Жүжигчин Ж.Баясгалан: Чи надтай анх гэрлэхдээ гайхамшгийг бүтээнэ гэж хэлсэн, одоо бүхнийг давж гаръя гэсэн
2019/10/01
Жүжигчин Б.Амарсайхантай хамтран "Бодлын хулгайч", "Үргээлэг" киногоороо үзэгчдийн танил болсон жүжигчин Ж.Баясгалан хоёр жил гаруйн өмнө мото спортоор хичээллэж байгаад осолд орж, хүнд хагалгааг даван гарсан билээ.
Тэрбээр алхахгүй, босохгүй, тэргэнцэр дээр суух магадлал ч маш бага. Ийм өвчтэй хүн урт насалдаггүй” гэж солонгос эмчийг хэлэхэд нь би “Намайг Баясгалан гэдэг. Би монгол хүн. Би хөл дээрээ босоод хүүхдүүдээ дагуулаад ирнэ. Тэр үед та энэ өвчнийг эмчилсэн анхны эмч нь болоорой” гэж хэлсэн... Түүний илтгэлийг бүрэн эхээр нь буулган хүргэж байна.
Би бизнесийн салбарт 20 гаруй жил ажилласан. Бизнес эрхлэхийн хажуугаар экстрем спортоор хичээллэдэг байсан. Хань минь ч үргэлж намайг дэмждэг байлаа. Өөрийгөө ялан, дийлэхийн тулд сонирхогчдын тэмцээнд хүртэл орж байлаа. Тэр үед тийм гайтай өдөр ирдэг гэж үнэндээ бодоогүй. 2017 оны тавдугаар сарын 13-ны өдөр. Гараанаас би яг л галзуу барс шиг давхиж гарлаа. Гэтэл ганцхан хормын дотор бүх юм орвонгоороо эргэж, маш их гэмтэлтэйгээр би гэмтлийн эмнэлэгт сэрсэн. 48 цагийн турш би өөрийгөө ямар гэмтэл авсныг мэдээгүй. Аав, ээж, найз нөхдийнхөө харцнаас яг л надтай салах ёс гүйцэтгэж байгаа мэт дүр зургийг олж харсан. Тэр үед үхэл их л ойрхон юм шиг санагдсан. Харин ганцхан хүн над дээр ирж, итгэлийн гал бадраасан нь миний насны хань байсан юм.
Гэмтлийн эмнэлгийн сэхээнд хэвтэж байхдаа би хажууд байгаа хүмүүсээсээ үхэл, амьдрал ямар ойрхон, цуг оршдог юм бэ гэдгийг олж харсан.
Нислэг даахгүй ч байж магадгүй гэх эрсдэлийг үүрээд Өмнөд Солонгосын Сөүлийн их сургуулийн эмнэлэг рүү явсан. Тэнд очоод л эдгэчих юм шиг санаж байсан. Тэр үед миний зөвхөн нүд л хөдөлж байсан. Хагалгаандаа орж ирснийхээ дараа шууд дасгал хөдөлгөөнөө хийж эхэлсэн. Тэмцэж эхэлсэн. Надад гараа хөдөлгөж, босож, эргэх ямар ч боломж байгаагүй. Бусдаар дэмжүүлээд цээжээ өндийлгөөд л ухаан алдаад уначихдаг байсан. Ухаан орохдоо үргэлж би баяр хөөртэйгөөр сэрдэг байсан.
Өдий болтол би босох оролдлого хийж, амьдралын төлөө зүтгэж байхдаа клиник үхлээр гурван удаа үхсэн. Ухаан алдсанаа тоолбол хэдэн зуун удаа гэдгийг ч би мэдэхгүй. Хагалгаанаас хойш 60 хоногийн дараа монгол руу буцахаар шийдсэн. Буцахын өмнөх өдөр би үнэнтэй нүүр тулсан. Энэ бол хамгийн хүнд өдөр байсан.
Эмч нарын зөвлөгөөний хурлаар надад хагалгаа хийж, сувилж, сахиж байсан нийт арав гаруй хүний өөдөөс би болоод миний хань, аав бид гурав л сууж байлаа. Өвчтөн Баясгалан нугасны 90 хувийн гэмтсэн, та хэзээ ч алхахгүй, бас босохгүй, тэргэнд дээр суух магадлал ч бага насан туршдаа хэвтэж амьдралыг өнгөрөөнө. Гэхдээ ийм хүмүүс урт насалдаггүй гэж хэлсэн.
Надад итгэл өгөх жаахан ч гэсэн дэм хэрэгтэй байсан. Би эмчээс асуусан л даа. Эмч ээ, би хэрвээ босож чадахгүй ч гэсэн таны эмчилж байсан хүмүүсээс боссон хүн байгаа биз дээ гэхэд байхгүй гэсэн. Тэгвэл дэлхий дээр байгаа биз дээ, гайхамшиг үргэлж л байдаг шүү дээ гэхэд, уучлаарай яг ийм төвшний гэмтлээс боссон тохиолдол байхгүй гэсэн. Энэ үед надад дэлхий ерөөсөө бодогдоогүй. Надад хань, аав ээж, үр хүүхэд, хамт олон, миний сонгосон мэргэжил бодогдсон. Тэгээд би эмчид хэлсэн. Намайг Баясгалан гэдэг. Би Монгол хүн. Би заавал хөл дээрээ босно. Би хөл дээрээ босоод, хүүхдүүдээ дагуулаад танай эмнэлэг дээр ирнэ. Тэр үед та дэлхий дээр эмчилсэн анхны эмч болоорой гэсэн.
Энэ уулзалтын дараа надад цаг байгаагүй, би шийдчихсэн байсан. Би дасгал хөдөлгөөнөө хийж эхэлсэн. Босох хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдөн Монголдоо ирээд Грандмед эмнэлэгт хэвтсэн. Бүтэн долоон сарын турш эмнэлэгт хэвтээд өнөөдрийг хүртэл би яг 864 хоногийн туршид өглөөнөөс орой болтол зөвхөн босохын төлөө тэмцэж байна.
Бүх дасгал хөдөлгөөнөө хийж байгаа. Эмч, сувилагч, жолооч... Энэ багаа би "Мөрөөдлийн баг" гэж нэрлэсэн. Бас энэ хүнд үед надаас нэг ч найз нөхөд маань холдож одоогүй. Тэд бүгд миний тэмцэл минь болж байсан.
Тэсэхүйеэ хүнд бэрх өвдөлтийг давах нь надад хэцүү байсан ч тэрнээс илүү миний гэр бүлд маань ямар хүнд байсан. Хүүхдүүдийн минь ганцхан хүсэл аав нь эрүүл болох байсан. Өдий болтол миний хажууд байсан эхнэрт маань өвдөх эрх байгаагүй.
Намайг өргөж босгох хүч бол хайр л байсан. Миний урагш тэмүүлэх хүч бол хайр л байсан. Би аав хүн.
Би охиноо хуриманд нь хөтөлж очоод, нөхөрт нь хүргэж өгөх ёстой ААВ ХҮН. Би хань хүн. Би азтай эр хүн.
Би дэлхийн хамгийн сайхан эмэгтэйг эхнэрээ болгосон. Түүнийхээ нүднийх нь галыг бөхөөхгүй, нүүрэнд нь үрчлээ суулгахгүй, анх гэрлэснээсээ илүү сайхан байлгах үүрэгтэй би НӨХӨР ХҮН.
Би үхэлтэй тэмцээд ч болов амьдарна. Би эцсээ хүртэл тэмцэнэ. Амьдрах, амьдрахдаа чанартай амьдарна.
Бусдад, урам өгч зорилготой амьдарна. Хийж, бүтээж, зорьсноо биелүүлж амьдарна. Өөрийнхөө төлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө, эрүүл мэндээ даатгуулж, дархлаатай амьдарцгаая.
Би зорьсон зорилгодоо хүрэхэд ойртож байгаа...
You · 2019/10/01
Estoi mundag bna.