НИЙСЛЭЛ ХҮРЭЭНИЙ ГАНГАН ХҮҮХНҮҮД

Ардын хувьсгал ялан мандсанаас хойш манай охид, хүүхнүүдийн царай зүс улам өнгө орж, хувцас хунар нь дэгжин болохоос гадна үзэл бодол, сэтгэл санаа, соёл боловсрол нь аргагүй дээшлээд иржээ. Чухамхүү энэ үеэс “Хүрээний гангачууд” гэсэн нэр томъёо өмнөхөөсөө улам хүчээ авч хожим нэр алдараа дуурсгасан олон сайхан хүүхэн тодрон гарсан түүхтэй. Жишээ нь хүрээ дуунд мөнхөрсөн Хэенхуар, Дунжидмаа, Цэенпил, Эрдэнэдүүрэгч ван Намхайжанцангийн хатан Дашбалжир, Жинжий Бадам, “Ванлий” буюу алдар цуут Баянжаргал, “Уяхан” Тамжид, Ши данжаадын авааль эхнэр Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр, Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Маршал”-ын Дэвээ, “Барон” Дашзэвэгийн эхнэр “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор, Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд нарын олон арван ганган царайлаг хүүхэн хорь, гучаад оны Нийслэл хүрээг чимэглэж байжээ. Мөн Нийслэл хүрээнд Түшээт хан Насантогтохын хатан Хулан гэгч царай зүс сайхантай ганган дэгжин хатан байсан бол хошой чин ван Цогбадрахын хатан бие томтой, билэг ухаан сайтай, өнгө тунамал, үзэсгэлэн төгөлдөр, тэр чинээгээрээ эдийн дээдийг өмсөж зүүдэг нэгэн байж. Дээр нэр дурдсан хүүхнүүдээс “Уяхан” Тамжид, Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр нар буруу замаар явчихаж. Харин Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор нар гадаад дотоодод боловсрол эзэмшиж ганган хээнцэр толгойгоо эрдэмээр чимэглэсэн гавъяатай. Ингээд Нийслэл хүрээний ганган хүүхнүүдийн тухай өгүүлсү.

ЧУУМАНГИЙН ХӨРӨНГИЙГ ӨВЛӨСӨН “ХАЛУУН УС”-НЫ БҮЖИД

Судалгаанаас үзэхэд 1910-аад оны Да хүрээ нь Амбан ханы хороо, Сангийн яамны хороо, Цахарын хороо, Жонон вангийн хороо, Эрдэнэ вангийн хороо, Бишрэлт гүний хороо, Дайчин бэйсийн хороо гэх мэт нэлээд олон хороотой байжээ. Эдгээр хороодын зохион байгуулалт хийгээд хаана нь хэн гээч алдартан амьдарч асан тухай гуч, дөчөөд оны судлаачид тун нарийн тодорхойлжээ. Жишээ нь “Дайчин бэйсийн хороонд Бүжид хүүхэн хэмээх эзэнтэй хувийн халуун усны газар, төрөл бүрийн барааны дэлгүүр, хятад банк, Басовын компанийн төв байр байсан” гэж тэмдэглэсэн байх аж. 1910-аад оны үед Да хүрээнд Тавын халуун ус, Товуугийн халуун ус, Бүжид хүүхний халуун ус гэх мэт хэд хэдэн халуун усны газар байсан болох нь Нийслэл хүрээний түүх бичлэг хийгээд тухайн үеийн хүмүүсийн дурсамж яриагаар нотлогддог. Дээр өгүүлсэн Тавын халуун ус, Товуугийн халуун ус зэрэг нь баян данжаад нарын эзэмшил байсан бөгөөд эдгээр нь сүүлдээ хүрээний гангачуулын биеэ үнэлдэг газар болсон гэдэг. Тухайн үед Монголын ихэнх эрчүүд хүрээ хийдэд шавилан сууж эмс охидыг сонирхохоо байснаар туйлын хүүхэмсэг хятад иргэдэд аятайхан боломж олгосон байдаг. Тавын халуун ус, Товуугийн халуун усаар эргэлдэх хятад эрчүүд монгол бүсгүйчүүдтэй учир ургуулж, тэднийг “Ам торгоны”, “Хошуу хоргойны”, “Дээлийн өнгөний” гэсэн ангилалд багтааж байсан түүхтэй. “Дээлийн өнгөний” гэсэн ангилалд багтдаг хүүхнүүд нь Нийслэл хүрээний жинхэнэ гангачууд байжээ. Хятадуудын энэхүү бусармаг ажиллагаа сүүлдээ гэмт хэргийн шинжтэй элдэв асуудал дагуулах болсоноор хүрээний гангачууд Бүжид хүүхний халуун ус руу хошуурах болсон гэдэг. Энэ тухай эдүгээ Чингэлтэй дүүргийн 8-р хороонд оршин суух өндөр настан Б.Дамдинжав гуай хуучлахдаа “Халуун усны Бүжид хүүхэн гэдэг чинь миний ээжийн төрсөн дүү нь байсан юм. Тэр халуун усны газар нь өөрийнх нь өмч биш байж. Ер нь хориод оны үед өөрийн гэсэн дэлгүүр хоршоотой, аж ахуйтай монгол хүн ховор байсан гэдэг юм. Харин хятадууд бол дэлгүүр хоршоо, хувийн аж ахуйгаар хахаж байсан цаг. Бүжид эгч маань 1900-гаад оны үед хүрээний гангачуулын нэг явахдаа Чууман гэдэг баян хятадтай дэр нэгтгэж, тэр нь 1910-аад оны үед нас барсанаар халуун усны газар нь түүний мэдлийнх болсон юм гэнэ лээ. Ингэж Да хүрээнд “Бүжид хүүхний халуун ус” гэдэг нэр томъёо үүссэн түүхтэй. Харин Ардын хувьсгал ялан мандсаны дараа хувийн аж ахуйнууд улсын мэдэлд очсоноор “Бүжид хүүхний халуун ус” гээч нь үгүй болсон гэдэг. Энэ халуун усны газар нь одоогийн 23-р сургууль, Барилгачдын талбай хавьцаа байсан тухай ээж минь ярьдаг байлаа” гэж өгүүлсэн юм. Ямартай ч 1910-аад оны үед хүрээний гангачуулын нэг Бүжид хэмээх хүүхэн хувийн халуун усны газар ажиллуулаад тун цоглог явсан бололтой.

Б.Ойдов

Өмнөх цуврал:

Жавзандамба хутагтын таалалд нийцсэн жавхлан төгөлдөр авхай нар

Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд

Цэвээн тэргүүний ганган охин Цэрмаа

Хэмжээлшгүй хөрөнгийн эзэн Хэенхуар

Данжаадын гэрийн хорионд орсон “дэгжин” Саран

Хайтангийн хашаанд хадагдсан далай вангийн Мөнхтөмөр

Богдын ногоон ордны “цэмцгэр” Ханд

Лосолын хайрыг татаж явсан Жамъян гүний Чимэд

Цагийн уртад мартагдаагүй “цагаан сар”-ын Янжиндулам