Өнөөдөр нийслэл хотын нийт хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Тэд цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуй, зам харилцаа нийтийн тээвэр, унаа зэрэг орчин үеийн нийтийн аж ахуйн дэд бүтцийн үйлчилгээ сул. Мөн сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтэц дутмаг хүндхэн орчинд  амьдарч байгаа юм.

Тэгвэл  Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах үүднээс хог хаягдлын зориулалтын уутыг айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад тараах, худалдах ажлыг зохион байгуулахаар болон "Азийн цагаан дагина" хэмээх хогны ногоон өнгөтэй уутыг айлуудад тарааж эхлээд удаж буй. Тарааж гэж эхний ээлжинд бол орон сууцны айлуудаар хорооны ажилчид нь тарааж өгдөг байсан. Харин сүүлдээ хороон дээрээс ирж аваарай гэх зарлалыг нааж дуртай нэг нь очиж авдаг болсон аж. Гэр хороооллын айл өрхүүдэд бол зарим газраар тарааж ч өгөлгүй шууд хороон дээрээс хүн явуулж хогны уутаа ав хэмээдэг.

Гэр хорооллын төдийгүй нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа нэн тэргүүний асуудал бол “хог”гэдэгтэй хэн ч маргахгүй.  Улаанбаатар хотоос жилд 500-600 тонн хог гардаг бөгөөд өвлийн улиралд гэр хорооллын айл өрхүүдээс гарах үнс нийт хогийн 60 орчим хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Тэгвэл орчны бохирдол, агаарын тоосжилтыг багасгах, нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор гэр хорооллын айл өрхүүдэд хогны уутыг тарааж эхэлсэн. Энэ ажил арай л "нүд"-ээ олоогүй ажил бололтой. Энэхүү ногоон өнгийн уутанд зарцуулж буй төсөв нь хэт өндөр байгаа болохоор ийн хэлж байгаа юм.

Тодруулбал, Хогны уутаар айл өрхүүдэд үнэгүй хангахад 3 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Гэтэл одоо байгаа хогны уутаа бариултай болгох асуудал яригдаж эхлэсэн. Ийн бариултай болгохын тулд 4,5 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргажээ. Мөн өрх бүрт зарцуулж байгаа 95 төгрөгийг хуримтлуулбал жилд 5.4 тэрбум төгрөг болно.

Энэ их мөнгийг дан ганц "хогны уут"-нд зарцуулж байхын оронд сургууль, цэцэрлэгэгүй бяцхан үрсийг минь ирээдүйд анхаарч болмоор санагдах юм. Тэднийг цэцэрлэгт хамруулах гэхээр байр нь хүрэлцэхгүйгээс үүдэн гэртээ үлдэн цоожлогдож байгаа гэдгийг Эрхэм Хотын мээр мэдэж л байгаа.

Монголын сургууль, цэцэрлэгийн байр хүрэлцээгүйгээс болж олон хүүхэд гэртээ гал түймрийн осолд орох, бэртэж гэмтэх зэрэг аюултай нөхцөлд үлддэг гэдгийг хүн бүр мэднэ. Манай улсад 2-5 насны цэцэрлэгийн насны нийт 220 мянган хүүхэд байдаг ч өнөөдрийн байдлаар 70 мянган хүүхэд буюу 32 хувь нь гэртээ цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөдөг.

Мөн хүүхдийн эмнэлгийн байр ч дутмаг. Дүүргүүдийн хүүхдийн эмнэлэг өдлийн ид оргил ачааллын үеэр  ачаалал нь хэд дахин нэмэгдэж орхидог. Уншигч та бүхэн ямаршуу дүр төрхтэй байдгийг энд хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Аргагүй эрхэнд эмч нар ханиад нь хүндэрсэн хүүхдүүд ээ эмнэлгийнхээ шал, булан тохойнд гудас дэвших зай хаана л байна тэнд хүлээж авдаг.  Ийм дүр зурагтай байгаа байж "хогоо хийгээд хая"-х уутанд 4,5 тэрбум төгрөгийг зарцуулах шаардлагатай гэж үү? Эрхэм эрх мэдэлтнүүд ээ.

Хэрэггүй зүйлд мөнгө хаяж, салхинд хийсгэж байхаар нэг ч болтугай цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг барьчихад болмоорсон. Нэг их сүржин нэртэй "Азийн цагаан дагина" уутнаас татгалзаж хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг барья!

Х.Даваа