Эрүүл мэндийн сайдын санаачлагаар “Амьдралын зөв дадал хэвшил энгийн зүйлээс эхэлнэ” өглөөний алхалт – өглөөний цай арга хэмжээг өнөөдөр 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт зохион байгууллаа. Өглөөний 07:00 – 09:00 цагийн хооронд нийт 2,8-3 км буюу 10 мянган алхмын зайд алхах энэхүү арга хэмжээг энэ жил анх удаа орон даяар зохион байгуулж буйгаараа онцлогтой. Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвал Төв аймагт болсон өдөрлөгт оролцсон юм. 

Тэрээр хэлсэн үгэндээ өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулж, хамт алхаж, нарны дасгал хийсэн та бүхэндээ эрүүл энхийг хүсье хэмээгээд , “Манай улсад хүн амын нас баралтын дийлэнх хувийг зүрх судас, чихрийн шижин, таргалалт, даралт ихсэх өвчин эзэлж байна. Бид эрүүл энх байхын тулд заавал үнэтэй эм хэрэглэх шаардлагагүй. Өвдсөнийхөө дараа биш өвдөхөөсөө өмнө эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй. Маш энгийн аргаар, дасгал хөдөлгөөнөөр бид эрүүл, чийрэг, аливаа эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж чадна. Идэвхтэй дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр зүрх судасны өвчнөөс 90 хувь, чихрийн шижин өвчнөөс 80 хувь урьдчилан сэргийлж чадна. Тэгэхээр ямар их нөөц, боломж бидний гарт байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Өглөөний алхалтыг хийх санаа Сүхбаатар аймгийн энгийн нэгэн иргэний хүсэлтээс улбаалан гарсан юм. Тэр хүн надад хэлэхдээ, “Монголчууд тэр дундаа залуучуудын дийлэнх хэсэг нь шөнийн амьдралтай болж, өглөөний нарыг мэдрэхээ больсон байна. Та Эрүүл мэндийн сайд учраас залуучуудыг өглөөний нарыг харуулдаг болох талаар арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэж байсан юм. Тиймээс өглөөний нар та бидний төлөө манддаг болохоор өглөө бүрийг өөрийн эрүүл мэнддээ зориулж эртлэн босч цайгаа уугаад нарны дасгал хөдөлгөөн хийж, алхалт, гүйлтээр хичээллэцгээе” хэмээн уриаллаа. 

alt

alt

Ингээд Төв аймгийн Зуунмод хотын иргэд Эрүүл мэндийн сайдтай хамт тус аймгийн Засаг даргын Тамгын газрын үүднээс эхлэн нийт 3,5 км алхсан юм. Түүнчлэн цугласан хүн бүрт зохистой хооллолт, архи, тамхины хор уршиг, хөдөлгөөний ач холбогдол, бухимдлаас ангижрах талаарх мэдээллийг багтаасан гарын авлагыг тараасан нь иргэдийн талархлыг хүлээж байсан.

Энэхүү үйл ажиллагаа нь зан үйлийн буруу дадлаа өөрчлөн хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэж, архи, тамхинаас татгалзан, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, амьдралынхаа туршид идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж эрүүл аж төрөх ухаантай иргэн төлөвшүүлэх зорилготой болно.

alt

alt

Дэлхий дээр жил бүр 36 сая хүн халдварт бус өвчний улмаас нас барж, бага болон дунд орлоготой орнуудын хүн амын хүн амын нас баралтын шалтгааны 80 хувийг эзэлж байна. Халдварт бус өвчин болох зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчлөл, хорт хавдрын өвчлөлийг хүн амын эрсдэлт зан үйл болох тамхи татах, хөдөлгөөний хомсдол, согтууруулах ундааны хэрэглээ, зохисгүй хооллолт зэрэг нь үүсгэж байна.

alt

alt