Хэдэн жилийн өмнө Японы монгол судлаач “Тархины тураал” гэсэн нийтлэл бичиж шуугиулж байлаа. Манайхны дургүй байсныг яахав. Гэтэл яах аргагүй л тархины тураал, оюуны хоосролд гүн автсан байна.

2012 оны 12 сарын 21-нд “дэлхий сөнөнө” гэж Майяачууд зөгнөсөн гээд баахан шуугиж, нийгэмд нэр хүндтэй нэлээд хэдэн нөхөд булайгаа чирч дуусав. Түүнд нь итгэсэн хичнээн мянган хүн байсныг бодохоор эмгэнэлтэй. Орфилеймын бараагаа зараад мөрөөрөө явж байсан Оюунгэрэл авгай хүмүүсийн оюун санаагаар хичнээн тоглов оо. Түүнд нь итгэсэн нөхдүүд тэртээ 1960-аад онд дэлхий сөнөнө, гариг эрхэстэй мөргөлдөх гэж байна гэж шуугиулж байсантай адилхан зүйл болох дөхөв. Зарим баячууд, учир мэдэх хүмүүс хүртэл хөдөө гарч, гэр орон барьж, байшин саваасаа дайжсан гэж байгаа.

Хагас ухаантнууд гэгээнтэн болж хувирдаг цаг үед бид амьдарч байх шиг байна. Арго багш гэж гадаад хэлтэй “галзуу” залуу нэг хэсэг шуугиулж, баахан сурах бичиг үйлдвэрлэж, түүнийг нь манайхан дэлгүүрийн лангуун дээрээс хоосолж байсан цаг саяхан. Тэгвэл хэдэн хүн гадаад хэлийг түүний зааснаар сурсан нь бүрхэг. Түүнд итгэж, номыг нь худалдаж аваад байгаа хүмүүс бас л “оюуны хоосролтнууд”. Ямар ч байсан мань хүн хэдэн жил идэх хоолтойгоо болж, хэл заах нь явцгүй болоод ирсэн чинь Чингис хааны тахилчин болж, ямар ч билээ шинэ бурхан бүтээж, энд тэнд тахилга хийж манаргав. Одоо басл сураг чимээгүй болж дээ. Түүнийг дагаж “шинэ бурхан”-д нь сүсэглэгчид олон болсныг яалтай ч билээ дээ.

“Чингис хааны академи” гэж анх байгуулагдаж байхдаа их аятайхан эхэлж, олон ч хүнд зөв хэмээн таалагдаж, тэргүүн П.Даваанямыг хүмүүс овоо залуу хэмээн тоож байсан цаг одоогоос 15 жилийн өмнөх явдал. Гэтэл сүүлдээ тэр хүн нь Чингис хааны шууд удмын хунтайж хэмээн өөрийгөө зарлаж, дэлхийн их хаадын удмын хунтайж нар монголд ирж, түүнийг өргөмжилсөн юм байх. Түүнийг нь монголчууд огт мэдээгүй өнгөрсөн нь харамсалтай. Би лав дэлхийн алдартай хаадууд монголд ирж, мань хүнийг “Хунтайж”-д өргөмжилж, их ёслол хийж байхад тааралдаагүй азгүй хүн. Эрхэм хунтайжтан монгол орны аймаг сумдаар явж Алаг сүлд, Хар сүлд, Цагаан сүлдний тахилга хийж бужигнуулж байв. Тэр тахилга тайлганд нь олон хүн цуглаж, дагаж хошуураад байгаа нь бас л оюуны хоосролын шинж.

Мөн сүүлийн үед Монгол суу ухааны манукол академи байгуулагдаж, хатан ухаан, хаан ухааны тухай ярих болжээ. Угшил нь гэвэл “монгол суу ухаан”-ыг нээсэн З.Бат-Отгон. Уг санаа нь хэрэгтэй, монголынхоо язгуур соёл, ухааныг хойч үедээ өвлүүлэх, түүнийг таниулахад оршиж байгаа хэдий ч гэлээ зарим талаараа хэт туйлширч, солиорол болох дөхөж байна. Энд тэнд урьж лекц уншуулж, зурагтаар нэг гарна. Аливаа юм байгаа хэмжээнээсээ халихаараа утга учраа алддагийн сонгодог жишээ гэж хэлж болно. Ярьж байгаа зүйлийг нь ойлгоход бэрх. Лав маниас дээгүүр ухаантай нь эсвэл “бүр таг” нөхөд л сайн ойлгодог байх. Охид, хүүхнүүд тэрхүү академийн жинхэнэ гишүүн гэж, Хатан ухаан танхимынхан гээд сурталчилгаа хийж эхлэжээ.

Бид сүсэгтэй сүсэгтэй гэхэд арай л биш ээ. Хэтэрхий туйлширч, бурхан шүтээнд мөргөхөөсөө илүү яавал би баян байхав, яавал хурдхан мөнгөтэй болох вэ? гэж мөргөдөг цаг иржээ. Хэдэн жилийн өмнөөс шинжлэх ухааны доктор, профессор Б.Сарандаваа гэх бас нэг ухаантан тодорч, 1000 Дар эхийн сүм байгуулж, буян хишигийн даллага, 5 даллага ч гэнэ үү баахан зан үйл үйлдэж, манайдаа томд тооцогдох тоглолтын заалыг хэдэн өдрөөр хүнтэй байлгаж, мөнгийг ууталж өгч байна. Саяхан хэд хоногийн өмнө Бөхийн өргөөнд болсон “Таван хишигийн даллага” авах арга хэмжээнд нь суудал олдохгүй байсан гэнэ. Түүний “мөнгөний даллага”-аар мөнгөтэй болж баяждагсан бол энэ хэдэн сайдуудаа, ерөнхий сайдаа суулгаж байгаад даллага авахуулах юмсан. Тэд маань мөнгө босгох гэж, үндэсний үйлдвэрлэлээ хөл дээр нь босгож, төсвөө өөрсдөө сэтгэл амар бүрдүүлдэг болох гээд л зовоод, энд тэндээс “бонд” босгож ард биднийгээ өрөнд оруулах хэрэг байгаа ч юм уу даа. Түүний оронд Бөхийн өргөөнд болсон ёслолд оролцоод “Улсынхаа сан” хөмрөгийг дүүргэж байхгүй үгүй мөн тэнэг улс аа. “Оюу толгой”-хон ч гэсэн дээ тэр авгайгаар даллага авахуулаад л баяжиж хэвтэхгүй тэнд үйлээ үзэх хэрэг байгаа ч юм уу бүү мэд гэсэн шүү юм ч хааяа бодогдоод.

Энэ мэтээр яриад байвал уртын урт яриа, жишээ хөвөрнө. Сүүлийн үед тодорсон бөө, удган, гэгээнтэн, зөн билэгтэн гээд хөөвөл ч мундашгүй зүйл гарах биз. Дээрээс нь энд тэндхийн мод, чулуунд мөргөж, залибарч байгааг тоочоод ч барахгүй.

Хүмүүс ингэж мунхарч, туйлширч байгаагийн гол учир нь “оюуны хоосрол”. Хүн юу ч мэдэхгүй байж болно оо, түүнийгээ гайхуулах хэрэггүй гэсэн мэргэн үг байдагсан. Гэтэл сүүлийн жилүүдэд дарга, иргэн ялгаагүй л бүгд “оюун ухааны хомсдол”-той их мэдэгчдийг дагаад, тэдний хийсэн элдэв ёслолд оролцоод байгаа нь эмгэнэлтэй бөгөөд “оюуны хоосрол – тархины тураал” нийгмийг бүрхсэн болохыг харуулж байна.

Бид ардчиллын он жилүүдэд их л хөөрцөглөж, гадны мэдлэгийг нутагшуулах гэж байх хооронд иргэд маань ухаалаг технологи, техникийн хөгжлийг гүйцэхгүйгээр үл барам нэг алхам ухарч, нийгмээрээ сэтгэлгээний доройтол, оюуны хоосролд орж гүйцлээ.

Хүмүүсийн ийм байдлыг анзаарч өөрийн явуургүй ухаан, тэнэг байдлаа баялаг болгож байгаа хүмүүсийг буруутгах хэрэггүй л дээ. Харин тэдний ийм тэнэг байдлыг даган дууриаж байгаа хүмүүс өрөвдөлтэй. Мухар сүсэг гэдэг бол ухаан дутуу хүмүүсийг амархаан уургалж болдог “цалам” юм.

Ном уншиж, ухаанаа гэгээрүүлж, аливаа зүйлд учир утгатай хандахгүй бол нийгмийг бүхэлд нь хамарсан энэ мэт гаж үзэгдэл газар авсаар л байх нь. Хүмүүс элдэв балай зүйлд хэр барагтай итгэхээ больж, оюунд нь гэрэл тусвал дээрх мэт хүмүүс энэ нийгмийн хүрээнээс аяндаа л шахагдана. Тэдний ярьж, хэлж байгаад итгэх “ухаантан”-ууд байгаа цагт тэдний бизнес цэцэглэж, ертөнц биднийг харан дооголсоор л байх болно.

 

А.Ядам