“Монгол Вундеркинд-2013” олимпиадын I даваа амжилттай өндөрлөлөө
2013/04/01
Ерөнхий боловсролын сургуулиудын 6-10-р ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж байгаа “Монгол Вундеркинд-2013” олимпиадын нэгдүгээр даваа 3 дугаар сарын 30-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.
Сурагчдын газарзүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх, газарзүйг шимтэн суралцах, олон талт мэдлэг эзэмших хүсэл сонирхлыг дэмжих, байгальд ээлтэй хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, байгаль, газарзүйн шинжлэх ухааныг сурталчлан таниулах зорилготой тус олимпиадыг National Geographic Mонгол төсөл, National Geographic Kids Mонгол сэтгүүлээс зохион байгуулж байгаа бөгөөд БШУЯ, ШУА-ийн Газарзүйн Хүрээлэн, МУИС-ийн Газарзүй, Геологийн сургууль, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, МУИС-ын Мэдээлэл Технологийн Сургууль болон NTV телевиз дэмжин ажиллаж байгаа билээ. 4 үе шаттайгаар явагдах “Монгол Вундеркинд-2013” олимпиадын нэгдүгээр давааны шалгаруулалтад Улаанбаатар хот, Хөвсгөл, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудаас нийт 354 хүүхэд оролцлоо. Оролцогчид англи, монгол хэл дээр бичгийн шалгалт өгсөн бөгөөд эхний байрыг эзэлсэн 100 хүүхэд 4 дүгээр сарын 14-д болох дараагийн шатанд өрсөлдөхөөр шалгарч үлдээд байна.
Олимпиадын хоёрдугаар даваа нь мөн л англи, монгол хэл дээрх бичгийн шалгалт байх ба 50 хүүхдийг шалгаруулах аж. Харин сүүлийн 2 шатыг телевизийн уралдаант нэвтрүүлэг хэлбэрээр олон нийтэд үзүүлэх юм байна. Шилдгийн шилдэг 3 сурагчийг тодруулж, 2013 оны 7-р сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох дэлхийн газарзүйн аварга шалгаруулах “The National Geographic World Championship” уралдаанд эх орноо төлөөлөх баг болгон оролцуулах юм. “Монгол Вундеркинд” газарзүйн олимпиад цаашид хоёр жил тутамд зохион байгуулагдах аж.