Машинд шатсан эмэгтэйг нөхөр нь биш адуучин залуу амийг нь хөнөөсөн байжээ
2019/09/11
Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт 09 дүгээр сарын 03-ны өдрийн 11.45 минутад “Манай хамаатан Б-нь өөрийн нөхөрт М-д шатахуун хүргэж өгөөд буцсан ба түүнээс хойш сураггүй алга болсон” гэх дуудлагыг хүлээн авч тус аймгийн Есөнбулаг сум Наран багт очин үзлэг шалгалт, эрэн хайх ажлыг зохион байгуулан ажилласан бөгөөд энэ сарын 04-ний өглөө автомашинтайгаа шатаж нас барсан байдалтай байхыг нь олсон юм.
Мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдын хамтаар ажлын хэсэг гарган ажилласан байна.
Шалгалтаар талийгаач ”Б” нь энэ сарын 02-ны өдөр хээр машины шатахуун дуусч зогссон нөхөртөө шатахуун хүргэж өгөөд буцаж явах замдаа 1995 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, Говь-Алтай аймг Есөнбулаг суманд Д гэгч айлын мал малладаг Н.Бумбаяр гэгчтэй тааралджээ.
Улмаар уг этгээд хохирогчийн амь насанд халдан галдан шатаасан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Хэргийг ямар шалтгааны улмаас үйлдсэн зэргийг Аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.
Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн цагдан хоригдсон Н.Бумбаяр нь урд өмнө Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхээр танхайн хэргээр торгох ялаар шийтгүүлж байжээ.
Уг хэрэгтэй холбогдуулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нөхөр нь эхнэрийнхээ амь насанд хүрсэн гэж ташаа мэдээлэл гарч байсныг залруулж байна.