Айрагийг эрт үедээ Исэг,  Цэгээ гэдэг байжээ

Айраг гэдэг үг нь исэглэх, холих найруулах гэсэн утгатай. Айрагийг эрт үедээ Исэг гэж нэрлэж байсан ба мөн Цэгээ гэдэг байжээ. Гүүний айраг бол айрагны хамгийн гол сонгодог төрөл юм. Мөн үүнийг гүүний айраг хэмээн үхэр, тэмээний айрагаас ялгаж хэлэх явдал зарим нутагт бий. Айраг нь хэд хэдэн янз боловч гүүний айраг нь угтаа "жинхэнэ" айраг юм. Гүүний айраг бол хээрийн бэлчээр, ус сайт газарт боловсруулах боломжтой малын гаралтай дарс юм. Харин энэ айраг нь говь ба уулархаг хангайд төдийлөн сайн боловсордоггүй сул ба хатуу амттай болох бөгөөд цаг уур, бэлчээрийн нөлөөнөөс ийнхүү өөрчлөгддөг. Тиймээс хээрийн бүсэд гүүний сүүгээр боловсруулж буй нь айрагны хамгийн гол чухалд тооцогддог.

Зарим хүмүүс айргийг зөвхөн гүүний саамаар хийдэг гэсэн буруу ойлголттой байдаг. Бог малын, үнээний, ингэний сүүг хөрөнгөлөн исгэж айраг хийдэг бөгөөд богийн, үхрийн, ингэний айраг гэж нэрлэдэг. Гүүний айрагнаас бусад айргийг буцалгаж (чанаж) цагаа болгоод түүнийгээ шүүж ааруул хурууд хийдэг. Хэрэв цагаандаа гүүний айраг хольж ааруул хийвэл түүнийгээ бэсрэгний ааруул гэдэг. Ингэний айргийг зарим хүмүүс ингэний хоормог,ингэний ундаа гэж ярих нь бий. Энэ нь буруу нэршил юм. Учир нь хоормог гэдэг нь богийн исгэлэн айраг таргийг болсон сүүгээр шингэлж хутгасныг хэлдэг. Айраг, хоормог, тараг, буцалгаа гэх мэт нэршил нь тухайн цагаан идээг боловсруулж байгаа технологийн ялгааг илэрхийлсэн байдаг.

Саам болон айргийн бүрэлдэхүүний 1.8-2.2 орчим хувийг эзэлдэг уургийн бодис сүүн хүчлийн бактерын нөлөөгөөр үхрийн сүүтэй адил нягт элгэн бүрэлдэхгүй харин үл мэдэг жижиг язмаг үүсгэдэг учир ходоод гэдэсний ажиллагааг хүндрүүлдэггүй, хялбархан шингэдэг байна.

Айргийн бүрэлдэхүүнд чухал амин хүчлүүд байх бөгөөд амин хүчлийн найрлагын хувьд айраг нь төгс чанарт тэжээлийн зүйл юм. Үүгээр айраг нь эхийн сүүтэй ойролцоо юм. Айргийн найрлаганд хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй бараг бүх витамин агуулагдаж байдаг. Айраг А, С, В витаминаар маш баялаг. Насанд хүрсэн хүний биед өдөрт А витамин 1 мг, Д витамин 0.002 мг, С витамин 50-75 мг, В витамин 2-3 мг, РР витамин 20 мг гэх мэт витаминууд шаардлагатай байдаг гэсэн норм байдаг аж. 1л айрагт 0.3-0.4 мг А витамин, 95-100 мг С витамин, 100-200 мг аскорбины хүчил байдаг байна. Айрагт Д витамин ихээр агуулагдах бөгөөд  Е витамин 1л сааманд 0.65-1.05 мг байна.

Айраг кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдсээр үхрийн сүүнээс давуу талтай. Айраг нь ялзруулагч бактер, гэдэсний савханцар, стафилококк зэрэг хөнөөлт болон сүрьеэ, хижиг, балнад, иж балнад мэт халдварт өвчний үүсгэгчийн өсөлт, үржилтийг саатуулах, гэдсэн дэх ялзралын процессыг зогсоох, гэдэсний рH-ийг хүчиллэг орчинд байлгах үйлчилгээтэй. Айргийн энэхүү сувилал эмчилгээний чанар нь нэг талаар хөрөнгийн бичил биетүүдийн ялгаруулдаг антибиотик бодис, нөгөөтэйгүүр исэлтийн үр дүнд бий болдог үлэмж хэмжээний сүүний хүчлийн хэмжээтэй шууд холбоотой.

Айрагтай холбоо бүхий үгс

Ихэвчлэн гүүний сүүг хөрөнгөлөн исгэсэн ундаа: айраг бүлэх (хөхүүр, саванд буй айргийг бүлүүрээр цохилон хутгах), айраг исгэх (айраг хийх) - Өвөл айраг исгэж, архи нэрнэ. Б.Нямаа. Арандалынхан., айргийн архад(айраг агуулах арьсан сав), айргийн бүлүүр (айраг бүлж исгэхэд хэрэглэх урт иштэй, гурваас дөрвөн нүх бүхий дугуй модон хэрэгсэл), айргийн хөрөнгө (айраг исгэхэд зориулсан үүсвэр хөрөнгө),  айргийн хул(айраг уух том модон аяга), айргийн хөхүүр (айраг хийх, хараа бүхий томхон ширэн сав), айргийн эмнэлэг(айргаар эмчлэх сувиллын газар), айраг эхлэх (түүхий сүүн дээр хөрөнгө нэмэн бүлж исгэн шогшуулах), айраг архи ~ архи айраг [хоршоо] (согтууруулах ундаа) - Хундага тавилгүй айраг архи ууж гэнэ. Халх ардын тууль.айраг идээ [хоршоо] (идээ ундаа) - Ахин дөхөн суугаад айраг идээг сөгнөөд байлаа. Халх ардын тууль., айраг исэг [хоршоо] (айраг) - Монгол хүн сүү хярам, айраг исэг, хоормог ундаагаа уугаад болоод байсан. Ш.Нацагдорж. Мандхай цэцэн., айраг сархад [хоршоо] (сархад ундаа) - Идээний дээж болсон амтат хатан айраг сархадын зүйлийг өргөж г‎энэ. Хуримын ерөөл., айраг цэгээ [хоршоо] (айраг), тараг айраг ~ айраг тараг [хоршоо] (исгэж, бүрж болгосон ундаа) - Талын сайхан хөндийд нь танхил хөхөө донгодно, тансаг зуны улиралд нь тараг айраг бялхана. С.Цоодол. Ардын дуунууд., шар айраг (гол төлөв арвай, мөн улаан буудай, эрдэнэшиш, тутарга гэх мэтийг исгэж, зөрөг цэцгээр амт үнэр, охь нэмсэн нэг төрлийн согтууруулах ундаа), айргийн ган (айргийн торх), айргийн торх ‍(айраг цэгээ зэргийг агуулахаар хийсэн босоо их модон сав), айргийн тууш (цэгээ уухад хэрэглэх тусгай аяга), айргийн тав (хурдан морины уралдаанд эхэнд давхиж ирсэн таван морь) - Алаг даага нь айсуй харагдлаа, айргийн тавтай зуузай дарлаа. Д.Пүрэвдорж. Шарлингийн Хар Хас.  гэх мэт.

Оллоо.мн