ЮНЕСКО-гийн соёлын өвд шинээр бүртгэгдсэн 7 газар
2019/07/14
НҮБ-ын боловсрол, соёл хариуцсан хамгийн том байгууллага ЮНЕСКО-гийн 43 дахь хуралдаанаар Канад, Чех, Герман, Өмнөд Солонгос, Мьянмар, Польшийн нийт долоон газар нутгийг шинээр бүртгэжээ. Дээрх газруудад неолитын үеэс аваад орчин цагийн бүтээн байгуулалтын эрин хүртэлх хүн төрөлхтний соёл өвөрмөц агуулгаараа хадгалагдан үлдсэн тул дээрх жагсаалтад оруулахаар болсон байна. Манай цахим хуудас та бүхэнд Дэлхийн соёлын өвөөр шинээр бүртгэгдсэн долоон газар орныг танилцуулж байна.
Мьянмар улс, Баган хот
Эртний Бирмийн соёл нэвт шингэсэн Аиеярвади голын сав газар болох Баганын хөндийн соёлыг ЮНЕСКО дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэжээ. Зүүн өмнөд Азийн эртний барилга архитектурын өвөрмөц онцлог Баганын хөндийд хадгалагдан үлдсэн байна. Баганын соёлын өв нь найман хэсэгт тус, тусдаа өөрийн он цаг бүхий сүм, мөргөлийн газар, фресконууд бий. Баган үндэстний тусдаа төрт улс бүхий ханлиг уг хөндийд 11-13 дугаар зууны үед аж төрж, хөгжил цэцэглэлтийнхээ оргилд хүрч байжээ. Буддын шашин бүхий Баган үндэстэн тухайн цаг үед айлсан хөгжиж байсан улс үндэстнүүддээ бүтэн гурван зууны туршид эзлэгдэж байгаагүй хүчирхэг үндэстэн байсан юм.
Тухайн бүс нутаг газар хөдлөлтийн идэвхтэй тул 20 дугаар зуунд дөрвөн удаа, 21 дүгээр зуун гарснаас хойш гурван ч удаа газар хөдлөлтөд өртөөд байна. Энэхүү газар хөдлөлтийн улмаас 450 гаруй эрт цагийн барилга байгууламж цуурч, ихээхэн эвдэрсэн юм. Улмаар Мьянмар улсын Засгийн газар 2018 оны долоодугаар сард Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр хүсэлтээ өгч байсан юм.
Өмнөд Солонгос, Солонгосын шинэ Күнзийн сургуулиуд
Өмнөд Солонгосын төвийн болон өмнөд хэсэгт Жосон гүрний үед түгсэн “Сеовон” буюу шинэ Күнзийн сургуулиуд Дэлхийн соёлын өвийн жагсаалтад багтаад байна. Жосон гүрний дунд үед Жосоны язгуур угсаа, төрийн албаны бүхий л шатанд Шинэ Күнзийн үзэл баримтлал хүчтэй тархаад байлаа. Улмаар Жосоны Засаг захиргаа, ихэс дээдсийн зарлиг тушаалын дагуу тус бүрдээ 10-50 цаашлаад 200-500 хүнд Күнзийн үзэл түгээх сургуулиудыг барьж байгуулж байсан юм. Күнзийн үзлийг оюун санаанд нь бүрэн таниулахын тулд хайрхан уулсын бэлийг түшиглэн барьж байсан дээрх сургуулиуд нь цэцэрлэгт хүрээлэн, номын сан бүхий соёлын цогц, бие даасан салбар нэгж байжээ. Хятадаас орж ирсэн энэ соёл Солонгосын ард түмэнд нэвтрэхдээ өвөрмөц салбар судлагдахуун болон хөгжсөн юм.
ЮНЕСКО дээрх сургуулиудыг бүртгэхдээ Гёнсанбук, Гёнсангнам, Жеолланам, Дегу, Чунчонгнам дахь нийтдээ есөн салбар сургуулийг Дэлхийн соёлын өвийн жагсаалтад багтаасан байна.
Канад улс, Бичигт чулуу (Айсинай Пи)
Дэлхийн соёлын өвийн жагсаалтад шинээр бүртгүүлсэн энэ газар нутаг Канадын хамгийн умард хэсэгт АНУ-тай хиллэх хилийн ойролцоо байдаг. Сүүн голын хөндийн соёлд хамаарах эртний чулуун бичээс бүхий цогц газар юм. Шохойн чулуун болон элсэрхэг хад асган дээр байгалийн үзэсгэлэн, тухайн цагийн цаг уур, нийгмийн байдлыг дүрсэлсэн олон арван бичээс бий. Эрдэмтдийн тооцоолсноор МЭӨ 1800-аад оны үед дээрх соёлын дурсгалыг бичиж эхэлсэн юм. Тухайн газар оронтой холбоотой домог, үлгэрийг уулгалан довтлох бусад овог аймагт зориулан чулуун дээр сийлэн үлдээсэн гэж эрдэмтэд таамагладаг.
Чех болон Герман улс, Эржбирг/Крушнохоригийн уурхай
Чехийн баруун хойд хэсэг, ХБНГУ-ын зүүн өмнөд хэсэгт Эржбирг/Крушнохоригийн уурхай оршдог. Дундад зууны дайчин угсааныхан энэ газарт их хэмжээний эрдэс баялаг байгааг мэдэн өөр хоорондоо тэмцэлдэн байж үнэт металл тэр дундаа алт, маргад эрдэнэ, зэс, мөнгө зэргийг олборлодог байжээ. Ялангуяа Европын хэд, хэдэн овог аймаг 1460-1560 оны хооронд бүтэн зууны туршид мөнгө олборлож, баяжуулдаг байсан нь баримтаар тогтоосон. Тухайн үедээ технологийн шинэ тутам хөгжиж буй ололт амжилтыг дээрх уурхайн олборлолтод нэвтрүүлж байсан нь өдгөө ч эрдэмтдийн судалгаа хийх гол сурвалж болоод байна. Тэр дундаа усны суваг,мөнгийг усаар угаах арга, байрлан нэг бүлэг болж ухдаг байсан зэрэг нь өдгөө ч уул уурхайн салбарт ашиглагдаж буй. Хэдийгээр Оре уулын урд болон хойд энгэр 800 жилийн өмнөхөөс эрс өөрчлөгдсөн ч уул уурхайг эдийн засгийн зориулалтаар ашиглаж байсан анхны уурхайд тооцогдох тул ийнхүү соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн байна.
Бүгд найрамдах Чех улс, Кладбюри над Лабемын морь сургах төв
Элба голын эрэгт орших Штредный Полаби нь Ариун Ромын Эзэнт гүрний морь сургах гол газар байжээ. Үзэсгэлэнт барилга байгууламж, тусгайлан зассан ургамал, туялзуур сэлэм сургах төв, морь сургах талбай зэрэг нь олон жуулчдын анхаарлыг татдаг. Ялангуяа язгуур угсааны арга хэмжээнд ашиглагдаж, торгон цэргийн гол “бамбай” болсон морьдыг энэ газарт адгуулан сургадаг байжээ. Түүхчдийн тодорхойлсноор 1579 онд морь сургах талбайг яг энэ газарт ашиглалтад оруулсан байна. Энэ газар орон одоо ч морин уралдаан тэмцээний гол төв байсаар байна.
ХБНГУ, Аугсбург хотын усан хангамжийн систем
ХБНГУ-ын Аугсбург хотод өнөө хэр нь ашиглагдсаар буй усан хангамжийн систем тэртээ 14 дүгээр зуунд анх хэрэглээнд нэвтэрчээ. Уг байгууламж 17 дугаар зуун гэхэд өнөөгийн дүр төрхөө бүрэн олсон байна. Усны сүлжээ, нэгдсэн агуулах байр, хаягдал усыг ангилан ялгах өөр суваг зэрэг нь тухайн цаг үедээ Европын хамгийн цогц усны системд тооцогдож байсан юм. 17 дугаар зууны сүүл гэхэд хөдөлгүүрийн тусламжтайгаар хүйтэн усаар хангах зэрэг өнөөгийн бидний мэдэх технологийг нэвтрүүлсэн байна. Улмаар 18 дугаар зуунд усны системээ цахилгаан станцтай холбосноор халуун, хүйтэн усаар бүрэн хангах болжээ. Усан цахилгаан станцын анхны хэлбэрт ч энэ хотод үүссэн гэж үздэг. Орчин цагийн эрчим хүч, төвлөрсөн хангамжийг нэвтрүүлсэн гэж үзэн ийнхүү Дэлхийн соёлын өвд бүртгэсэн байна.
Польш улс, Цахиур олборлох эртний уурхай
Польш улсын Швиетокришк, Крземионки хотын нутагт Неолитээс Хүрэл зэвсэгт шилжих зааг үе буюу МЭӨ 3900-1600 онд хамаарах дөрвөн уурхай бий. Энэ нь тухайн цаг үед цахиур чулуу олборлох, судалт мана үйлдвэрлэх томоохон төв байжээ. Засаж бэлдсэн цахиур чулуу, хэлбэрт оруулсан мана зэрэг түүхийн олон арван эд өлгийн зүйл энэ газарт хадгалагдаж байна. Түүнчлэн цахиур олборлохдоо ашиглаж хэрэгсэл ч энэ газраас илрээд байна. Түүнчлэн өнөө цагт ч ашиглаж буй тусгай суваг ухан гүн рүү нэвтрэх хэд, хэдэн хонгил ч илэрчээ. Цахиур чулуу олборлон, гоёлын мана үйлдвэрлэж эхэлсэн түүхэн цаг үед хамаарах энэ газар нь европын нутаг дэвсгэрт маш цөөхөн тоогоор илэрсэн байдаг.
news.zindaa.mn