Жоомнуудыг химийн хороор устгах боломжгүй болсныг эрдэмтэд туршилтаар тогтоожээ
2019/07/06
Хүнтэй ойр амьдардаг шавьж болох жоом нь химийн ямар ч хоронд үхдэггүй дархлаатай болсныг АНУ-ын Пердью их сургуулийн судлаачид туршилтаар тогтоожээ.
Тэд хамгийн түгээмэл байдаг Герман жоомны (Blattella germanica) төрөл дээр туршилт явуулсан тайлангаа Scientific Reports сэтгүүлд нийтлүүлсэн байна.
Жоомнууд шинэ гаргасан химийн хоронд нэг үе өнгөрсний дараа дасан зохицож, дархлаатай болж байжээ. Туршилтад оролцсон эрдэмтэд өмнө нь дасан зохицох үйл явц ийм хурдтай явагдаж байсныг хараагүйгээ гайхан ярьсан байна.
Пердью их сургуулийн лабораторид болон Иллиноис, Индиана мужуудын хэд хэдэн барилгын жоомнууд дээр олон янзын химийн хороор туршилтыг явуулсан байна.
Цаашдаа химийн хороор жоом устгах арга найдваргүй болж, зөвхөн урхи, тоос сорогчоор цуглуулаад механикаар устгах арга үр дүнтэй болсныг уг туршилт харуулжээ.
Туршилтад ашигласан Герман жоом нь амьдралынхаа туршид 400 орчим өндөг гаргадаг бөгөөд төрөл бүрийн халдварт өвчний нян тараах, ялгадас, биеийн үлдэгдэл нь харшил үүсгэх муу нөлөөтэй байдаг