Өдгөөгийн УИХ-ын гишүүн нэгэн эрхэм хэдэн жилийн өмнө эрүүгийн элементүүдэд хөөгдөөд адуу малаа үргээн пижигнэтэл зугтаж явсан гэдэг. Бас нэгэн бизнесмэн гүүрнээс хөлөөрөө дүүжлүүлж байсан тухай ч нүдэнд харагдтал ярих улс олон.

Энэ мэтчилэн нийгмийн бүтээгч хэсэг болох бизнесмэнүүдийг шимэгчилж амьдардаг эрүүгийн элементүүд, рецедивүүдийн асуудлыг Л.Гүндалай анх чуулганы танхимд дуугарч, “Төр энэ дээрэмчдээ байх ёстой газар нь байлгахгүй бол болохоо болилоо” хэмээн хатуухан хэлсэн билээ. Үүний мөрөөр үү, эсвэл өөр учир шалтгаан ч байсан уу яасан, ямар ч гэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бас чиг гэж цагдаагийнхнаа дорвитойхон хөдөлгөж нэлээд нөхдийг нэг хэсэг “хар гэрт” суулгаад амжсан. Харин нөгөө хоригдсон рекетүүд нь шоронг зочид буудал болгочихсон, эмзэг сэдвийг хөндсөн Л.Гүндалайг Ц.Нямдорж нь спиртийн хэрэгтэн гэж зарлаж чирүүлсэн зэрэг бол дараа дараагийн жичдээ асуудал.

Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөдөр Монголд эрүүгийн элементүүд гэдэг шимэгчид байсаар, арга барил нь улам нарийсч, эрээ цээргүй авирлах боллоо. Бүр ил тод заналхийлдэг, дээрэмддэг болж.

Үүний нэг жишээ нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас сая доллар нэхсэн “Мунзуй” хочит Г.Нямдоржийн явдал. Бааранд зодоон болсон, Н.Номтойбаяр хутгалсан гэх дуулиан нэг хэсэгтээ л бужигнуулсан. Товчхондоо бол, эрүүгийн элемент “Мунзуй” Монголын томоохон бизнесмэний хүүгээс их мөнгө амархан салгачих санаатай байсан бололтой. Гэтэл Н.Номтойбаяр гэдэг бацаан нь “Аваад ирье ах аа” гээд гүйхийн оронд дунд хуруугаа үзүүлчихсэнээс л хамаг юм болсон юм даг уу даа.

Эцэг эхийнх нь өгсөн Нямдорж гэхээсээ илүү “Мунзуй” гэдэг этгээд хочоороо өөрийгөө таниулсан энэ нөхрийг цагдаа хуулийнхан андахгүй. Андахгүй байх нь ч аргагүй. Учир нь элдэв хэрэгт орооцолдож хутгалдсаар байгаад “эрүүгийн элемент” гэдэг тодотголтой болсон нэгэн. Их Хурлын гишүүнээс сая доллар нэхсэн “Мунзуй” бааранд болсон асуудлынхаа дараахан “Номтойбаярын өөрөөсөө ч нууж явдаг бүхнийг нь илчилнэ” хэмээн гадаадаас “мэндчилгээ” илгээж, үүнийгээ гишүүнээс айсандаа бараг л дүрвэх дээрээ туллаа хэмээн тайлбарласанд нь итгэсэн хүн хэр олон байсныг мэдэхгүй. Харин түүний энэ “айдас”-ыг дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого, эрүүгийн элементүүд эрээ цээрээ алдаж байгаагийн илрэл гэж дургүйцэж хүлээж авсан хүн олон байсан.

Ингэж эрүүгийн элементүүд эрээ цээрээ алдан даварч байгааг харуулсан энэ явдал одоо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт үүсгэсэн харилцан зодооны асуудлаарх хэрэг шүүхэд шилжсэн байдлаар үргэлжилж байгаа.

“Мунзуй” Нямдорж “илчилнэ” хэмээн сүрдүүлж байхад Монголын топ компаниудын нэг “Болд төмөр Ерөө гол”-ыг үүсгэн байгуулагч, захирал Б.Дэлгэрсайхан шоронд сууж байж. 2000 шахам ажилтантай компанийг тэргүүлдэг, баялаг бүтээгчдийн нэгийг барьж хорих болсон шалтгаан нь Гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалах төв гэдэг байгууллагын дарга О.Мөнхбат гэдэг хүний захиалга, нэхэмжлэл. Ийм байгууллага хаана юу хийдэг, О.Мөнхбат гэдэг хаанаас гараад ирсэн хэн гэгч вэ гээд цааш нь ухахгүй орхих аргагүй. Ухлаа, судаллаа даа. Ёстой хөгийн, нөгөө нэг кинонд гардаг шиг “Зүүдэнд ч оромгүй явдал”-ууд хөвөрлөө. Нэгэнт ухсан, олсон баримтуудаа олонд ил болгох нь сэтгүүлчийн үүрэг юм чинь. Үүргээ биелүүлье.

“Мунзуй”-н Н.Номтойбаяраас нэхсэн сая долларын хажууд Авдрантын “Ногоон” Мөнхбат гэдэг хүний зорилго үнэн пээдгэр. Б.Дэлгэрсайханы компанийг, бизнесийг юутай хүүтэй нь өөрийн болгох. Ийм дээгүүр санаатай газрын амьтан Мөнхбатын үүх түүх бас л тэр чигээрээ эрүүгийн гэж тодотгодог гэмт хэргийн ертөнцтэй холбоотой аж. Уг нь энэ хүний овог Одсүрэн. Гэхдээ одоо Одсүрэнгийн Мөнхбат гэхээсээ илүүтэйгээр Авдрантын, эсвэл “ногоон” Мөнхбат гэдэг. 1973 онд Сэлэнгийн Зүүнхараад төрсөн. Хоёр удаагийн ял шийтгэлтэй. Анх малын хулгайгаар эхэлж, удаа дараагийн хулгай, залилан гэх мэт хэрэгт холбогджээ. 1996 онд Эрүүгийн хуулийн 123-ын 4, 124 дүгээр зүйлд зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж түүнийгээ эдлэж байхдаа оргож, 1998 онд 15 жилийн ял авсан. Бүлэглэн болон ганцаараа оргосон, бусдын эд зүйлийг хулгайлсан гэдэг үндэслэлээр дахин ялаа нэмүүлжээ. Гэхдээ арваад жил шоронд суугаад үлдсэн хоёр жил гаруйг нь тэнсэн харгалзах гэсэн ялтайгаар 2008 онд нарснаас наранд гарч эрх чөлөөтэй болсон байна. Хэл ярианы баялаг сайтай, худлаа хэлэх сонирхолтой гэх тодорхойлолтыг засангийнхан Мөнхбатад өгч байжээ.

Авдрантын шоронд хоригдож байхад нь Сэлэнгийн Баатаржав нутгархан Мөнхбатыг дагуулж, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайванд танилцуулж байсан гэнэ. Ямар ч гэсэн тэр хоёрын гар хөлийн үзүүрт зарагддаг, шоронгийн хэллэгээр бол “шуумар” гэгч байсан аж. Шуумар гэдэг нь нэг талаараа “бууны нохой” гэдэгтэй л адилхан утгатай. Ингэж шоронд шуумар байсан нь наранд гарч ирээд “Цагаан шонхор” компанид ажиллах боломжийг олгосон байна. Гэхдээ хүний сурсныг сураар боож болох биш, харж үзэж сайнаар хандсан Ч.Энхтайванаасаа багагүй хэмжээний мөнгө авчихаад эргүүлж өгөлгүй алга болж “Цагаан шонхор”-ын боссыг ихээхэн бухимдуулсан гэдгийг тус компанийнхан хэлж байна. Мөнгөнөөс гадна мэдээлэл хулгайлсан гэдгийг ч тэд үгүйсгэхгүй байна билээ. Харин чухам юуны тухай мэдээлэл вэ гэхэд уул уурхай, лицензтэй холбоотой болов уу гэсэн.

“Нохой хоол өгсөн эзнийхээ гарыг хаздаггүй”, “Идэж байсан хоол руугаа нулимах хэрэггүй” гэх мэт ёс суртахуун, хүн чанар шаардсан үгсийг арваад жил торны цаана суусан рецидив хэрэгтэн Мөнхбатад хэлэх нь ангасан цөлийг аяга усаар услахтай л адилхан буй за. Ингэж “Цагаан шонхор”-ын хаалгыг эргэж татах аргагүй болсон түүний амьдрах арга нь хуучин мэргэжил нь болсон бололтой. Бүр тодруулбал, шоронд ажиллаж байсан тэр аргаараа л гэсэн үг шүү дээ. Гэхдээ хэний тухай юуг хэнд юу гэж зөөх вэ гэдэг дээр “Цагаан шонхор”-оос мэдээлэл хулгайлсан нь туршлага болсон мэт. Компаниудын талаар элдэв хов жив цуглуулж түүнийгээ үнэд хүргэх ажлаа төрсөн нутгаасаа эхэлжээ. Эрх биш Зүүнхараагийнх учраас Сэлэнгийн Баянголын орд хийгээд “Болд төмөр Ерөө гол”-ын тухай мэдээлэл түүнд ойр байсан гэсэн үг. Ингээд нарсанд мэдээлэгч буюу шоронгийн хэл­лэгээр “бууны нохой” байсныгаа наранд гарч ирээд “тагнуулч” гээд ойлгочихсон “ногоон” Мөнхбат тагнуулын ажилтны дүрд тоглож, “Болд төмөр Ерөө гол”-ын захирал Б.Дэлгэрсайханы тухай баахан хуурамч юм цуглуулж аваад түүнээс мөнгө салгах гэж оролджээ. Танай захирлын тухай ноцтой баримтууд байна, болохгүй бол хэвлэлд өгнө гэж айлгах замаар “ажиллагаагаа” эхэлжээ. Түүгээр ч зогсохгүй Дэлгэрсайханд янз бүрийн шугамаар үүнийгээ тавьж мөнгө шаардсаны хариуд “Надад хийсэн хэрэг байхгүй, бас чамд өгөх мөнгө ч байхгүй” гэдэг хатуухан хариу дуулсан гэдгийг ойр тойрныхон нь хэлдэг юм. Энэ хэрэгт О.Мөнхбатын хамтрагч нь хятад хэлний орчуулагч Э.Бямбасүрэн гэж эмэгтэй. Хошин урлагийн “Маск” продакшнийн жүжигчин Ж.Мөнхсайхан буюу МС-гийн эхнэр тэрбээр нь Б.Дэлгэрсайханы компанид орчуулагчаар ажиллаж байж. Э.Бямбасүрэнг компаниасаа мөнгө салгачих гэж оролдоод бүтээгүй гэдгийг нь нэг биш хүн ярьдаг.

Хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй боловч хуучин ажиллаж байсан компанийхаа захирлаас мөнгө салгах гэж өөрөө оролдоод барахгүй болохоороо эрүүгийн элемент рүү гүйснийг нь харин ойлгоход амаргүй. Үзэл бодлынхоо тухайд өөрт нь үнэт зүйл гэж байхгүй хүнд ёс суртахуун ч гэж байхгүй гэдэг үг байдаг даа, угаасаа.

О.Мөнхбат, Э.Бямбасүрэн нар хятад хүний нэр барин их хэмжээ­ний мөнгө салгах гэж өмнө нь ч шантаажилж байсан баримт “Болд төмөр Ерөө гол” компанийнханд байгаа бөгөөд энэ асуудлаар нь хууль хяналтын байгууллагад хандаж байсан гэнэ. Тодруулбал, тэдний хүссэнээр Б.Дэлгэрсайхан мөнгө өгсөнгүй, өөдөөс нь харин хууль хяналт яриад хамрынх нь үзүүрийг хавчих шахан хаалгаа татчихсан гэсэн үг л дээ. Тиймээс луйварчдын арга өөрчлөгдөж, эндээс энэ хоёрын хамтрагч хятад Лам Пинг гэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Одсүрэнгийн Мөнхбат болон гарч ирж байгаа юм.

Нэг үгээр компанийн хувьцаатай холбоотой нутаг нэгт хоёрын хооронд үүссэн асуудал, Лам Пинг гэмт хэрэгтэн болж орох газаргүй тэнүүчлэн Италид орогносон, тэндээс хаа нэг тийш явах ямар ч боломжгүй байдлыг О.Мөнхбат, Э.Бямбасүрэн хоёр тун ч овжин ашигласан байдаг.

Учрыг тодруулъя БНХАУ-ын иргэн Лам Пинг 2004 оноос 2005 оны зургадугаар сарын 29-ний өдрийг хүртэл “Болд төмөр Ерөө гол” /хуучин нэрээр “Монтай Майнз”ХХК/-ын хувьцаа эзэмшигч байсан бөгөөд өөрийн эзэмшиж байсан хувийг хамтрагч БНХАУ-ын иргэн Лиу Ронгзэнд шилжүүлжээ. Энэ тухайд улсын бүртгэлд өөрчлөлт орсон байдаг. Төмөрлөгийн ордод үйл ажиллагаа явуулахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй бөгөөд үүнд цаашид нэмэлт хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй тийм нөхцөл байдал үүсчээ. Анхны хөрөнгө оруулагч Лиу Ронгзэн нэмж хөрөнгө оруулалт хийх санхүүгийн боломжгүй гэдгээ хэлээд хувьцаагаа Б.Дэлгэрсайханд зарахдаа эхэлж оруулсан мөнгөө нугалж аваад Монголоос оджээ. Энэ хүмүүсийн мөнгийг банкаар шилжүүлсэн баримт нь байгаа гэж “Болд төмөр Ерөө гол”-ынхон баталж байна. Ингэснээр төмөрлөгийн орд эзэмшигч “Болд төмөр Ерөө гол” компани монгол хүний мэдэлд иржээ. Б.Дэлгэрсайхан ч гадаад зах зээлээс мөнгө босгох, зээл олох ажилд гарчээ. Нөр их хөдөлмөрийнх нь үр дүнд өнөөдөр “Болд төмөр Ерөө гол” ч Монголдоо топ аж ахуйн нэгжийн тоонд багтан хоёр мянган өрхийн амьдралыг тэтгэж яваа аж. Чухамхүү ингэж гайгүй ажиллаж байгаа нь зүгээр сууж байгаад мөнгөтэй болчих гэсэн О.Мөнхбат, Э.Бямбасүрэн нарыг шантаажлах шалтаг хайн гүйхэд хүргэсэн биз ээ.

Лам Пинг гэгч энэ нөхөр хувьцаагаа зараад Монголоос сайн дураар гарч одсоныг манайхны аз түшсэн хэрэг гэж хэлмээр. Учир нь 2004 онд хувьцаагаа зараад алга болсон Лам Пинг нутагтаа гэмт хэрэгт холбогдож, Хятад орондоо байх аргагүй болж эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн мэдээлэл Хятадын сайтуудад 2005-2007 онд маш ихээр гарчээ. Хятадын хэвлэлүүдэд гарсан мэдээлэлд түүний нэрийг латин галигаар Lam Ping гэсэн атлаа хятад ханзаар Линь Пинг гэж бичигджээ. Тэгэхдээ зүгээр ч нэг хэрэг биш, захиалгат аллага. “Бугат хотын тэрбумтны амь насыг хөнөөсөн хэрэгт есөн сэжигтэн этгээдийг баривчлав”, “Алуурчин хөлсөлж, тэрбумтныг хөнөөсөн эрүүгийн хэргийн шүүх хурал Бугат хотод болов”, “Хөлсний алуурчин хөлсөлж, хүний амь насыг хөнөөсөн Бугат хотын эрүүгийн 6.29 дүгээр хавтаст хэрэг” гэх мэтчилэн Хятадын “Синхуа” агентлагийн мэдээнүүд хөвөрнө. Энэхүү хэргийн хохирогч нь Бугат хотын нүүрсний томоохон ордыг эзэмшиж байсан, тэрбумтан Жөү овогт. Хятадын хэвлэлд бичсэнээр бол алуулдаг хөөрхий Жөү ихээхэн нөөцтэй нүүрсний ордынхоо хувьцааг зарахгүй гэснээс болж Лам Пинг түүнийг “сургаж өгөх” захиалгыг өөрийн жолооч бөгөөд хамгаалагчдаа үүрэг болгожээ. Тэр дагуу нь өөр бусад алуурчдыг хөлсөлж. Заазуур хутгаар зэвсэглэсэн алуурчид орой бүрэнхийгээр баарны үүдэнд отож байгаад түүнийг хөнөөжээ. Энэ аллагыг захиалсан Лам Пинг оргон зайлж, харин аллагыг гүйцэтгэсэн таван хүн цаазлуулж, хоёр хүн хугацаагүй хорих ялаар шийтгүүлсэн. Товчхондоо бол зургаан хүний амь насыг егүүтгэж дээ, энэ Лам Пинг гэгч. Энэхүү алуурчин хөлсөлж тэрбумтныг хөнөөлгөсөн Лам Пинг, одоо Авдрантын Мөнхбаттай нийлж, Б.Дэлгэрсайханы “Болд төмөр Ерөө гол” компанийг дээрэмдэж авах гэж оролдож байгаа Лам Пинг нар нэг хүн.

Нөгөө зүүдэнд ч оромгүй явдлын нэг бол О.Мөнхбат 2007 онд Авдрантын хорих ангид байхдаа “Азийн ган төмөрлөгийн продуктс” гэдэг компанийг Австрали, Канад, Шинэ Зеланд гээд дөрвөн улстай хамтран байгуулсан тухай үлгэр. Уул уурхай хөгжсөн орнуудын нэр барьсан олон хөрөнгө оруулагчтай компанийг шоронд байхдаа байгуулж, судалгаа энэ тэр хийлгээд хөрөнгө оруулалт босгоод нэг үгээр хөлжиж баяжих эх сууриа тавьж байсан гэдэгтээ цагдаа хуулийнхныг итгүүлчихнэ гэж найдах нь юу л бол. Тэгээд ч О.Мөнхбатын гэх “Азийн ган төмөрлөгийн продуктс” ХХК нь улсын бүртгэлд бүртгүүлснээрээ 2012 онд байгуулагдсан гэдгийг нэг их ажил оролгүй мэдчихэж болно.

О.Мөнхбатын Авдрантын шо­ронд байхдаа байгуулсан олон орны хөрөнгө оруулагчтай компани нь нэгэн хятадаас авлагатай байж, тэр хятад нь надад мөнгө байхгүй, Дэлгэрсайхан надаас авчихсан, тэрнээс очиж ав гэж хэлсэн гэх мэтчилэнгээр үлгэр үргэлжилнэ. О.Мөнхбат тэр хятадтай очиж уулзжээ. Уулзсан хятад нь дээр дурдсан Лам Пинг юм. Лам Пинг, О.Мөнхбат нартай хамт уулзсан хүн нь мэдээж орчуулагч Э.Бямбасүрэн. Ингэж алуурчин хятад цусанд хутгалдсан гараараа Ар Монголын нүд улаан, мөнгө цагаан болсон эр эм хоёртой тэврэлдэх нь тэр дээ. Орчуулагч хүүхэн найз нартаа “Итали яваад ирсэн, нөхөртэйгөө хамт” гэж ирээд л гайхуулж байсан нь угтаа бол Авдрантын Мөнхбатын мөнгөөр алуурчин хятадтай уулзахаар явсан гэсэн үг юм билээ.

Лам Пинг яагаад О.Мөнхбат, Э.Бямбасүрэн нартай уулзав гэдэг ч бас их хачирхалтай. Юунд итгэж найдаж тэднийг хүлээж авав. О.Мөнхбатын энд тэнд ярьж яваагаар бол нэг бус хэд хэдэн удаа, тэгэхдээ ганц Италид ч биш, Герман өөр хаана ч билээ уулзсан гэдэг. Энэ олон удаа дахин дахин уулзах хүртэл нь Лам Пинг итгүүлсний цаана юу байв гээд л асуултууд аяндаа гарч ирээд байгаа биз. Тэрбумтныг захиалгаар хөнөөсөн хэрэгтэй холбоотой Хятадын хэв­лэл мэдээллийн хэрэгсэлд гар­сан нийтлэл материалуудыг олж цуглуулж орчуулахад туслалцаа үзүүлсэн өвөрлөгч анд маань зүрхэн дээрээ гараа тавьж байгаад нэг зүйлийг хэлж байгаа юм. “Хүн алсан хүний хормой чичирч явдаг гэдэг. Өөр газарт очоод Хятадын хуулиас айх аюулгүй байж болох ч, түүнээс болж үхсэн тэр олон хүний ар гэрийнхний өш хонзонг алхам ч мартах аргагүй. Хятад хүний өш хонзон гэдэг үе дамжин үргэлжилдэг. Тиймээс Лам Пинг хэн ч биш хэн нэгэнд итгэнэ гэж хэзээ ч байхгүй. Орчуулагч хүүхнийг таньдаг байсан гэдэг нь дотор газрын хүнд ямар ч баталгаа биш” хэмээн дахин дахин хэлээд байгаа юм. “Эрх мэдэлтэй хүний баталгаа”-н дээр ахиухан мөнгө нэмээд амлачихвал…

Лам Пингийн итгэмжлэл гэдэг юм гарч ирэнгүүт л “барилаа хорилоо” гээд бужигнаад эхэлж байгаа нь мөнгөтэй эрх мэдэлтэй хүний баталгаа ард нь байгааг бас тэрхүү “баталгаа” хүчтэй гэдгийг харуулна. Бас яаж ч шуналтлаа гэсэн “гал хамгаалагч”-гүй бол том хөдөлж болохгүй гэдгийг О.Мөнхбат мэдэхийн дээдээр мэдэх нэгэн.

О.Мөнхбат Италиас итгэмж­лэлтэй иржээ. Итгэмжлэл хийгдсэн огноо нь 2013 оны гуравдугаар сарын 22. Итгэмжлэлийг батал­гаажуулж өгсөн хүн нь атташе Г.Оч. Агуулгыг нь товчилбол, арван жилийн өмнө зарсан компанийхаа хувьцааг Мөнхбатаар дамжуулж авах” гэсэн санаатай. Үнэн худлаа нь мэдэгдэхгүй нэг итгэмжлэл гэж цаас барьсан нөхөр гэнэт гарч ирээд “Чиний юм минийх” гэхээр гайхдаг юм байгаа биз дээ, “Болд төмөр Ерөө гол”-ынхон. Төртэй, хуультай улсад амьдарч байгаа улс байна даа гээд шүүхэд ханджээ. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ асуудлыг хэлэлцсэн шүүх хурал болжээ. Шүүхийн шийдвэрт хуулийн олон зүйл заалтаар нь нарийвчлан бичсэн байна билээ. Маш энгийнээр тайлбарлавал, нотариатч хоёр талыг заавал байлцуулах ёстой атал Лам Пинг, О.Мөнхбат нарыг байлцуулсан гэдэг нь батлагдаагүй, бас итгэмжлэл дээр О.Мөнхбатын өөрийн гарын үсэг байхгүй гэдэг нь хүчин төгөлдөр бус гэж үзэх эхний нотолгоо болжээ. Мөн нотариатч хүн юмыг баталгаажуулахдаа зөвхөн өөрөө л хийхээс биш, тамга тэмдгийг бусдад шилжүүлэхгүй байх үүргийг хуулиар хүлээдэг. Итали дахь Монгол Улсын Элчин сайд Одонбаатар, тус яамны атташе Орхонтулга нарт нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэх эрхийг Хууль зүйн яамнаас олгожээ. Энэ хоёроос бусад, Элчин сайдын яаманд ажиллаж байгаа хэн нэгэн дураараа нотариатын тамга тэмдгийг ашиглаад байх эрхгүй аж. Тэгэхээр Г.Оч гэдэг атташе өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн нь тодорхой болж байгаа юм. Тиймээс Сүхбаатар дүүргийн шүүхээс Бүгд найрамдах Итали улс дахь Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан Г.Очийн хууль зөрчиж 2013 оны гуравдугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын иргэн Лам Пингээс Монгол Улсын иргэн О.Мөнхбатад олгосон итгэмжлэлийн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийд­вэрлэжээ.

Хамгийн хачирхалтай нь Монгол Улсын Ерөнхий прокуророор ажил­лаж байсан, манайдаа л толгой хуульчдын Н.Ганбаярын хүү Оч хууль зөрчин байж О.Мөнхбатад хуурамч итгэмжлэлийг нь баталгаажуулж өгсөн байдаг юм. Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг Г.Оч экс прокурор аавтайгаа нийлэн давж заалдсан ч мөн л ялагджээ. Гадаад яамны ажилтан энэхүү нотариаттай холбоотой асуудал нь Г.Оч гэдэг энэ хүний цаашдын дипломат ажлын замналд тод бөгөөд том бараан толбо болно гэдгийг онцолж байна. Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар өттэй гэдэг шиг энд хамгийн ноцтой нь О.Мөнхбат гэдэг хүний хөлд бас нэгэн төрийн албан хаагчийн ажил амьдрал, нэр төр тэр чигээрээ гишгэгдэж байгаа явдал. Чухам яагаад Г.Оч өөрт эрх нь олгогдоогүй ажлыг дур мэдэн О.Мөнхбатад хийж өгөв, айсан уу, авлига авсан уу гэдгийг асуултын тэмдэгтэй чигээр нь энэ удаа үлдээе.

О.Мөнхбатаас болж баларч байгаа хүн ганцхан экс прокурорын хүү Г.Оч ч биш. Одоо Авлигатай тэмцэх газрын үүдийг сахиж суугаа Д.Жаргалсайханыг монголчууд троллейбусны компанийн захирал гэдгээр нь андахгүй. Инженер, Монголд машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж зүтгэж яваа нэгэн. Зорьсон зүйлээ эхнээс нь хэрэгжүүлж, Монголд доубус угсарсан гээд хийсэн зүйл ч их.

Гэхдээ одоо Д.Жаргал­сайхан инженер ажлаа өгч лааз өшиглөөд зогсохгүй АТГ-т шалгуулж байна. Охиныхоо компанид улсын хамаг тендерийг өгсөн луйварчин гээд л хөөрхийг хэвлэлээр хараагаад байгаа. Гэтэл Д.Жаргалсайханы охины үүсгэн байгуулсан гээд байгаа “Эрдү” компанийн 51 хувийг хэн эзэмшдэг гэж бодож байна, уншигч Та. 2011 онд байгуулагдсан “Эрдү” компани хоёр үүсгэн байгуулагчтай. 49 хувийг нь Жаргалсайханы Содбилэг, 51 хувийг Одсүрэнгийн Мөнхбат эзэмшдэг гэж бүртгэгджээ. “Эрдү” компанийг үүсгэн байгуулагч О.Мөнхбат, Италиас итгэмжлэл авсан О.Мөнхбат хоёрын регистрийн дугаар яг таарч байна. Манай улс иргэний бүртгэлийн системдээ ганцхан юмыг гайхалтай сайн хийсэн байдаг нь регистрийн дугаар гэдгийг мартаж болохгүй.

Түүнээс гадна Д.Жаргалсайхан “Цахилгаан тээвэр” компанийн захирлын суудалд сууж ахуйдаа буюу 2013 оны арваннэгдүгээр сарын 26-нд “Ардчилал” сонинд өгсөн ярилцлагадаа “Эрдү”-г хэн байгуулж хөрөнгө оруулсныг ил тод зарласан байдаг юм. Тэрбээр сурвалжлагчийн “Эрдү” гэх компанийн захирлаар танай охин ажилладаг нь жинхэнэ ашиг сонирхлын зөрчил биш үү гэсэн асуултад “Үнэн. Миний охин захирлаар нь ажил­ладаг. Би хэнээс ч нуух­гүй. Мөнх­бат гэж хүн хө­­рөнгө о­руу­лалт хий­гээд манай охи­ныг за­хир­лаар нь то­мил­сон” хэ­мээн хариул­сан байгаа.

Нар­санд биш, наранд бай­гаа “ногоон” Мөнх­батад ком­пани байгуулах бизнес хийх эрх байлгүй яахав. Гэхдээ энэ “Эрдү” компани л гэхэд цахилгаан тээв­рийн хамаг тендерийг өр­сөл­дөгчгүйгээр авсан атлаа татварын бөөн асуудалтай. Татвараа шударгаар төлдөг компаниудаас “Улсын төсөв бүрдэхгүй байна, урьдчилж төл” гэж дарамталж байгаа татварынхан энэ эрүүгийн элементэд яагаад ийм давуу эрх олгоод байна вэ. Одоо тэгээд “Цахилгаан тээвэр”-ийн Д.Жаргал­сайхан “ногоон” Мөнхбатын 51 хувийг нь эзэмшдэг компанийн өм­нөөс хэрэг хүлээгээд сууж байгаа байх нь. Ер нь эрүүгийн элемент цаана нь сугарч үлдээд энгийн нэгэн нь хариуцлага хүлээх дээрээ тулаад байгааг хууль хяналтынхан анхааралдаа авсан биз ээ.

Түүнээс гадна О.Мөнхбатын ойрын эх сурвалж, түүний үүсгэн байгуулсан найман компани бүгд татвар дээр “но”-той гэдгийг бас хэлж байгаа юм. Дээр дурдсан буюу нөгөө шоронд байхдаа хэд хэдэн улстай хамтраад байгуулсан ч бил үү хөрөнгө оруулуулсан ч гэдэг бил үү “Азийн ган төмөрлөгийн продуктс”-аас нь гадна “Некствийк”, “Жайф” гэхчилэн ганц хүний компаниуд, мөн “Цахилгаан тээвэр”-ийн захирлыг АТГ-т аваачсан “Эрдү” гэхчилэн гоё бас сүртэй нэртэй компаниудаас нь ажлаа хамгийн сайн хийж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь “Монголд байгаа гадаадын иргэдэд туслах нийгэмлэг”. Энэ нь ердөө бусдыг рекетлэх, шантаажлах баримт материал цуглуулах, бусдын нэр барьж хүний хөрөнгө хумслахын тулд л байгуулсан компани. Үүнийгээ ч тун сайн хийж буй бололтой. Тиймээс бид О.Мөнхбатын нэр дээрх тэр олон компани чухам ямар үйл ажиллагаа эрхэлдэг, бас яагаад, ямар арга замаар татвараас зугтдаг гэдгийг эрэн сурвалжилж мэдээлэх болно.

“Ногоон” Мөнхбат гэдэг эрүүгийн элемент “Болд төмөр Ерөө гол”-ын захирлаас эхлээд мөнгө нэхэж, дараа итгэмжлэл барьж ирж компанийг нь авах гэж үзсэн ч аль аль нь болсонгүй. Гурав дахь удаад нь Лам Пинг-ийн итгэмжлэлийг Хонгконгоос авсан гэх барилгачин хятад Ка Чи То. Энд дээрх Ромын итгэмжлэлийн үлгэр бас үргэлжилнэ. Золиос нь болсон монгол эхнэртэй хятад эр “Монголчууд мөнгө өгнө гэхээр нь ийм юм хийсэн” гэж мэдүүлж байгаа сурагтай. Түүнд мөнгө өгнө гэж амласан монголчууд нь хэн бэ гэдэг ч тодорхой. Учир нь Ка Чи То гэж энэ хятад Италид орогносон Лам Пинг таних нь байтугай, барааг нь ч хараагүй. Тэр битгий хэл амьдралдаа ч Европт хөл тавьж үзээгүй нэгэн гэнэ. Гэтэл “ногоон” О.Мөнхбат, Э.Бямбасүрэн хоёрт Хонгконгийн паспорттай л бол хэн байх нь хамаагүй байсан учраас мөнгө амлаж, өөрсдөө өмнөөс нь явж нэр дээр нь хуурамч итгэмжлэл авчирч өгөөд зохиосон жүжгийнхээ гол дүрд тоглуулж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Лам Пингийн өмнөөс Б.Дэлгэрсайханы компанийг авахаар нэхэмжлэл цагдаад гаргаж. Гэвч Ка Чи То энэ бүгд хуурамч жүжиг болохыг цаг хугацааны явцад мэдэрч, улмаар хүн гүтгэсэн хэрэгт орох нь гэдгээ ойлгоод тоглоомоос гаръя гэхээр О.Мөнхбат “Хэрэв чи нэхэмжлэлээсээ буцвал Монгол дахь барилгын бизнесийг чинь будаа болгоно” хэмээн ил тодоор шантаажилж эхэлжээ. Хүнд байдалд орсон Ка Чи То арга буюу хэсэг хугацаанд Монголоос зугтаж нутагтаа байж байгаад саяхан буцаж иртэл түүнийг шүүх, Мөрдөн байцаах газраас дуудаж. Хүн гүтгэснээ мэдсэн Ка Чи То зугтахаар шийдсэн ч Монголын хилээр гарч чадалгүй баригдаж ирээд хэргээ хүлээж үнэн мөнийг мэдүүлсэн төдийгүй “Би “ногоон” Мөнхбат, Бямбасүрэн хоёроос айж байна. Надад ярих юм их байна” хэмээн өмгөөлөгч найздаа ярьсан сурагтай.

Энэ мэтээр хүний юмыг өөрийн болгохын тулд Авдран­тын “ногоон” Мөнх­батын хийсэн ажилд алдарт мөрдөгч Шерлок Холмс ч атаархах байсан биз ээ. Гэхдээ, нутгаасаа оргон зайлсан, хүний нутагт дүрвэж яваа Лам Пингд алдах юм байхгүй. Мөнгө амласан, бас “эрх мэдэлтэй хүний баталгаа” харуулсан хоёр монголыг очиход хувь хүртэнэ гэдэг хэлцэл хийгээд итгэмжлэл бичээд өгчих бол байх л зүйл. Гэхдээ цустай гартай хятад Лам Пинг “Дэлгэрсайханаас мөнгө салгах гэж байснаас Лам Пинг барьж өгсөн бол хятадууд овоо юм өгөх байсан болов уу” гэсэн яриаг дуулбал яах бол… Гэхдээ түүнээс бүр ч илүүтэйгээр адал явдалт кино мэт энэ хэрэгт эрүүгийн гэмт хэрэгтэн, орчуулагч хүүхэн хоёрт тус дэм, түшиг тулгуур болж, замыг нь зааж, “баталгаа” гаргаж өгч буй “гал хамгаалагч” хэн бэ гэдэг үнэхээр сонин. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний талаар О.Мөнхбат ут­саа харуулж бардамнасан, Э.Бямбасүрэн “ярьсан тохирс­ноороо л хийсэн дэг” хэмээн “хэн нэгэнд” бухимдсан зэргээр дээр дурдсан “эрх мэдэлтэй хүний баталгаа” гэгч юм байгаа гэдгийг батлах учиг энд тэндээс аяндаа л гарч ирээд байх юм. Чухам хэн бэ гэдгийг ч бид эрэн сурвалжилж байгаа. Тиймээс энэ нийтлэл төгсөөгүй. Үргэлжлүүлээд энэ хэрэгт хамаатай нэр бүхий хүмүүсийн талаар илүү дэлгэрэнгүй, бас илүү ноцтой баримтуудыг дэлгэх болно.

Бэлтгэсэн:

Agency of investigative journalist