Хүүхэд, залуучуудын гэсэн тодотголтой өмч бүхнийг булааж бизнес хийх явдал ардчилсан нийгэмд шилжснээр эхэлсэн гэхэд болно. Хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан газруудыг ресторан, баар болгоод зогсохгүй, жуулчны бааз, зочид буудал болгон хувиргажээ.

Өнөөдрийн байдлаар, хүүхэд залуучуудын гэсэн тодотголтой 150 гаруй барилга, байгууламж улсын хэмжээнд байдаг. Үүний 72 нь төрийн өмч, 75 нь хувийн болон олон улсын байгууллагын өмч, дөрвийг нь төр болон хувийн хэвшил хамтран эзэмшиж байгаа аж. Хүүхэд залуучууддаа хэзээ энэ бүхнийг буцааж өгөх вэ?

“ДРУЖБА” ЗУСЛАНГ “СОД МОНГОЛ” ГРУПП ЭЗЭМШИЖ ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАЖ БАЙНА Ингээд уншигч та бүхэндээ өмчлөгч нь өөрчлөгдсөн ч, хүүхэд залуучуудын зориулалтаар барьсан барилгуудын талаар сонирхуулья. Бидний олж мэдснээр Улаанбаатарын хэмжээнд 20 орчим барилга байна билээ. Тэднээс зөвхөн дөрвөөс тав нь л зориулалтаа хараахан өөрчилчихгүй шиг үйл ажиллагаа явуулж байгаа. Тодруулбал “Хүүхдийн урлан бүтээх төв”. Тус төвийн оронд Монголын анхны Пионерын ордон байрлаж байсан түүхтэй. 1962 онд Монголын пионерын ордонг Хятадын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан юм байна. Үүний зэрэгцээ, хэн нэгний мэдэлд очиж бизнес нь болсон олон газар байна. Тухайлбал, Хүүхэд, залуучуудын “Есөн эрдэм” төв анх 1986 онд Ажилчны районы Хүүхэд, залуучуудын сургалтын төв нэртэйгээр байгуулж байсан. Өнөөдөр “Онгод интернэшнл” компани эзэмшиж байгаа бөгөөд Эдийн засаг, бизнесийн дээд сургууль байрлан зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж буй. Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Шаргаморьтод байрлах хүүхдийн “Дружба” зусланг өнөөдөр “Сод Монгол” групп эзэмшиж зориулалтын бусаар ашиглаж байгаа аж.

 ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР Анх 1967 онд байгуулж байсан түүхэн газар болох Хүүхэд, залуучуудын театрт өнөөдөр зориулалтын бусаар ХААН банк байрлан үйл ажиллагаа явуулж байна. Хүүхэд залуучуудын театрыг 1991 онд менежментийн гэрээгээр хувьчилж, И.Нямгаваагийн эзэмшилд өгсөн байна. Харин И.Нямгаваа нь ХААН банкинд зургаан тэрбум төгрөгөөр зарсан гэдэг юм билээ. Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар “Нямгаваа энэ барилгыг аваад шууд л зарсан. Уг нь тэр барилгыг нь авсан болохоос биш Хүүхдийн театрыг түүнд хувьчилж өгөөгүй. Статус нь одоо хүртэл явж л байгаа. Гэтэл 50 жилийн түүхтэй Хүүхдийн театрын эд хөрөнгө, хаагуур алга болсныг бүү мэд. Тэр бүх хэл ажиллаж байсан хүмүүсийнх нь бичиг баримт устаад алга болсон. Харин ч тэр хүн Хүүхдийн театрыг устгасныхаа төлөө гавьяат зүтгэлтэн болоод явж байна” гэж ярьсан байдаг.

ХҮҮХДИЙН БАРИМТАТ КИНОНЫ ТЕАТР Хүүхдийн баримтат киноны театрт өнөөдөр зориулалтын бусаар Христийн “Хожмын үеийн гэгээнтний сүм” байрлан үйл ажиллагаа явуулж байна. Урьд нь энд “Ард” кино театр байрлаж байсан ч, эндээс нүүж шинэ байранд орсных нь дараа Хүүхдийн баримтат киноны театр нүүж орсон байна. Ер нь хүүхдийн байгууллага Христийн сүм болсон тохиолдол цөөнгүй байдаг.

ХҮҮХДИЙН СОЁЛ, СПОРТЫН ТӨВ А.И.Цэдэнбал-Филатовагийн шийдвэрээр 1983 онд “Хүүхдийн соёл, спортын төв” байгууламжийг барьж, МХЗЭ-ийн мэдэлд өгсөн байна. Энэхүү төв нь цагдаагийн байгууллагатай хамтарч, “хэцүү” хүүхдүүдийг хамруулан олон төрлийн дугуйлан хичээллүүлж, тэднийг зөв иргэн болгон төлөвшүүлэхээр зорьж байжээ. Гэвч дараа нь “Солонго” төв болгон нэрээ өөрчилж, ЕБС-ийн сурагчдыг хамруулан, хичээллүүлж эхэлжээ. Гэтэл 1997 онд “Монгени” сургууль орж, одоо хүртэл үйл ажиллагаа явуулсаар байна.

 

ЗАЛУУ ТЕХНИКЧДИЙН ОРДОН Залуу техникчдын ордныг “Гадаадын сургууль хөлсөлсөн нэртэй, залуучуудад өгөөж багатай байна” хэмээн шүүмжилж, хөдөлгөөн хүртэл өрнүүлээд байгаа. Уг нь хүүхэд, залуучуудын техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор 1975 онд байгуулж байсан. Гэтэл Залуу техникчдийн ордон өнөөдөр зориулалтын бусаар ашиглагдаж байгаа бөгөөд Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байрлаж, үйл ажиллагаа явуулж байна. Залуу техникчдийн ордонд 20 гаруй жилийн өмнө “Пионер” нэртэй Монголын анхны компьютер, “Мазаалай” нэртэй Монголын анхны автомашин бүтээгдсэн. “Хэрэм” микро мотоциклийг хүүхдүүд өөрсдөө бүтээж, түүнийгээ унаж давхидаг байж. Гэтэл одоо нисэх онгоц, авто загвар туршиж, уралдуулж байсан том хашаа талбайг нь хувийн байгууллагад зарж, нөгөө баячуул нь кафе, баар, цэнгээний газар, даатгал нэртэй том байшингуудыг хашаанд нь босгож эхэлсэн. Тиймээс энэ ордныг МХЗ өөрийн мэдэлдээ авч, менежментийн баг бүрдүүлэн цоо шинээр, зориулалтаар нь үйл ажиллагаа явуулахыг зорьж байгаа.

ХҮҮХДИЙН НОМЫН САН ГХЯ-ны баруун талд “Зориг” сангийн зүүн талд байсан. Одоо нураагаад газар дээр нь олон давхар барилга барьж байна

ЗАЛУУЧУУДЫН СОЁЛЫН ТӨВ 1987 онд тухайн үеийн МХЗЭ-ийн Төв хорооны харьяанд байгуулагдаж байсан Залуучуудын соёлын төвийн “А” корпус буюу хүүхдийн төрөл бүрийн тэмцээн уралдаан, урлагийн тоглолт болдог байсан тайз, их танхим бүхий хэсэгт өнөөдөр Нийслэлийн “Улаанбаатар” чуулга байрлаж байгаа.

 

 

ХҮҮХДИЙН “БАМБАРУУШ” КАФЕ Хүүхдийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаад, хамгийн түрүүнд хувьчлагдсан газруудын нэг нь “Бамбарууш” кафе. Тус кафе нь Төв номын сангийн хойхно талд байрладаг байсныг та бүхэн андахгүй мэдэх биз. Хүүхдийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан “Бамбарууш” кафед өнөөдөр зориулалтын бусаар “Downtown” ресторан байрлан үйл ажиллагаа явуулж байна.

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ОРДОН 1950-иод оны сүүл үед Эвлэлийн төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар Н.Дангаасүрэн гуай ажиллаж байх үед, Залуучуудын ордон барих, хөрөнгө хуримтуулах хөдөлгөөн өрнүүлсэн аж. Хөдөөгийн малчид, сургуулийн сурагчдаас эхлээд Залуучуудын ордонтой болохын тулд хөрөнгө өгч, 1950 оны сүүлчээр одоогийн Драмын театрыг барьж 1960 онд ашиглалтад оруулсан байна. Н.Дангаасүрэн гуай 1959 онд Эвлэлийн төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын ажлаа Ж.Пүрэвжав гуайд хүлээлгэж өгчээ. Ж.Пүрэвжав гуай барилга барихад дутсан хөрөнгийг нь дахин цуглуулж, Залуучуудын ордныг барьжээ. Одоогоор Залуучуудын ордонд Драмын театр, Хүүхэлдэйн театр байрлаж байна. Учир нь 1960-иад оны үед Монголын соёл урлагийн хэд хэдэн байгууллага, орон байргүй, хөлсний байр дамжиж явсан учраас Ю.Цэдэнбал гуай, Ж.Пүрэвжав даргад хандаад “Энэ байраа бидэнд өгчих. Соёлын байгууллагууд хэцүү байдалтай байна” гэж хүсчээ. Тиймээс энэ хүсэлтийг нь хүлээж аваад, Драмын театрыг оруулсан түүхтэй юм байна. Гэхдээ Драмын театрыг хүүхэд, залуучуудад зориулаагүй гэж хараахан хэлж болохгүй ч, Залуучуудын ордон гэдэг газар Монголд байхгүй болсныг санах хэрэгтэй биз.

 

 

ҮНДЭСНИЙ СОЁЛ, АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН 1966 онд байгуулагдсан Үндэсний соёл, амралтын хүрээлэн нь зориулалтын дагуу ашиглагдаж байгаа ч энд газрын маргаан дэндүү их. Дээр нь “Бодь”-ийнхны мэдэлд очсон болохоор, хүүхдүүдийг бус ашгаа бодож, нэг тоглоом дээр тоглох өртөг нь дэндүү өндөр. Үгүй ядахдаа л хүүхдүүд парк руу орохдоо 1000 төгрөг өгч байж нэвтэрдэг. Тийм болохоор дундаж давхаргын айл өрхийн хүүхдүүд паркт очиж тоглох боломж хомс. Уг нь энэ паркийг байгуулахад хотын залуучууд олон хоног субботник хийж байж босгосон юм гэдэг. Тухайн үеийн Орос, Германы залуус дэмжиж тусласан байна. Мөн зураг төслийг нь Эвлэлийн төв хорооны захилгаар Иванов гэдэг орос хүн ирж, манай зураг төслийн багийнхантай хамтран гаргасан байна. Гэтэл өнөөдөр тэр залуучуудад, тэдний үр хүүхэд зориулагдах бус, нэг байгууллагын бизнес болж хувирчээ. “Үлгэрийн ордон”, “Төөрдөг байшин” гээд түүх өгүүлсэн бүхэн нь алга болсон. Жил ирэх тусам газрыг нь хумисаар буй.

ТУЯА РЕСТОРАН  Гэр бүлийнхэнд үйлчлэх зориулалттай байсан “Туяа” ресторан нь “Сөүл” гэх нэртэй болж, солонгосчуудын мэдэлд орсон билээ. Залуучууд, хүүхдүүдэд нь зориулсан рестораныг нь булаагаад зогсохгүй, жаахан үлдсэн газарт нь “Бодь”-ийнхон олон давхар зочид буудал барих нь гэдэг яриа ч өнгөрсөн жилжингээ чих дэлссэн.

“ЗАЛУУЧУУД” ЗОЧИД БУУДАЛ Энэ буудал нь гадаадаас ирсэн жуулчин залуусыг хүлээж авдаг, харилцан жуулчин солилцдог, Монголын залуусын томоохон буудал байсан байна. Харин одоо АН-ынхан өөрсдийнхөө мэдэлд бүрэн авчихсан гэхэд болно. Тодруулбал, “Залуучууд” зочид буудлыг, “Идэр” рестораны хамт “Ноёд” групп эзэмшдэг бөгөөд, АН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат толгойлж явдаг юм гэнэ билээ. Тус зочид буудал, хүүхэд, залуучуудад үйлчлэхээсээ илүүтэй, ашгийн төлөө ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Тус буудлын барилгад “Соно” бичиг хэргийн дэлгүүр, “Хөвсгөл” хууль зүйн товчоо гээд олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм билээ.

ЗАЛУУ БАЙГАЛЬЧДЫН ТӨВ СТАНЦ “Экологийн төв” болсон бөгөөд одоогоор МУИС-ийн “Байгаль эх” лицей сургууль үйл ажиллагаа явуулж байгаа Залуу байгальчдын төв станцын талбайд услалтын систем шинээр байгуулж, 30,5 мянган ам.метр газарт жимс, жимсгэний 600 бут мод шинээр суулгасан байна. Тус станцын өмнө талд 800 ам.метр талбайд хар мод, хуш, хус, улиас гачуур, голт бор, чацарганын нийтдээ 4600-аад ширхэг суулгац тарьж, дендра цэцэрлэг байгуулсан байна. Гэхдээ одоо энд тийм гоё, цэцэрлэг, олон бут сөөг байхгүй нь харамсалтай. Сурагчдаас өндөр төлбөр татдаг сургууль л үйл ажиллагаа явуулж байна.

 

Б.ЭЛДЭВ-ОЧИРЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН КИНО ТЕАТР 1951 онд байгуулж байсан Б.Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театрт өнөөдөр Монголын хөрөнгийн бирж байрлаж, зориулалтын бусаар ашиглаж байна.

“АРД” КИНО ТЕАТР “Ард” кино театрыг “Хас” банк бараг л эзэмшилдээ авсан гэхэд болно. Тус банкны зээлийн болоод тооцооны төв нь энд байрлаад удаж байна. Мөн гавьяат жүжигчин энэ театрыг хувьчилж аваад, орчин үеийн кино театр барьна гэж ярьж байсан ч одоо хувийн байгууллагад, хэсэг хэсгээр нь зараад дуусч мэдэх нь.