Улсын аварга Э.Оюунболдын цолны наадам ирэх наймдугаар сард болно
2019/07/20
Энэ жилийн үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж улсын аварга цол хүртсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын залуу аварга Э.Оюунболдын аварга цолны наадам ирэх наймдугаар сард болно.
Хэнтий аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс түүнд таван өрөө байрны түлхүүрийг мялаалга болгон гардуулсан юм. Харин нутгийн ард түмэн аваргын наадмаа тэсэн ядан хүлээж суугаа аж.
Энхтөгсийн Оюунболд 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар зургаа давж улсын харцага, 2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан цол хүртсэн билээ.
Энэ нь 1963 оны Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэр сумаас түрүү бөх тодорсон тохиолдол болсон юм.
Түүний амжилтын буухиа үл тасран Хэнтийчүүдийнхээ итгэл найдварыг тээсээр Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлж, Монгол Улсын Аварга Цол хүртлээ. Хан Хэнтийчүүд ийнхүү 30 жилийн дараа Монгол Улсын Аваргатай болов.