Монгол поп опера “Увертюра” хамтлаг  “Амьддаа бие биеэ хайрла” уран бүтээлээ дүрсжүүлсэн билээ.  Монголын  шилдэг яруу найраг бүхий энэхүү уран бүтээлээ тус хамтлагийнхан албан ёсоор дүрсжүүлэхээр  клипний зохиолын  санааны уралдаан зарлаад байгаа.  Энэ талаар   Монгол поп опера “Увертюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагваас цөөн зүйл тодрууллаа.  

-О.Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ хайрла” шүлгийг дуу болгосон олон уран бүтээлч байдаг. Танай хамтлаг ч саяхан дуулсан. Энэ дуундаа клип хийхээр үзэгч, сонсогчдоосоо клипний зохиол шалгаруулах гэж байгаа юм билээ. Одоогоор хэчнээн бүтээл ирээд байна вэ?          
-Түүний 23-хан насандаа бичсэн шүлэг монголчуудын хэдэн үед цээжинд нь уншигдах бүтээл болж гэж “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийг нь олон хүн ярьдаг. Энэ шүлгийг бид энэ онд хийх уран бүтээлийнхээ нээлт болгож сонгоод байгаа юм. Ийм сайхан дууг час гэсэн клиптэй болгох хэрэгтэй. Тэгэхийн тулд сонсогчидоосоо ч клипний зохиолын санаа авбал зүгээр юм уу гэсэн үүднээс дээрх уралдааныг зарласан юм. 
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй
Бүлээн усаар угаавал хэргүй... гэсэн монголын сайхан үг байдаг даа. Бүтээл бий болгох нь бид л болохоос биш өлгийдөж авах нь ард түмэн шүү дээ. Тиймээс тэдэнтэйгээ хамтарч байгаад сайхан клиптэй дуу болгох гэсэн юм. Одоогоор 20-иод зохиол ирээд байна. Сайхан, сайхан санаа авахаар зохиол ч ирсэн. 


- Хэдэн хүртэл зохиолоо хүлээж авах бэ?
-Энэ сарын 15 хүртэл. Харин маргааш нь албан ёсоор хэвлэл мэдээлэлээр хэн гэдэг хүний зохиол тэргүүлснийг нь зарлана.
- Түрүүлсэн хүнийг нь мэдээж шагнах байх...
- Тэгнэ. 300 мянган төгрөгөөр урамшуулна. Мөн манай хамтлаг болон “Дашбалбар” сангаас гарын бэлэгтэй.  

- Гэхдээ үзэгчид клипний зохиол гэхээр нэлээн хүндээр төсөөлж, мэргэжлийн хэмжээнд бичих хэрэгтэй гэж бодоод байх шиг...
- Харин тийм. Тиймээс би энэ талд бас залруулга өгье гэж бодлоо. Бид сонсогчдоосоо зөвхөн санаа л авах юм. Хүн амьддаа бие биенээ яаж хайрлах ёстой юм бэ гэдгийг хэдхэн өгүүлбэрээр ч болтугай дүрслээд бичхэд болно. Тэрийг нь манай хамт олон уншиж дэлгэрүүлээд бүрэн зохиол болгоод гаргах юм. 
- Та нар ямархуу зохиол байвал зүгээр юм гэж бодож байна вэ?
- Энгийн биш хэрнээ далд утгатай байвал зүгээр юм уу даа. Тухайн клипийг гарахаар хүмүүс үзээд “Нээрээ энэ үйл явдал өдөр бүр бидний амьдралд давтагддаг хэрнээ яагаад анзаардаггүй юм бол” гэж бодохоор илэрхийлэгдсэн байвал сайн. Ийм л зохиол явуулчихвал бид найруулагчидтайгаа хамтарч байгаад уран сайхнаар гаргачихна. Дуу, Бээжингийн оркейстор бэлэн байна. Зөвхөн гал ассан зохиолын санаа л хэрэгтэй. 
- “Амьддаа бие биенээ хайрла” дууг танай хамтлаг “Дашбалбар” сангаас албан ёсны зөвшөөрөл авсан уу?
- “Дашбалбар” сангийн тэргүүнээр яруу найрагчийн отгон охин Индра ажилладаг шүү дээ. Энэ хүн анх бидэнд “Аавын минь энэ сайхан шүлгийг та нар дуу болгооч” гэсэн санал тавьсан юм. Ингээд л бид дуулсан. 

- Цаг гарган тодруулга өгсөнд баярлалаа.

А.Баярмаа