Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг ирэх сараас үргэлжлүүлнэ
2019/07/24
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын барилгын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлж 2021 онд ашиглалтад оруулах шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргалаа.
Мөн Засгийн газрын шийдвэрийн дагуу төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг "Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтэц, барих, ашиглахад шаардагдах хөрөнгийг тухай бүр техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
"Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцааны 66 хувийг "Эрдэнэс Тавантолгой” ХК, 34 хувийг "Монголын төмөр зам” ТӨХК эзэмших юм. Олон жил яригдсан дээрх чиглэлийн төмөр замыг тогтоосон хугацаанд нь барьж ашиглалтад оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд, агентлаг, компанийн удирдлагуудад онцгойлон анхаарууллаа.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн экспортлох боломжтой. 2013-2015 онд замын доод бүтцийн ажлын 51.8 хувь, газар шорооны ажлын 86.6 хувь, гүүр, хоолойн ажлын 52 хувийг хийж гүйцэтгэсэн. Гэсэн ч санхүүжилтгүйн улмаас 2015-2018 онд ажил нь зогсоод байсан юм. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд өртөг нь тонн тутамд 30-32 ам доллар байдаг. Төмөр замтай болсноор үнэ хоёр дахин буюу 14.9 ам.доллар болж буурах юм.