Гажилтыг засварлах замаар гадаад сектор тогтворжино
2014/03/20
Импортод түшиглэсэн манай орны хувьд гадаад секторын тогтвортой байдал маш чухал. 2007 оныг хүртэл гадаад секторын байдал харьцангуй тогтвортой түвшинд буюу ДНБ-ний 6 хувьд байсан боловч 2008 оноос уул уурхай, ашигт малтмалын салбарын өсөлт, үүнийг дагасан төсвийн тэлэлт нь гадаад худалдааны алдагдлыг 2012 он гэхэд ДНБ-ий 33 хувьд хүргэсэн.
Уул уурхайн бүтээн байгуулалттай холбоотой гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ хугацаанд эрчимтэй явагдаж байсны дүнд гадаад худалдааны алдагдлыг нөхөж ирсэн. Гэвч 2013 оноос уул уурхай салбарын томоохон гэрээ хэлэлцээр зогсож, бусад жижиг хөрөнгө оруулалтуудыг ч гацаанд оруулснаар алдагдлаа нөхөж чадахгүйд хүрсэн. Энэ нь эцсийн дүндээ валютын хомсдол үүсгэж төгрөгийн ханшийг сулруулахад нөлөөлсөн.
Бодлого боловсруулагчдын зүгээс дээрх гажилтыг засах замаар гадаад секторын тогтвортой байдлыг хангах үүднээс 2013 оноос ханшийг аажим сулрахыг зөвшөөрч, зөвхөн валютын захад огцом хэлбэлзэл үүсэх үед л оролцож ирсэн. Үүний үр дүнд 2014 оны эхний хоёр сарын байдлаар зарим эерэг үр дагавар гарч эхлээд байна. Тухайлбал, өнгөрсөн онд төгрөгийн ам.доллартай харьцах жилийн дундаж ханш өмнөх онтой харьцуулахад 12%-иар суларснаар өргөн хэрэглээний бүтээгдэхүүний импорт 4%, түүний дотор тансаг хэрэглээний автомашин, түүний сэлбэг хэрэгсэл 13%, гэр ахуйн бараа 17%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь эдийн засагт зайлшгүй хэрэгцээтэй бус импорт хумигдаж, нөгөө талаар экспорт, дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд урт хугацаандаа ихээхэн ач тустай гэж эдийн засагчид онцлож байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Түүнчлэн 2014 оны эхний 2 сарын байдлаар өмнөх жилүүдийн мөн үед дунжаар 300-400 сая ам.долларын алдагдалтай байсан гадаад худалдааны тэнцэл 19.3 сая ам.доллар болж буурлаа. Үүнтэй зэрэгцэн Оюу толгой зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалтын шат бүрэн дуусч, бүтээгдэхүүнээ экспортолж эхэлвэл гадаад сектор, валютын зах дээрх дарамт бууран, эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдал хангагдах юм.