл чухам ямар санал гаргасан юм бэ?
-УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дах хэсэгт заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчлан зохицуулсан байдаг.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 06 дугаар 26-ны өдөр хуралдаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмжийг гарган Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж, уг зөвлөмжийн дагуу дээрх нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтож, тогтоол гарган хүргүүлсэн.
-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ямар үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргасан талаар хариулт өгөөч.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар гаргасан зөвлөмж болон холбогдох материалыг нууцын зэрэглэлтэйгээр Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааныг хаалттай горимоор явуулсан. Иймд зөвлөлийн хуралдаан дээр яригдсан асуудал болон шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийн талаар мэдээлэх хуулийн боломж байхгүй байна.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр хүчинтэй юү?
-Одоогоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлсөн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй байгаа.
-Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнөө өглөө зарлагдсан хурлуудыг цуцалжээ. Бүрэлдэхүүн хүрэхгүй байгаа учраас шүүхийн үйл ажиллагаа тасалдахад хүрлээ. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
-Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо эрүү, иргэн, захиргааны шүүгч гэж томилдоггүй. Иймд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр үлдсэн шүүгчдийг танхимуудад хуваарилан хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулах боломж байгаа гэж бодож байна. Гэхдээ энэ талаар Улсын дээд шүүхээс тодруулах нь зүйтэй байх.
Харин анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн тухайд бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шүүгчдэд хуваарилагдсан байсан хэргүүдийг шүүгчдийн зөвлөгөөнөөр бусад шүүгчдэд хуваарилах ажиллагаа хийгдээд явж байна. Шүүн таслах ажиллагаа тасралтгүй явах бололцоотой гэж үзэж байна.