Багийн спортын төрлөөр хүрэл медалийн эзэн болсон тамирчддаа баяр хүргэе
2019/10/17
Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн түүхийн хуудаснаа цоо шинэхэн амжилтыг С.Тулга, С.Төгсжаргал дасгалжуулагчтай, А.Ананд, А.Алтангэрэл, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ нар тодоос тод бичлээ.
Тодруулбал, Doha 2019 World Beach Games буюу Дэлхийн элсний спортын анхдугаар наадам Катарын нийслэл Дохад болж өндөрлөв. Тус наадамд Монгол Улсаас зөвхөн 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр эрэгтэй, эмэгтэй баг тамирчид эрхээ авч оролцсон юм.
Монголын эрэгтэй баг хасагдах шатанд чадварлаг бүрэлдэхүүнтэй Хятадын багийг 20:17 оноогоор хожоод, дараа нь ОХУ-ын багт 8:21 оноогоор хожигджээ. Улмаар Дэлхийн элсний спортын наадмын хүрэл медалийн төлөө Украинтай өрсөлдөв. Хэсгийн шатанд тэдэнд 15:17 оноогоор ялагдсан бол хамгийн чухал тулаанд манай залуус маш итгэлтэй тоглож 20:16 оноогоор хожив.
Ийн анх удагаа Дэлхийн наадмаас хүрэл медалийг, тэр дундаа багийн спортын төрлөөр хүртсэн нь үнэхээр гайхамшигтай амжилт боллоо.