Гадаад багш нарт тавих цензураа чангатгах цаг болжээ, Боловсролын сайд аа
2019/09/17
Хар тамхи гэх үгийг гадаадын мафын бүлэглэлтэй киноноос сонсож байсан цаг саяхан мэт. Гэтэл өнөөдөр манай улсад өдөр болгон хар тамхи хэрэглэсэн, биедээ авч яваад баригдлаа гэх түгшүүрт мэдээ сонсогдох боллоо.
Бидний ирээдүй хар тамхинд өсөхгүй гэх баталгаа алга. Нөгөөтэйгүүр, гадныханыг хэт тахин шүтэх ч осолтой гэдгийг харуулаад байна. Тухайлбал, манай улсын нэгэн дунд сургуульд багшлахаар ирсэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С-ийг өчигдөр биедээ хар тамхины төрлийн бодис хадгалж явсан нь илэрчээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол Улсад ирсэн байна. Мөн хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ.
Уг гадаад улсын иргэнд холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд Шүүхээс “хязгаарлалт тогтоох” буюу хуучнаар “хилийн хорих тавих” таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Гадаадын иргэн манай улсад багшлахаар ирчихээд хар тамхитай холбогдсон хэрэг үүгээр зогсохгүй. Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Нигер улсын 31 настай иргэн Тайланд улсаас Монгол Улсад шуудан илгээмжээр их хэмжээний хар тамхи оруулж ирснийг шуурхай илрүүлсэн юм. Нигер улсын иргэн Шон гэгч нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг нэгэн сургалтын төвд англи хэлний цагийн багшаар ажиллаж байсан бөгөөд Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид прокурорын хяналт дор түүнийг хэргийн газраас үйлдэл дээр нь баривчилж байсан юм.
Хичээлээ зааж байхдаа хар тамхи хэрэглээгүй байдаг гэх баталгаа ч алга. Тэгэхээр гадаадаас боловсон хүчин хэмээн оруулж ирж байгаа багш нарт тавих цензураа чангатгах болсныг үүгээр бидэнд анхааруулж байна гэхэд хилсдэхгүй нь ээ. Боловсролын сайд аа.
Энэ оны есдүгээр сарын байдлаар хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 14-18 насны зургаан хүүхэд, 18-25 насны 130 залуус, холбогдон шалгагдсанаас Ерөнхий боловсролын сургуулийн 6 сурагч , 23 оюутан байжээ.
Манай Улсад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тогтмол хэрэглэдэг 60 орчим мянган иргэн бий гэх төрийн бус байгууллагын албан бус судалгаа бий. Нийслэлийн эрүүл мэндийн газар болон бусад холбогдох байгууллагуудтай хамтарч хийсэн 2010 оны судалгаанаас харахад архи, тамхины хэрэглээ өсвөр үеийнхний дунд өндөр байсан бөгөөд мансууруулах эм бодисыг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг гэж хариулжээ. Нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 44.6 хувь нь архи, 40.3 хувь нь тамхи, 2.9 хувь нь бензин, 1,8 хувь нь каннабис, 0.9 хувь нь экстаси хэрэглэж үзсэн хэмээн хариулжээ. Энэ тоо сэтгэл түгшээж, манай улсын ирээдүй хойч үе "хар тамхинд" өсөхгүй гэсэн баталгаа байхгүй байгааг илтгэнэ.
зочин · 2019/09/17
Хувийн сургуульд багшилж байгаа гадаадын иргэдийг сайн шалга. Багшлах эрх байгаа эсэх биеэ авч яваа байдал гэх мэт.