“Их хурд 8”-д Б.Нямжавын хээр азарга түрүүллээ
2019/07/20
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор Хүй долоон хутагт зохион байгуулж буй шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдааны хурдан азарга дөнгөж сая барианд орлоо.
Тус наадмыг энэ жил “Монгол туургатны морины өв соёлын наадам” нэртэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд Монголын Морин спорт уяачдын холбооноос түрүү морийг “Ланд 200” автомашинаар байлах бол унаач хүүхдийг нэг өрөө байраар урамшуулахаар болсон юм.
Түрүү магнай: Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хээр азарга
Аман хүзүүнд: Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Ононгийн Батбилэгийн хүхээ халзан азарга
Айргийн гуравт: Сэлэнгэ аймгийн Баян-Уул сумын уугуул Т.Төрмөнхийн буурал азарга
Айргийн дөрөвт: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга
Айргийн тавд: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул Д.Ганхуягийн хээр азарга хурдаллаа.
Шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаанд улс, аймгийн наадамд эхний 10, сум, дүүргийн наадамд айргийн тавд орсон морьд оролцоно. Монголын 21 аймгийн шигшмэл хурдан морьд уралддагаараа онцлог наадам юм.
Б.Нямжавын хээр азарга нь өнгөрсөн хавар болсон "Дүнжингарав-2018" уралдаанд мөн түрүү магнайнд ирж, унасан хүү, уяач эзнээ баярлуулж байсан хурдан буян билээ.
8 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг уралдааны хамгийн гол онцлох үйл явдал нь түрүү морины унаач хүүхдүүддээ орон сууцаар шагнахаар болсон явдал юм.
ММСУХ-ноос гаргасан энэхүү шийдвэр нь жил бүр яригддаг унаач хүүхдүүдийг орхигдууллаа гэдэг асуудалд анхаарлаа хандуулж, шинэ жишиг тогтоож буй бөгөөд өмнөх уралдаануудыг нэг өдөрт багтаан хийдэг байсан бол энэ удаа Шигшмэл хурдан морьдыг шалгаруулах Их хурд-8 уралдаан, Монгол туургатны морьтны соёлын наадам гэсэн өргөн хүрээнд хоёр өдөр зохион байгуулах боллоо. Ингэхдээ Морьтны соёлын наадмыг сум, аймаг, улсын хэмжээнд гэсэн гурван үе шаттай зохион байгуулагдах юм.