Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын цол, чимгийг хураахаар болов
2019/10/25
Баяр наадам зохион байгуулах үндэсний хороо өчигдөр /2019.10.24/ хуралдаж, шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон улсын аварга Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүйд тооцох шийдвэр гаргалаа.Мөн олгосон цол, чимэг, бай шагналыг хурааж, барилдах эрхийг 2 жилээр хасахаар тогтов.
Ардын хувьсгалын 98 жилийн ойн Их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурийг ес давсан Даян аварга цол, Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсан Үлэмж бадрах чимэг, Улсын харцага Д.Анарыг долоо давсан Улсын заан цол, Улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсан Улсын харцага, Аймгийн арслан Н.Мустафаг тав давсан хэмээн Улсын начин цол олгох санал гаргав.
Мөн Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсан гэж тооцохоор шийдвэрлэв. Баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны уг шийдвэрийг Ерөнхийлөгчид танилцуулах бөгөөд хуулийн дагуу Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эцсийн шийдвэрийг гаргах юм.