Эдийн засгийн хөгжлийн сайд хэлээд байгаа болохоор нэг их муу амламгүй байна. Тэгээд ч амны билгээс ашдын билэг гэдэг шүү дээ.

Гэхдээ л Монголын маань эдийн засаг элэг дөрвөөрөө мөлхөж байгааг хэлэхгүй байж төвдсөнгүй. Эдийн засаг хэрхэн доройтож, иргэд нь амьдралаа залгуулах гэж яаж зүдэрч байгааг хотын төвөөр холхиж яваа тэр хүмүүсийн нүдний гал, нүүрний үрчлээс нь хэлээд өгнө. Өчигдрийн өдөр тутмын сонины эхний нүүрт "Нарантуул"-ын наймаачид ямар ч орлогогүй гэртээ харьдаг болсон тухай бичсэн байна билээ. Урьд нь наймааныхаа зай завсраар ганц нэг хөзөр эргүүлчихдэг байсан захынхан одоо олон ангит кино үзэх болсон гэнэ. Үйлчлүүлэгчид, худалдан авагчид байхгүй болохоор өөрөөр яаж өдрийг өнгөрөөх билээ, тэд. Захын наймаачдын ярьснаар бөс барааны үнэ жилийн өмнөхөөсөө бараг хоёр дахин нэмэгдэж, зарим нэг нь гурав дахин өсчихсөн гэнэ. "Барс" худалдааны төвийн наймаачин хайрцаг жимсний үнэ хагас жилийн дотор хоёр дахин өсчихлөө гээд цэнхэр дэлгэцээр харуулж байна билээ. Иргэд байтугай албан байгууллага, айл өрх мөнгөний хомсдолд богтлуулчихсан бор хоногийг өнгөрөөж байна.

 

    Ногоон мөнгөний ханшийн өмнө Монголын төр засаг, Төв банктайгаа хамт түрийвчээ сэгсэрч байгаагийн жишээ энэ. Шинэчлэлийн гэсэн тодотголыг өөрсдөдөө наасан Н.Алтанхуягийн Засгийн газрын эдийн засгийн бодлого Монголыг ийн туйлдуулж эхэллээ. Ер нь энэ Засгийн газарт эдийн засгийн хөгжлийн бодлого байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Салбарын сайд нь болохоор бодлогоор бус итгэл үнэмшлээр энэ асуудалд хандаад байх шиг. Нэг л стандарт бус харагдаад байдаг юм. Яахав, биднээс үл хамаарах хүчин зүйл байхыг үгүйсгэхгүй. Угаасаа л амны уншлага болчихоод байгаа хэдэн шалтгаан бий. Нүүрс, зэсийн үнэ унасан, зах зээлийн хумигдсан, гадаадын хөрөнгө оруулалт багассан гэхчлэн бодлогын алдааг тохох "баруун хойт талын байнгын хэдэн хар овоохой" байж л байна.

 

    Гэхдээ "Чингис" бондын буянаар Шинэчлалийн Засгийн газар мөрөөдлөө биелүүлэх мөнгөөр 2013 онд нэг их гачигдаагүй байх. Баахан зам, уулзвар гээд л ярьдаг юм. Хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ хүнээс хүүтэй мөнгө авчихсан улс чинь эхний ээлжинд яаж өсгөх вэ, эргээд мөнгө үйлдвэрлэх салбарт хуваарилах, үндэсний үйлдвэрлэгчиддээ түрүүлж дэмжлэг болох учиртай байсан биш гэж үү. Өөрөөр хэлбэл, бондын хуваарилалт нь үнэхээр шог, бодлогогүй, баруун солгойгүй балгалзсан, дүлий дэд бүтцэд түрүүлж хөрөнгө хаясны гор одоо гарч байна. Хэрэв үндэсний үйлдвэрлэгчдийнхээ эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалтыг эхний ээлжинд дэмжээд, баялаг бүтээгчдийнхээ гарыг ганзаганд дөхүүлээд өгсөн бол өдийд түрүүчээсээ "мөнгө үйлдвэрлээд" эхлэхбайлаа.  Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгсөнгүй. Нэг хэсгийг нь бага хүүтэй зээлээр дэмжиж, шударга өрсөлдөөний журмыг хөсөр хаяв. Чингис бондын хөрөнгийн нэг хэсгээр орон сууцны эрэлтийг дэмжиж үнийг нь хөөрөгдүүлэхийн зэрэгцээ, Хятадын цемент, арматурын импортыг тэтгэсэн.

 

    Монголын эдийн засаг эдүгээ эрчим идэвхээ гээж, "амралт"-ын байдалд байна. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал валютын ханш хамгийн зохистой түвшиндээ хүрсэн хэмээн онол ярьж сууна. Одоо энэ эрхэм онол бус амьдрал ярих цаг нь болсон баймаар. Мөнгөний инфляцийг хараа хяналтаасаа алдчихаад ингэж яриад сууж байна гэдэг нэгэн бодлын бөх зүрх шүү. Гадаад худалдаа оны эхний байдлаар тэнцвэртэй гарсан хэмээн олзуурхаж, Монголбанкныхан ам нээх болгондоо шагшин шогширч байна. Мэргэн цэцэн бодлогын үр дүнд гадаад худалдааны алдагдал багассан гэж эндүүрэв ээ. Угаасаа л эдийн засгийн бууралтаа дагаад гадаад худалдаа бараг зогсчихсон юм чинь юуных нь алдагдал тэнцэл байх билээ.

 

    Шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийн бодлого нэг иймэрхүү хэмнэлээр үргэлжилж байна. Бондын хөрөнгө дуусч байгаа. Төсөв төвлөрч өгөхгүй сандаргаж байна. Дотоодын томоохон аж ахуйн нэгжүүд нь валютын зээлдээ барьц алдаж эхэллээ. Үндэсний хэдэн үйлдвэрлэгчдээ дарамталж шахаж байгаад авдгаа авчихсан. Одоо тэд нь засагт илүүчлэх байтугай өөрсдийгөө яая гэж байна. Аргаа бараад ажилчдаа цалингүй амрааж, амь зогоох хэдхэн төгрөгөөр айл гэрийнхээ амьдралыг залгуулахад хүрч байна. Улсын төсөв ч хүндхэн байгаа сурагтай. Хувааж хуваарилах мөнгөгүй учир УИХ-ын ээлжит бус цуулган зарлаж төсөвт тодотгол хийх амнаасаа буцав бололтой. Иймэрхүү өнгө будгаар өнөөгийн Монголын амьдрал зурагдаж байна. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуягт бол амьдрал сайхан харагдаж байгаа бололтой. Үнийн өсөлт, ард түмний амьдралын доройтол энэ эрхэмд огтхон ч анзаарагдсан шинж алга. Өчигдөр "Бүтээн байгуулалтын цаг"-аар Баян-Өлгийд баригдсан битүү захаар нүүр тахалж, угсруулаад улс төр ярьчих шиг болно билээ.

 

    Засаг тэргүүлж байгаа Ерөнхий сайд нь амьдралаас тасарч, болж бүтэж, хийж бүтээж байгаа гэсэн ганцхан итгэл үнэмшлээр л бүхэнд ханддаг болчихсон мэт анзаарагдах юм. Шинэчлэлийн Засгийн газарт шүүмжлэл ус агаар шиг хэрэгтэй гэж тэр нэг бус удаа хэлж байсан. Таны хүсэн хүлээгээд байгаа тэр шүүмжлэлийн нэг хэсэг нь энэ. Гэхдээ энд өгүүлж буй бүхэн бол бодит байдал. Захын хорооллын эмгэнээс эхлээд Зайсангийн элит хорооллынхон таны тэргүүлсэн Засгийн газарт "хангалтгүй" гэсэн дүн тавих байх. Тавьсан зам, зассан уулзвар, тууз хайчлан шоудаж "туг барьдаг" байсан Хөшигтийн хөндийн нисэх буудал гээд Н.Алтанхуягийн үед эхлүүлсэн, хийсэн бүхнийг чинь мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Үүнийг үгүйсгэхгүй. Хийх нэг хэрэг ч холыг харсан бодлого, дараалал, зохицуулалт гээд орхигдож байгаа олон зүйл бий. Эх орны эдийн засгийн өнөөдрийн доройтол бол ердөө л урагшгүй бодлогын урхаг үр дагавар. Өөр юу ч биш.

 

П.ЯДАМДОРЖ