Бямбын Ренчингийн хүү академич Р.Барсболдын гэрт зэвсэгтэй этгээдүүд халджээ
2019/07/18
- Р.БАРСБОЛД: ХЭРЭГ ЮУ БОЛЖ БАЙГАА ТАЛААР ЦАГДАА НАР ТАГ ЧИГ БАЙНА -
Их зохиолч Бямбын Ренчин гуайн хүү Монгол Улсын төрийн соёрхолт, академич Р.Барсболдын гэрт зэвсэгт этгээдүүд халдсан хэрэг энэ сарын 10-нд гарчээ. Хоёр этгээд Р.Барсболд гуайг эхнэрийнх нь хамт хагас цаг орчим хутга тулган сүрдүүлжээ. Уг ноцтой хэргийн талаар академич Р.Барсболдтой ярилцлаа.
-Баяр наадмын урьд өдөр хэрэг явдал болсон байна. Чухам юу болсон талаар эхлээд ярьж өгөхгүй юү?
-Тэр өдөр 20:00 цаг болоогүй байсан байх. 19:25 цагийн орчим болов уу. Нар жаргаагүй байсан үе. Эхнэр бид хоёр хүүгийн байранд түр ирээд байсан. Байрны хоёр давхарт эхнэртэйгээ хоолоо идчихээд гал тогоо орчим эргэж байгаад эргээд хартал нэг залуу зогсч байна. Гэрийн хүн маань бие жаахан муутай. Сайн анзаарахгүй байгаа бололтой. Уг нь модон шатаар дээш гарч ирэхэд сонсогддог. Гэтэл ерөөс мэдэгдэхгүйгээр гараад ирчихсэн зогсч байна. Би бодохдоо “Манай хүүхдүүдийн танил юм байх” гэтэл нүүрээ хаасан багтай юм. Зориулалтынх биш, хэрэглэсэн муухан өнгөтэй марлиар нүүрээ хаагаад боочихсон бололтой. Надаас 5-7 см орчим өндөр, нэлээд чийрэг биетэй. 25-30 орчим насных болов уу гэмээр. Гэтэл цаана нь шатан дээр өөр нэг хүн зогсч байна. Бас нэг даавуугаар нүүрээ хаачихсан, саравчтай малгайтай. Лавлаад хартал хоёулаа том хутга барьчихаж. 20 орчим см том хутга юм. Наад талын нөхөр хэлж байна. “Та битгий тэвдээрэй” гэлээ. Эхнэр маань хажууханд байсан. Тэд хаана ямар өрөө байгааг мэддэг юм шиг, эхнэр бид хоёрыг булангийн өрөө рүү оруулчихаад нэг нь даруй гүйгээд гарлаа. Дээр, доогуур юм авахаар онгичиж байгаа бололтой. Нөгөө нөхөр нь бидний өмнө том хутгаа чиглүүлээд манаад зогслоо. Би “Монгол ч баларч байгаа юм байна даа” гэхэд хутга барьсан нөхөр хариуд нь “Та Монголыг тэгж хэлээд ч яахав дээ” гэсэн утгатай зүйл хэлж байна. Гэрийн хүн маань ч ойлгосон юм алга. Хараа, сонсгол муутай хүн. Таньдаг хүн ирсэн гэж ойлгоод байх шиг байна. Тэгэхэд тэр залуу “Танд ямар ч хохирол учруулахгүй” гэсэн. Би “Та нар аль эрт хохирол учруулчихлаа. Орж ирэхдээ гал тогооноос том хутга барьж ирээд биднийг нэг өрөөнд оруулж ирээд хутга тулгаад зогсч байгаа чинь хохирол биш юм уу” гээд хоёулаа бүр ярьж эхэллээ.
-За...
-Би ч бодлоо. Надад ийм тэгш биш байдлаар ярилцахад хэцүү юм. Жишээ нь, би тийм хутгатай байсан бол ярьж болох байсан. Дээр нь бид насны сүрхий ялгаатай, жингээрээ надаас хоёр дахин том. Тэднийг харахад тийм ч муухан хүмүүс биш бололтой. Өмссөн хувцас хунар нь сайн байсан. Нэг нь улаан шорттой. Яриа нь хотын хүний шинжтэй, нүүр байдлын хувьд ч тэр. Дөхөж очоод нүдийг нь сайн харъя гэтэл “Та битгий ойрт” гээд сэрэмжлээд байгаа юм, золиг чинь.
-Та хоёулхнаа л байсан хэрэг үү. Хүүхдүүд тань байгаагүй юу?
-Байгаагүй. Урд байшин хүүгийнх. Тэд гэртээ байсан. Бид хоёулхнаа. Тэр үед би бодож байсан. Гарт баригдах юм алга. Өшиглөе гэхээр би шаахайтай. Хатуу гуталтай бол оновчтой өшиглөвөл болох л юм. Эсвэл нүд рүү нь хуруугаараа хатгая гэж бодохоор хуруу маань үеэрээ өвдөөд байдаг талтай. Чадахгүй оролдвол шал дэмий юм болно. Бас тэр өрөөнд уг нь манай хүүгийн хуучны сэлэм байдаг юм. Түүнийгээ бодоод сэлэм рүүгээ жаахан дөхөсхийх санаалтал нөгөө нөхөр сүрхий ажигч “Та сэлэм рүү дөхөөд байна. Хэрэггүй дээ” гэж байна. Тэгээд нөгөө залуугаа дуудлаа. Тэр нь орж ирээд өрөөнд байсан гялгар уут аваад миний компьютер, бас нэг цахим хэрэгсэл, мөнгөн аяга зэргийг хийж байна. Тэгэхээр нь би “Наад компьютерт чинь ажлын холбогдолтой нэлээд хэрэгтэй зүйлс бий. Өгмөөргүй л байна даа” гэхэд “Та тэгвэл хуруундаа байгаа алтан бөгжөө өг” гэлээ. Надад дурсгалаар ирсэн үнэтэй зүйл учир бас татгалзсан. Тэгсэн чинь “Танд мөнгө байна уу” гэсэн. Дээд давхарт түрийвчинд хэдэн төгрөг байгаа” гэхэд “Гараад аваад өг” гээд эхнэрийг өрөөнд ганцааранг нь үлдээчихээд намайг дагуулаад дээш гарлаа. Тэр нөхөр бүх юмыг их сайн мэдэж байсан болов уу гэмээр. Эхнэр үлдээд хэн нэгэн рүү холбоо барьж тэднийг барьж өгнө гэж эмээхгүй байсан. Угаас тийм үйлдэл хийх боломжгүй гэж мэдсэн бололтой байсан. Түрийвчинд маань баярын хоол хүнс авахаар хадгалчихсан байсан 100 гаруй мянган төгрөг байснаас гаргаж өгсөн. Хоёр давхарт бууж ирээд “Компьютерийг чинь танд үлдээе” гээд гаргаж тавьчихаад гараад явцгаасан. Яг тэр үед 20:00 цаг дөнгөж өнгөрч байсан. Тэр даруй хүү Лигдэн рүүгээ утасдлаа. Манай урд байшинд байдаг. Дороо гүйгээд ирлээ. Уг нь хаалган дээр бариад авах боломж байсан. Бодвол машинтай байсан байх. Дороо л сураггүй болсон байсан. Тэд гарахдаа нэг хутгаа доод давхарт, нөгөө хутгаа зүлгэн дээр хаячихсан байсан.
-Тэдний авсан зүйлс мөнгө л байсан уу. Өөр юу ч аваагүй гэж үү?
-Тэр хэдэн төгрөг, бас миний нэг муу цагийг л авсан байсан.
-Тэгээд цагдаа дуудсан уу?
-Тэгсэн. Манай цагдаа нар яаралгүй ирдэг юм билээ. Цагдаа нар ирээд надаас асуусан. “Тэр этгээдүүд бээлийтэй байсан уу” гээд. Тэд бээлийгүй байсан. Гарынх нь мөр олон газарт байж таарна. Хутган дээрээс гадна онгичсон бүхий л газарт үлдсэн байх ёстой. Бодвол тэдгээрийг баримтжуулж авсан л байх. Түүнийг зэвсэг хэрэглэсэн дээрэм гэж хэлэхээс аргагүй. Хулгай байсан бол би цагдаад бараг мэдэгдэхгүй ч байсан байх. Тэртэй тэргүй олохгүйгээс хойш. Тэгэхэд тэр бол онцгой юм л даа. Нийгэмд аюултай асуудлын нэг болов уу гэж бодож байна. Тэр нөхөд цагийг маш сайн тооцоолсон байсан. Хүү гэрээсээ хэзээ манайд орж ирдэг, хэзээ гардаг. Ард нь хэн үлддэг гээд л. Дараа нь надад хоёр зүйл бодогдож байсан. Доод давхарт хутга байгаагүй бол тэд юу барьж орж ирэх байсан бол. Эсвэл биедээ хутгатай, эсвэл өөр зэвсэгтэй байсан байх. Хоёрт, тэр үед урд байшингаас Лигдэн ороод ирсэн бол юу болох байсан бол гэж. Эвгүй л зүйл болох байсан болов уу.
-Тэгэхээр та зохион байгуулалттай, сайн судалсан хүмүүс халдсан гэж үзэж байна уу. Магадгүй таныг палеонтологич болохоор үлэг гүрвэлийн үнэтэй эд, зүйлс гэрт тань хадгалаастай гэж бодсон юм болов уу?
-Зохион байгуулалттай л гэж бодож байна. Би тэднээс асуусан. “Та нар юу эрээд байгаа юм бэ. Энд би байдаггүй. Энд юу байгааг би мэдэхгүй” гэсэн. Хариу хэлээгүй. Тэнд сүрхий их алт, мөнгө гэх юм байхгүй нь баттай. Яагаад гэвэл эзэд нь олон сараар гадаадад явсан учраас гэртээ үнэт зүйлс үлдээхгүй нь мэдээжийн хэрэг. Дараа нь хүү маань ч тэгж хэлж байсан.
-Тэд бас хэн нэгэн рүү утсаар ярьж байсан гэв үү?
-Надад тэгж бодогдсон. Утас гаргаж ирээд яриагүй л дээ. Чихэвчээр ярьж байна уу даа гэж сонсогдсон. Гараа чихэндээ аваачаад аман дотроо ярих шиг болсон. Хоёр, гурван үгийг англиар хэлсэн. Би хоёр гурван метрийн зайтай зогсч байсан учраас сайн сонсогдоогүй. Гэхдээ би андуурсан ч байж болох. Батлах юм байхгүй.
-Тэр явдлаас хойш долоо хоног өнгөрч байна. Ажлын өдрүүд ч эхэлчихлээ. Цагдаагаас холбогдож хэргийн талаар тодруулж байна уу. Эсвэл та нарыг дууддаг ч юм уу?
-Үгүй. Тэр үед өргөдөл бичүүлж ч аваагүй. Өнөөдөр л би өөрөө бичиж байна. Манай цагдаа нар чинь хуучны зөвлөлтийн зохион байгуулалттай. Өөрөөр хэлбэл, муу зохион байгуулалттай гэсэн үг. ЗХУ-д цагдаагийн байгууллага нь “Милиция” байснаа “Полиция” болж байсан түүхтэй. Оросууд бол тэр үед маш сүрхий шүүмжилж бичиж байсан. Хувцас, нэр солигдсон ч хүмүүсийн арга барил, сэтгэл санаа, зүтгэл бүх юм нь хуучин хэвээрээ байна гэж байсан. Манайд ч ялгаагүй. Түүгээр ч барахгүй цагдаагийн байгууллага бүрт сэтгэхүйн чиглэлийн эмч байх ёстой гэдэг. Яагаад гэвэл сэтгэхүйн хувьд сулавтар олон хүн, хуучны хэллэгээр хөдөлмөрч, бүтээлч ажил хийж чадахгүй хүн цагдаад ороход ашигтай. Муугүй цалинтай, хувцас хангамжтай, зэвсэгтэй, хүнийг баривчлах эрх мэдэлтэй, торгох эрхтэй.
-Та цагдаагийн байгууллагад жаахан шүүмжлэлтэй байна уу даа. Тэр хэргээс хойш тантай холбогдоогүй хэрэг үү?
-Үгүй. Уг нь зөвлөлтөд байдаггүй юм. Манай цагдаа нарт байдаг дургүйцмээр нэг зан бий. Тэд телевизээр тунхаглан зарлаад байдаг. Халаасны хулгайч нэмэгдээд байна, болгоомжтой байгаарай, үүдээ хааж байгаарай гэж тунхаглан зарлагч болчихоод байна. Уг нь цагдаа бол ажиллах ёстой. Тэр хулгайчийг барьж авахгүй юу. Өдий төдий арга байгаа.
-Танай байрны дэргэд Куба улсын Элчин сайдын яам байдаг юм байна. Хамгаалалт өндөртэй газарт өдрийн цагаар зэвсэгтэй хүмүүс халдаж байгаа нь сэжигтэй байна?
-Би ч тэгж бодож байна. Кубын Элчингийн хашааны хаалган дээр “24 цагийн турш камертай” гэсэн бичиг байдаг. Шал худлаа, камер байдаггүй. Энд тэнд дэлгүүр хоршоонд камертай гэдэг худлаа байдаг байх нь ээ гэж боддог. Монголд юу нь сайхан тэр сайхан шүү дээ. Харин тэр орчмын айлынхан ажигласан байсан. Нэлээд сэрэмжтэй улс байдаг юм байна. Тэд хараад манай гэрээс улаан богино өмдтэй хоёр залуу гараад явж байсан гэж хэлсэн байдаг.
-Таны ярьснаар тэр хүмүүсийн байр байдал, яриа зэргээс харахад шунахайн сэдлээр дайрч орсон гэж ойлгогдохгүй байна. Магадгүй танд, танай хүүхдүүдийг сүрдүүлэх гэсэн өш хонзонгийн сэдэл байсан юм болов уу?
-Байж болно. Тэр тусам тэр байрны эзэн хүүгийн маань эхнэр дипломат хүн. Манайд Элчин сууж байсан. Яахав, тэр дээрэмчний үг бүрт итгэж болохгүй л дээ. Гэхдээ тэр хүн надаас “Танд утас бий юү” гэсэн. Би “Байхгүй” гэхэд “Та тэгвэл ямар утсаар охинтойгоо ярьдаг юм бэ” гэлээ. “Надад охин байхгүй” гэхэд “Байлгүй яахав, энэ биз дээ” гээд хананд өлгөсөн зураг руу заасан. Хананд манай хүүгийн эхнэрийн зураг байдаг юм. Тэр бас намайг ямар ажил эрхэлдгийг асууж байсан. Магадгүй намайг таньж мэдэж байсан ч юм уу бүү мэд, уг нь би тийм сүрхий нэр алдартай хүн биш. 76 ухаантан биш шүү дээ. Тиймээс надад сүрхий мөнгө төгрөг ч байхгүй. Гэхдээ тэр байранд өмнө нь хулгай орж байсан юм. Харин ингэж хутга, шөвөг болсон нь сэтгэлд сэвтэй л байна. Ер нь энэ нийгэмд юу ч болж мэдэх юм байна. Буутай ч явж мэдэх нь. Одоо жаахан бэлтгэлтэй байхаас аргагүй болж байх шиг байна.
-Таны бие гайгүй юу?
-Би тэр үед нэг их айгаагүй. Ер нь монгол хүн хаана ч байсан эрсдэлтэй болж байна уу даа. Түүнээс хойш би хашир болж байна. Хаалга тогшихоор хэн бэ гэж хардаг болсон. Үүдэндээ алх шиг юм тавьчихлаа. Хэрэг болж юуны магад.
Б.ЭНХЗАЯА
Зочин · 2019/07/22
Bodvol ene hogshnii 90d ond gargasan oldvoruudyn mongiig haisiim bolovuu
Зочин · 2019/07/19
Чи л хулгайч бн да
Zochin · 2019/07/19
Tsagdaa nar bayn.mungetei.bossuudad uhehe medehgui zutgene.Engiin ydarsan arduudad uilchlehguie.Bayngoliin tsagdaa nar ilt hulgain hergiig ogt toohgui .hun n belen bhd duudaj asuugaachgui orhison.2007 ond ter buduun baitsaagch eglee ireed us tsai erguuleed .hohirson huniig ch avch heltsedgui buduun gahai bsan da.Sanaanaas gardaggui.TZ surguuliin baruun taliin tsagdaa.
К · 2019/07/19
Хилээр гаргасан батаарын менге хайгаад л
T · 2019/07/19
Sonin umaa
Зочин · 2019/07/19
Монголын түүхэн хүний үр сад руу халдахаас ичдэггүй хогийн гарууд вэ? Ухаант аавын ухаант хүүгийн сэтгэлийг шархлуулсан тэдгээр хүмүүсийн гар нь тасарч унаасай. Хэрэв компьютерийг нь авсан бол би бүүүр аймаараар хараах байлаа. Эрдэмтэн хүнд тэрнээс чухал юм байхгүйг ойлгоод үлдээсэн байгаад нь бас ч баярлаж байна
DR. UROLOGIST · 2019/07/18
Зочин · 2019/07/18
Odoogiin ene niigem humuusiin yos surtshuunaas uneheer ichij bn.mgliin ireedui .....
зочин · 2019/07/18
цагдаа нар ичиж үхээчээ. чадваргүй хүмүүс гэдэг нь яг үнэн. хулнай байтугай айлын зуудаг нохойны хэргийг аятайхан бүртгээд авчих чадваргүй хүмүүс. өмхий мануухайнуудын цалин тэтгэврийг хасвал таарна.
Зочин · 2019/07/18
Монголын цагдаад л жинхэнэ авилгал нүүрлэсэн шүү дээ, дээрээс мэдсэн ч мэдээгүй юм шиг байдаг, Нямдорж байгаа цагт цагдаа шинэчлэгдэхгүй юун зөвлөлт систем, тэрнээс долоон дор байгаа, цагдаад ажилладаг олон сайхан залуусыг уг нь өөр дарга нар бол орчин үеийн арга барилд сургана даа.. даан ч манай энэ хэд үнэхээр бойтог.. яана даа
наран · 2019/07/18
Та хоёр минь эрүүл энх байгаарай.
Зочин · 2019/07/18
Манай цагдаагийн байгууллагууд ч дээ, зар мэдээ түгээгч, хэвлэн нийтлэгчид л болоод байгаа шүү. Телевиз, радио, хэвлэл мэдээллийн байгууллага юм уу гэж андуурмаар. Цаг үргэлж телевизийн дэлгэцнээ...
Зочин · 2019/07/18
Цагдаа бол сонирхолоороо ажилладаг тохиролцохыг хүлээнэ үгүй бол өөрөөр. Цагдаад л цэвэрлэгэээ хиих нь зүйтэй