Допинг ба Монгол үндэсний бөхийн хагарал
2019/06/28
Олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулдаг спортын төрлүүдэд шударга өрсөлдөөнийг дэмжих, тамирчдынхаа эрүүл мэндийг хамгаалах зорилгоор допинг илрүүлэх шинжилгээг хийж, сэргээш буюу допинг хэрэглэхийг хориглодог бололтой. Мэдээж тэр бүхнийг нь бүх талаас нь анхаарч үзсэн гайхалтай нарийн дүрэм, журамтай байж таарна. Сорьц авахаас эхлээд, шинжилгээ хийгээд, хариугаа гаргаад, зарлах, шийтгэл оногдуулах бүх алхам нь маш нарийн зохицуулалттай байгаа нь ч ойлгомжтой.
Тухайн нэгэн үндэстэн, ястан, омгийн хэмжээний спорт, биеийн тамирын тэмцээн, наадаан цэнгээнд оролцогсдоос “допинг илрүүлэх” шинжилгээг хийж, хоорондоо хагаралдаж, дайсагналцдаг нь Монголын үндэсний бөхөөс өөр ховор л байх.
Хэвлэл, мэдээллээс харж байхад үндэснийх нь хэмжээнээс аль хэдийнэ халиад гарчихсан, олон улсын спортын түвшинд дөхчихсөн Японы Сумо бөхөд л лав допингийн шинжилгээг тогтмол хийдэггүй гэнэ лээ. Солонгосын шырым, Өвөр Монгол бөхийн барилдаанд оролцогчдоос ч манай Үндэсний бөхийн холбооныхон шиг “допинг илрүүлэх” шинжилгээ авч “эмгэнэлт ч юмуу, инээдэмт жүжиг" тоглож буй нь харагддаггүй л юм. Үүнийг хэлснээрээ би допингийг магган дуулагч биш. Хамгийн гол нь допинг гэж юу вэ гэдгээ ойлгож байгаа бөх, бөхийн холбооны удирдлага, ажилтан нар, үзэгч, сонирхогч хэд байна вэ гэдэгт л асуудал байна. Магадгүй энэ талаар бүрэн гүйцэд ойлголттой нэг ч хүн Монголд өнөөдөр алга.
Гэтэл допинг гэгч “мангаа"-гаар хэдэн бөхчин, бөхчүүдээ айлгагч, дарамтлагч, барьцаалагч, нийгмээ хагалан бутаргагч сүр данзан нар нь “Монголын Үндэсний бөхийн холбоо” ТББ-ын удирдлагад багтсан цөөн тооны хүмүүс ба тэдний үгийг хууль мэт хүлээн авч, даган баясагч Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комисс, хороо гэгчийн бүрэлдэхүүнд багтсан цөөн этгээдүүд л байна.
Ингэж хэлснээрээ допинг хэрэглэхийг дэмжээд байгаа ч юм биш. Харин допингоор “бизнес хийгчид” болон допингоор шантаажлагчдыг эсэргүүцэж байна гэж ойлговол зохино. Би зүгээр л Монгол үндэсний бөхийн уран хурц, уулга алдуулсан барилдааныг үзэж сонирхож, тэндээс тодорхой хэмжээний сэтгэлийн ханамж авагч, жирийн нэгэн бөх үзэгч. Сүүлийн 30 гаруй жил бөхийн барилдаан үзэгчээр тасралтгүй ажилласан, ажиглагч, хорхойтон. Сонссон төдий мэдээлэл, цөөхөн хүний үгээр үг хийж, “гай газар дороос дуудаж”, хаанахын ч үндэсний бөгөөд орон нутгийн түвшний наадаан цэнгээнд хэрэглэдэггүй жишиг хаа сайгүй байсаар байхад, олимп, дэлхийн аваргын түвшний дүрэм, журам нь тодорхой, ойлгомжтой, оролцогчдод нь нас, биеийн жин гэх мэтээр нь яг ижилхэн шаардлага тавьдаг спортын төрлийн нэгэн хязгаарлалтын хэрэгсэл болох допингийн шинжилгээ гэгчийг шууд хуулбарлан Үндэсний бөхөд мухар, сохроор дуурайн оруулж ирж хагалан бутаргалт үүсгэхээ зогсоомоор байна.
Ер нь дэлхийн хаана ч допинг гэгч тэр мангаад “хайртай” хүн ховор байх. Хамгийн гол нь үндэсний бөхөд “шударга өрсөлдөөнийг алга хийх гээд байна”, “үндэсний бөхийг устгах гээд байна” гэж орилолдоод байгаа допинг гэгчид чинь яг юуг хамаатуулж ойлгох вэ гэдгээ л юуны өмнө тодорхой болгох нь зүйтэй гэж бодогдоод байгаа юм. Лав л харшилтай, астматай бөхчүүд өдөр бүр хэрэглэдэг дексаметазон гэх мэт эмийн бодисыг “Монгол үндэсний бөхийг сүйрүүлэгч”, “удмыг таслагч” допинг гэгч мангааны ангилалд оруулж хэрхэвч болохгүй. Үзэгч, жирийн иргэн миний бодлоор бол допинг гэгчийнхээ төрөлд бөхчүүдийн булчингийн ширхэгийн бүдүүрэл, зарим эрхтнүүдийн хэлбэр, хэмжээ, үил ажиллагаа гэх мэтэд нөлөөлдөг, тодорхой хугацааны дотор огцом хүч чадал оруулдаг гэлцдэг, хэрэглээд үйлчлэл нь дууссаны дараа бие махбодод нь анатоми, физиологийн эргэлт буцалтгүй өөрчлөлт үүсгэдэг, дахин давтан хэрэглэхийг бие махбодоос шаарддаг гэх мэт хортой, аюултай нөлөөлөлтэй гормоны, химийн, нийлэг гэх мэт гаралтай эм бэлдмэлүүдийг л хамруулж үзэх нь зүйтэй юм шиг бодогддог. Түүнээс бус шээс хөөлгөх, харшлын эсрэг, ардын уламжлалт эмчилгээний эм, тангийн найрлаганд ордог бөгөөд олимп, дэлхийн түвшний спортын тэмцээнд оролцогчид хэрэглэхгүй байхыг шаарддаг бүх эм, бодисыг “Зөвхөн Монголдоо” барилдаж, ноцолддог хэдэн бөхчүүд ашиглахыг хориглох нь , үнэхээр ямар ч утгагүй гэдгийг л ойлгох нь зүйтэй гэж зөвлөмөөр байна.
Харин үнэхээр хортой, аюултай допингууд гэгчээ Монголын хил гаалиар нэвтрүүлэхийг хориглоод, зайлшгүй хэрэглэх шаардлагатайг нь зөвхөн эмчийн бичсэн жор, зөвшөөрлөөр олгодог л болгоод өгчихөөч дээ!. Ингэчихээр “зөвхөн Монголдоо” хэдэн бөхчүүд чинь тэр мангааг нь олох ч аргагүй болно шүү дээ. Тэгснийхээ дараа тэр “шударга өрсөлдөөнийг чинь алга болгодог” бөгөөд “үндэсний бөхийг чинь устгах” гээд байгаа допингтой тэмцэх дүрэм, журмаа тодорхой болгочихоод хатуу тэмцэж болно шүү дээ.
Монголын үндэсний бөхийч эргэн тойронд допингийг “бизнес өрсөлдөгчөө нам дарах, өмнөө нь дуугарсан бөгөөд ”далайсан газар нь далд ордоггүй” бөхчүүд ба тэдний шавь нар, зарим үед илүү өндөр цолтноос өгдөг “хэвт” гэдэг командыг сонсдоггүй “дүлий цэрэг”-ийг нам дарах, хэлмэгдүүлэх хэрэгсэл болгож хувиргасан нь ч илэрхий л байгаа юм. Тухайлбал, одоо ид барилдаж байгаа мянга гаруй бөхчүүдээс 30 гаруй бөхөөс нь 2018 оны өвөл “допинг илрүүлэх шинжилгээг” хууль бусаар, санамсаргүй түүвэрлэлтийн аргаар авахад Улсын гарьд Ө.Бат Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас “допинг” илэрсэн гэдэг. Эндээс шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүгнэлт хийдэгсэн болбол random sampling буюу санамсаргүй түүвэрлэлтийн аргаар 30 гаруй бөхчүүдээс сорьц аваад шинжлэхэд таван бөхөөс нь допингийн төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдож байна гэж үзвэл нийт бөхчүүдийн 20 хувь орчим нь “допинг” хэрэглэдэг нь тогтоогдож байна гэсэн үг.
Гэтэл 1000 гаруй бөхчүүдээ бүгдийг нь шударгаар, ялгаварлан гадуурхахгүйгээр допингийн шинжилгээнд оруулахгүйгээр 30 гаруйхан бөхийг ялгаварлан гадуурхаж, сорьц авч, шинжилгээнд хамруулчихаад “допинг” илрүүлэх “жүжиг” тоглож, “Монголын үндэсний бөхийн холбоо” төрийн бус байгууллагын удирдлагад үүрлэсэн “допингоор бизнес хийдэг сүлжээ бүхий” гэлцдэг, хэдэн хонзогногч этгээдүүд, тухайн цолтнуудынхаа дотроос барилдааны хамгийн өндөр амжилт, үзүүлэлттэй барилдаж байгаа таван бөхийг хэлмэгдүүлэн, “допинг”-оос “монгол бөхөө аварна” гэх эмгэнэлт жүжиг тоглож, монгол үндэсний бөхийг хагалан бутаргаж буй нь үнэхээр таалагдахгүй байна. Одоо ид барилдаж буй улсын гарьд цолтой бөхчүүд дундаа олон жилийн турш барилдааны өндөр амжилт, тогтмол үзүүлэлттэй яваа нь Увс аймгийн Ө.Бат орших гарьд, ид барилдаж буй улсын заан цолтнууд дундаас сүүлийн жилүүдэд улсын наадмаас бусад барилдаануудад хамгийн олон түрүүлж, бүх л барилдаанд тогтмол амжилттай барилдаж буй нь Ховд аймгийн Б.Пүрэвсайхан заан, улсын начин цолтнууд дундаа сүүлийн жилүүдэд амжилтаараа цойлж буй нь Дундговь аймгийн Э.Даш начин, аймгийн хурц арслангууд дундаас хүүхэд наснаасаа эхлэн бөхийн амжилт нь тодорсон бөгөөд хамгийн барилдаанч, тогтмол амжилттай барилддаг нь Сүхбаатар аймгийн Б.Номиндалай хурц арслан, сумын заан цолтнууд дундаасаа бие бялдрын хөгжил, барилдааны амжилтаараа мөн л цойлж гарч ирж байгаа нь Архангай аймгийн С.Майнбаяр сумын заан нар юм. Ийнхүү ижил цолтнууд дундаасаа хамгийн өндөр амжилттай яваа таван сайхан бөхийг ялгаварлан гадуурхаж “допингтой холбогдсон” “допингтой бөхчүүд” гэхчлэн улсын наадамд долоо давж үзээгүй, “допинг”-ийн “ач тусаар” “улсын заан” гэх эрхэм дээд цолыг зүүж яваа Ц.Магалжав мэт нь улс орон даяар зарлан доромжилж буй нь тэдгээр бөхчүүдийн нэр хүндэд үнэхээр их хорлон сүйтгэл учруулж буй хэрэг. Ч.Санжаадамба аварга мэт нь ч саяхан Өмнөговь аймагт болж өнгөрсөн улсын арслан Г.Дэмүүл агсаны нэрэмжит барилдааны их шөвөгт үлдээд Э.Даш начинд уначихаад хүрч ирээд, өмнө нь допингийн асуудал 10 гаруй жилийн турш яригдаж байхад огт дуугардаггүй байснаа, гэнэт ухаан орж, шударга дүр эсгэн, өсөрхөж хонзогнон, үе тэнгийн өрсөлдөгч нараа замаасаа зайлуулах инээдэмт жүжгийг Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагад хууль бусаар байж байгаа, өс хонзон тооцогчдын залгамжлагч нартай хамтран тоглоод явж буй нь инээдэмтэй л харагдаж байна лээ. Бодвол Э.Даш начин “хэвт” команд биелүүлэхгүй байгаа бололтой эхлээд элэг бүсээ тайлаад, шууд тахим өгөх гэж байснаа, дахин барилдаад сэнчигнээс нь хоёр гараараа зууралдаж явахад нь тосгуулж хавираад унагачихаж буй нь зурагтаар харагдаж л байсан. Аварга цолтой бөх хүн ийм жижигхэн ааш авиртай байж болохгүй ээ!. Монгол улсын Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйл-д (10.2. Энэ хуулийн 7.1,7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөх, 9.2-т заасан үндэсний сур харвааны эхний 3 байр эзэлсэн харваачийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна.) гэж заасан. Үүнээс өөр бөхчүүдийг ялгаварлан гадуурхаж, бэртэл, гэмтэлтэй, эмчилгээтэй байх үед нь гэнэт сорьц авч хууль бусаар “допинг” илрүүлж, барилдах эрхийг нь урт хугацаагаар хасч, нэр хүндийг нь гутаан доромжлох хуулийн зохицуулалт байхгүй ээ!. Иймээс Улсын гарьд Ө.Баторших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар шүүхэд хандаж барилдах эрхээ сэргээгээд зогсохгүйгээр, ялгаварлан гадуурхалтыг нь таслан зогсоох, нэр төрөө сэргээхийн тулд Олон улсын хүний эрхийн конвенцид нийцүүлэн, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс зэрэг эрх нь хохирсон иргэнээ хамгаалах үүрэгтэй субьектүүдэд ч хандах нь зүйтэй. Бас хачирхалтай нь эдгээр таван бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хассан субьект нь “Монголын үндэсний бөхийн холбоо” ТББ-ын удирдлага хавьд ажилладаг хэдэн хүн. Саяхан тэдний барилдах эрхийг сэргээсэн субьект нь мөн л “Монголын үндэсний бөхийн холбоо” ТББ-ын “аугаа удирдагчид”. Энгийн логикоор бодоход шийтгэл оногдуулсан субьект нь тэр шийтгэлээ цуцлах нь зүй ёсных баймаар.
Гэтэл цөөн бөхчүүд эсэргүүцээд, бусдыг турхираад байгаа учраас уг шийтгэлийг цуцалсан шийдвэрээ “Монголын үндэсний бөхийн холбоо” ТББ-ын “аугаа удирдагчид” эргэж харах нь зүйтэй гээд нөгөө гайхал Ц.Магалжав өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаад, асуулт байна уу гээд сууж байгаа нь огт ойлгомжгүй.
Эндээс дахин жаахан логик дүгнэлт хийхэд тэдгээр таван бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасуулсан захиалагчид нь зарим бөхчүүд ч байхыг үгүйсгэх аргагүй байна. Үзэгч, сонирхогч бидний хувьд утга учиргүй хэрүүл маргаангүй бөхийн барилдаан үзэх нь л чухал байна.
Ц.ӨЛЗИЙТОГТОХ
matilda · 2019/06/28
ЗОЧИН · 2019/06/28
ДОПИН ДЭЭРЭЭС НЭМЭЭД Т.Пүрэвсүрэн, Д.Цэвэлсодном нарын барилдах эрхийг 2 жилээр хаССАН ДОПИНГЧИН ДОЛОО
Зочин · 2019/06/28
Хэдэн алиалагч нар өөрсдийгөө юу гээд бодчихсон юм бэ? Бөхтэй бөхгүй Монгол сөнчихгүй байлгүй. Жудгаа бариж чадахгүй бол та нар хэдэн хужаагийн боол болоод л хэлсэнийг хийгээд л гүйнэ ш дээ яс юман дээрээ Мөнгөнөөс өөрийг бодохоо байсан малнууд. Ёс жаяг, ард олноо хүндэлсэн чинв дээр шүү. Хаанаас ч бяртай чадалтай хүн олдоно шүү. Ардыг хөгжөөх үүргээ биелүүлээрэй олигтойхон