“Амгалан” амаржих газрын эмч нарын буруугаас болж тээж байсан ураг болон нэг бөөрөө алдсан гэх иргэн мэдээлэл хийв. Хохирогч З.Жавзанпагматай ярилцлаа.


-Тухайн хэрэг хэзээ болсон бэ. Та эрүүл мэндээрээ хэрхэн хохирсон бэ?

-Хоёр бөөр маань буруу байрлалтай байсан. Үүнийг маш том уйланхай байна гэж буруу оношлоод хагалгаа хийсэн. Хагалгаа хийхдээ уйланхай биш гэдгийг мэдээд буцааж оёхдоо марль хийсэн байсан. Үүнээс болоод хорин хэдэн хоног бие маань муудсан, дотор нь хийж оёсон марльнаас болж идээнд баригдаад нэг бөөр минь ажиллагаагүй болчихсон.

Анх гурван сар гарантай байхдаа жирэмсний хяналтад орсон. Энэ үед "Амгалан" амаржих газар дээр ирээд уйланхайтай гэж оношлуулсан юм. Тэгээд зургаан сар хүртлээ “Амгалан” амаржих газарт өвчтэй байсан. Анх энэ эмнэлэгт ирэхдээ өвчин, өвдөлт аль аль нь байгаагүй, эрүүл саруул биетэй, ураг маань зүгээр байсан. Буруу оношлоод, олон хоног түгжрээд байсан болохоор "Амгалан" амаржих газрын эмч нар юу гэдгийг нь мэдэхгүй Хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарт ямар нэгэн өвчний түүхгүйгээр аваачиж өгсөн. Хоёрдугаар төв эмнэлэгт онош нь тодорхойгүйгээр хагалгаанд орсон. Зөвхөн түгжрэл гэсэн байдлаар. Нийтдээ дөрвөн удаа хагалгаанд орсон.

-Жирэмсний хэдэн сартайдаа хагалгаанд орсон бэ?

-Зургаан сартай байхад нь хагалгаанд орсон. Хорин хэдэн хоног эмнэлэгт өвчтэй байсан. Энэ хугацаанд надад их хэмжээний антибиотик хийж байсан болохоор ургаа цаашид тээх боломжүй болсон. Хагалгаанд орсны дараа хэвлийн аюулхай хэсгээр маш их өвдөж байсан. Морфиноос эхлээд өвчин намдаах бүх эмчилгээ тариаг хийлгэсэн. "Амгалан" амаржих эмнэлэг дээр хоёр гурван удаа комьпютер томограф хийлгэсэн. Эмчлүүлж байх үедээ Нэгдүгээр төв эмнэлэг дээр ирж бөөрөө үзүүлж байсан юм. Түгжрэхээр хүний биеийн гэдэс хэсэг ямар ч хөдөлгөөнгүй болдог юм байна лээ. Тэрийг нь харж хэлсэн. Буруу эмчилгээ хийлгэснээс хойш Хоёрдугаар төв эмнэлэг дээр хагалгаанд ороод эмч нарынх нь хариуг авахдаа буруу эмчилгээ хийлгэсэн байна гэдгээ мэдсэн. Ингээд ар гэртэйгээ холбоо барьж Даваацэцэг эмчтэй ярьсан.Тэгэхэд манай гэрийнхний бүх дугаарыг блоколж утсаа авахгүй болж эхэлсэн. Хоёрдугаар эмнэлгээс "Амгалан" амаржих газар руу албан тоот явуулсан байгаа. Энэ хүний биед марль үлдээж, хүндрүүлсэн байна гэсэн.

-Хамгийн анх аль эмнэлэг дээр бөөрөө үзүүлж оношлуулж байсан бэ. Бөөрөө буруу байрлалтай гэдгээ яг хэзээ мэдсэн бэ?

-Өмнө нь Нэгдүгээр төв эмнэлэг дээр оношлуулж байсан. Энэ үед төрөлхийн ийм буруу байрлалтай бөөртэй хүмүүс байдаг. Буруу байрлалтай хэрнээ хэвийн ажиллагаатай гэж оношлуулж байсан.

-Таны зүгээс “Амгалан” амаржих газрын алдаа гаргасан эмч нараас ямар хариуцлага нэхэмжилж байгаа вэ?

-Би анх “Амгалан” амаржих газарт ирсэн шигээ эрүүл саруул болмоор байна. Би ерөөсөө эрүүл мэндээ л нэхэмжилж байна.

-Таны биеийн байдал хэр байгаа вэ?

-Одоогоор нэг бөөр маань даарах, ачаалал авах тоолонд өвдөлт өгдөг. Нэг талын бөөр өвдөөд байдаг болсон учраас ажлаа хийж чадахгүй ажлаасаа гарсан. Би 26 настай.

-Онош нь аль эмнэлэг дээр буруу тавигдсан бэ. Хагалгаанд хэзээ орсон бэ?

-2018 оны зургаан сарын 26-нд гурван сартай жирэмсэн байхдаа Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороон дээр жирэмсний хяналтад орох гээд бүх шинжилгээнүүдээ өгч явсан. Энэ үед эход үзүүлэхэд уйланхайтай байна гэсэн. Тэгээд "Амгалан" амаржих газарт очиж үзүүлэх шаардлагатай гэсэн юм. Зааврын дагуу очиж үзүүлэхэд өндгөвчний уйланхайтай байна гээд хагалгаанд орох хэрэгтэй гэж хэлсэн. Эмч нарын зөвлөгөөнд орох шаардлагатай болсон. Ингээд шинжилгээнд ороод эмч нарын зөвлөгөөнд ороход астамтай байна гэж гарсан. Тэгэхэд уушгиа үзүүлж, эмчлүүлж шинжилгээ хийлгэ гэсэн. Үүний дараа дахин эмч нарын зөвлөгөөнд ороод хагалгаанд орох боломжтой гэж хэлсэн. Ингээд 2018 оны долдугаар сарын 18-нд дахин эмч нарын зөвлөгөөнд орж маргааш нь хагалгаанд орохоор товлосон. Энэ үед намайг өндгөвчний маш том уйланхайтай байна, жирэмсэн үед энэ уйланхай байж болохгүй, хагалгаа хийж заавал авах ёстой гээд дурангийн хагалгаа хийхээр болсон юм. Гэтэл хагалгаа хийх дуран нь эвдэрсэн тул шууд хэвлийн хагалгаа хийсэн.

-Ямар эмч нар хагалгаа хийсэн юм бэ?

-"Амгалан" амаржих газрын эмч Б.Даваацэцэг, Н.Ганболд болон сувилагч Ц.Одхүү, Б.Амаржаргал, П.Отгонжаргал нар хагалгааг нээлттэйгээр хийсэн. Хагалгаа хийж байхдаа надаас шингэн зүйл соруулж аваад шинжилгээнд өгч явуулсан. Тэрнээс хойш төд удалгүй зөвлөх эмчийг дууд, эмч дууд гэж хоорондоо ярьж байснаа намайг шууд бүтэн унтуулсан. Хагалгааны дараа би 4-5 цагийн дараа сэрсэн. Сэрэхэд өвдөлттэй, дээшээгээ зөвхөн бөөлжүүлээд түгжрэлийн анхан шатны шинж тэмдэг илэрсэн. Үүнээс хойш би энэ эмнэлэгт 22 хоног ямар нэгэн оношгүйгээр өвдөж хэвтсэн. Өвдөх тоолонд өвчин намдаагч хийж, онош нь тодрохгүй байгаад байсан. Ингээд 2018 оны наймдугаар сарын 4-нд их хэмжээгээр өвчин намдаах эм, комьпютер хэрэглэж байснаас болж ургаа тээх боломжгүй болсон. Би энэ үед зургаан сартай жирэмсэн байлаа. Ингээд ургийг минь “Амгалан” амаржих газрын эмч Ганболд өөрийн биеэр эм тавьж, өөрөөр минь төрүүлж гаргасан. Ургаа гаргасны дараа ч бие минь сайжрахгүй улам л өвдөөд түгжрэл нь хэвээрээ байсан. Бүр өвчин намдаагчаар ч дарагдахгүй. Ингээд 2018 оны долдугаар сарын 8-нд Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн байран дээр ямар нэгэн өвчний түүхгүй зүгээр л авчирч хаясан. Маргааш нь ямар ч оношгүйгээр зөвхөн түгжирсэн байна гэдэг шалтгаанаар хагалгаанд орсон. Хагалгааны дараа Хоёрдугаар төв эмнэлгийн эмч нар “чиний бөөрийг чинь уйланхай гэж андуурч хагалгаа хийжээ. Хагалгаа хийх явцдаа чиний биед марль үлдээсэн байна. Марль үлдээснээс болоод чиний бүх эрхтэн хоорондоо наалдаж, идээндээ баригдаж, үүнээс болоод бүх эд эрхтэн, нарийн, бүдүүн гэдэс чинь задрах байсан. Ингээд хоёр гурав хоносон бол чи оношгүйгээр энэ хорвоогоос явах байжээ. Бүхэл бүтэн бөөрийг уйланхай гэж андуураад шээсийг чинь соруулж авч шинжилгээ хийхдээ бөөрөөр чинь оролдсоноос болж нэг талын чинь бөөр ажиллагаагүй болгочихсон байна” гэж хэлсэн.

Хоёрдугаар төв эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлснийхээ дараа миний бие сайжирч эхэлсэн. Тэгээд бөөрөндөө гадна талын ил гуурс тавиулж, тэр гуурстайгаа нэг сар явсан. Хичнээн гуурс тавиулаад явсан ч гэсэн "Амгалан" амаржих газрын эмч нарын оролдсон бөөр маань ажиллагаагүй болсон. Тэгээд 2019 оны нэгдүгээр сард бөөрөө ул мөргүй авахуулсан. Хэрвээ "Амгалан" амаржих газрын эмч нар зөв оношлочихсон байсан бол өнөөдөр би есөн сартай охинтой, эрүүл саруул бөөртэй байх байлаа.

-"Амгалан" амаржих газрын эмч нар тантай холбоотой байдаг уу?

-Надтай холбоотой байдаггүй. Уучлалт ч гуйгаагүй. Эдгээр эмч надтай нэг удаа ирж уулзахдаа бид цалин муутай. Бид нар 15 сая төгрөг өгье.Тэгээд энэ маргааныг дуусгая гэсэн. Үүнээс хойш надтай нэг ч удаа холбоо бариагүй.

-Та мөнгийг нь авсан уу?

-Аваагүй.

-Эдгээр эмч одоо ажиллаж байгаа юу?

-Ажиллаад явж байгаа.

Түүнчлэн өмгөөлөгч Т.Хонгор "Уг хэрэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж байгаа. Энэ сарын 21-нд шүүх хурал нь явагдана. Энэ хэрэг жилийн нүүр үзчихлээ. Хэдийгээр шүүх хурал болоогүй ч хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг хэрэгсэхгүй болох магадлал тун өндөр байгаа" гэсэн юм.

Б.ОЮУНЖАРГАЛ