2020 оны Токиогийн олимпт өмсөх тамирчдын хувцастай танилц
2019/09/13
"Токио 2020" зуны XXXII олимпын наадамд оролцох Монголын үндэсний шигшээ баг тамирчдын спортын болон ёслолын хувцасны загварыг өчигдөр танилцуулав.
Дэлхийн улс орнууд спортоор дамжуулан өөрийн улсын брэнд өнгө төрхийг тодорхойлж түүнийг бизнесийн зорилгоор ашиглаж эдийн засгаа дэмждэг билээ. Харин манай улс өнөөг хүртэл тэрхүү өнгө төрхөө тодорхойлоогүй байгаа юм.
Спортын амжилт гаргаж буй Монгол Улсын Үндэсний шигшээ баг, тамирчдаар дамжуулан Монгол үндэстний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг Үндэсний мэргэжлийн загвар зохиогчдоор тодорхойлуулах зорилгоор загварын уралдааныг хувцас урлалын нийт уран бүтээлч, байгууллага хамт олонд зориулан урьдчилсан уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулан өргөн хүрээнд зарлаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ.
Энэхүү спортын болон ёслолын хувцасны загварын уралдаанд нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлсэнээс “Мишээл-Амазонка” ХХК шалгараад байна. Спортын хувцасны загварыг уралдааны удирдамжид заасны дагуу “Үндэсний шигшээ багийн тамирчид”-д танилцуулан, ёслолын хувцасны загварыг олимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсэгт танилцуулан санал авч тус тус баталгаажуулан, “Мишээл-Амазонка” ХХК-д спортын болон ёслолын хувцас үйлдвэрлэх эрхийг өгч гэрээ байгууллаа.
Токио-2020 Олимп, Паралимпийн наадамд оролцох баг тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардалд 394.3 сая төгрөг гаргах бөгөөд “Токио Олимп Сан”-гаас санхүүжилтийг шийдвэрлэнэ.
Мөн тамирчдын өдөр тутам бэлтгэл сургуулилтад зориулагдсан спортын хувцсыг Японы “Мизүно” брэндийг тамирчдад өмсгөхөөр шийдвэрлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2018 оны 08 дугаар сард тус компанитай гэрээг байгуулсан билээ.
Өнгөрсөн “Рио-2016” олимпын наадмын Монголын үндэсний шигшээ багийн хувцас нэлээд шүүмжлэл дагуулж байсан билээ. Харин 2020 оны Токиогийн олимпын наадамд хар хөх, цагаан өнгийг хослуулсан монгол загварынх байхаараа илүү өвөрмөц онцлог харагдаж байна.