- Иргэд ийнхүү хардаж байна -
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Цагаан сарын баяр өнгөртөл замын ачаалал бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн цифрийн тэгш, сондгойгоос хамаарч амралтын өдрүүдэд хөдөлгөөн хязгаарлах захирамж гаргасан.
Өөрөөр хэлбэл, тэгш тоогоор төгссөн автомашин бямба, сондгой тоогоор төгссөн бол ням гаригт 10.00-20.00 цаг хүртэл замын хөдөлгөөнд оролцох эрхгүй. Харин дээрх захирамжийн биелэлтэд ЗЦГ болон хэв журмын цагдаа нар хяналт тавьж, уртасгасан цагаар ажиллаж байгаа юм байна. Ингэхдээ зөрчил гаргасан жолоочид эхлээд сануулах, Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар торгох, саатуулах арга хэмжээ авч байгаа ажээ. Энэхүү захирамж өнгөрөгч бямба гаригт хэрэгжиж эхэлсэн ч тэгш тоогоор төгссөн улсын дугаар бүхий автомашинтай жолооч замын хөдөлгөөнд цөөнгүй оролцож байв. Тэдний олонхи нь замын цагдаа зогсооход “Тийм захирамж гарсныг мэдээгүй” гэж хэлдэг бол зарим нь “Амралтын өдөр гэр бүлтэйгээ салхинд гармаар байна” гэх мэтчилэн шалтаг хэлдэг гэнэ. Тэр ч бүү хэл нэгэн жолооч замын цагдааг “Тэгвэл чи биднийг салхинд гаргаад өг” хэмээн омогдсон байна. Сүхбаатар дүүргийн нэгэн замын цагдаагийн хэлснээр захирамж гарсны зоргоор жолооч нарыг захаас нь эхлээд торгох хэцүү байгаа гэнэ. Учир нь салхинд гарах гэж хүүхдүүдээ суулгасан, хоол цай базааснаа харуулдаг хүн олон таардаг бололтой. Ийм тохиолдолд ихэвчлэн сануулга өгөөд л явуулдаг юм байна. Тиймээс цагдаа нар хэн хэнийхээ ажлыг хүндэтгээд Цагаан сарыг өнгөртөл хотын даргын захирамжийг мөрдөхийг хүсч байлаа. Шаардлагатай тохиолдолд жолоочийг 5000 хүртэлх төгрөгөөр торгодог аж. Харин торгуулийн хуудсан дээр торгуулсан цаг, минут нь бичигддэг гэнэ. Үүнээс хойш замын ачаалал ихтэй байсан ч тухайн жолооч хоёр цагийн дотор автомашинаа гэртээ аваачиж тавихад хангалттай хугацаа гэж үздэг байна. Хэрэв торгуулснаас хоёр цагийн дараа замын хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдвол автомашиныг нь журамлах хүртэл арга хэмжээ авдаг аж. Энэ мэтчилэн зөрчил гарч байгаа хэдий ч өнгөрөгч бямба гаригт замын хөдөлгөөний ачаалал өмнөхөөсөө харьцангуй бага байв. Харин өчигдөр буюу ням гаригт сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй байх ёстой ч төв замаар үдээс өмнө мэр сэр харагдсаар байсан юм. 
 
Ингээд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нараас амралтын өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан зорчихыг хориг- лож буй нь амьдралд хэр нийцэж байгаа талаар сонирхлоо. 
 
Хоёр өдөр дараалан гэртээ хэвтэх нь дээ 
Д.Дамдинсүрэн /Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн/
 
-Энэ хязгаарлалтын тухай сонссон ч хэрэгжээд эхэлснийг нь мэдсэнгүй. Ганц амардаг өдрөө гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарах гэж явсан юм. Гэтэл миний машины дугаар сондгой тоогоор төгссөн учраас өнөөдөр /өчигдөр/ хөдөлгөөнд оролцох ёсгүй байж л дээ. Харин замын цагдаа нар харьцангуй эелдэг хандаж, үнэнээ хэлэхэд ойлгож байна. Тиймээс жолооч нар өөрсдөө шаардлагыг нь биелүүлэх нь чухал. Цагаан сар өнгөртөл цөөхөн хоног үлдлээ. Өнөөдрийн хувьд замын ачаалал багатай байна. Ер нь баярын өмнөх ачаалал ихтэй өдрүүдэд бол тохирсон зохицуулалт шиг санагдлаа. Миний машин даваа гаригт бас хөдөлгөөнд оролцдоггүй. Одоо хоёр өдөр дараалан гэртээ хэвтэх нь дээ. Харин Цагаан сарын дараа “Үргэлж ингэж хязгаарлая” гээд санал аваад эхлэхгүй л бол сайн байна. 
 
Баяр хүртэл цөөн хоног юм даа 
Э.Давга /Баянгол дүүргийн I хорооны иргэн/: 
 
-Иргэн хүн хувийн өмчөө хүний заавраар ашиглана гэдэг хэцүү шүү дээ. Баярын өдрүүдийн замын ачааллыг бууруулах гэж ийм арга хэмжээ авсан байх гэж бодож л байна. Өнөөдрийн /өчигдөр/ байдлаар нийслэлийн автомашины бараг тал хувь нь зогссон болохоор замын хөдөлгөөн харьцангуй сийрэг байна. Харин Цагаан сарын дараа үргэлжлүүлэн ингэж хязгаарлаад байж л болохгүй. Учир нь бид долоо хоногийн нэг өдөр хөдөлгөөнд оролцохгүй болсон шүү дээ. Үүн дээр нэмээд хоёр хоног болгочихвол ажлаа яаж амжуулах юм бэ. Үндсэн хуульд зааснаар бол иргэн хүн өмч хөрөнгөө эдлэх эрхтэй. Гэтэл өмч хөрөнгөө эдлэх эрхийг нь хэт хязгаарласан тал ажиглагдаж байна. Уг нь бол иргэд амралтын өдөр салхинд гарах, Цагаан сарын хүнсээ цуглуулах, бусад ажлаа амжуулах гээд их асуудал бий. Баяр хүртэл цөөн хоног юм даа. Цаашид ингэхгүй байх гэж найдаж байна. 
 
Таксинд явж гэр бүлээ тэжээдэг болохоор хэцүү л байна 
А.Батсүх /Баянзүрх дүүргийн иргэн/: 
 
-Миний хувьд такси үйлчилгээнд явж гэр бүлээ тэжээдэг болохоор хэцүү л байна. Дөрвөөр төгссөн улсын дугаартай гээд дөрөв дэх өдөр явуулахгүй юм. Гэтэл одоо бас бямба гаригт замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэнэ. Өчигдөр / уржигдар/ гарч яваад замын цагдаагаас сануулга авсан. Цагаан сар өнгөртөл хязгаарлана л гэж байна. Харин би үүнийг худлаа гэж бодож байгаа. Цагаан сарын дараа энэ чигээр нь байлгавал ямар вэ гээд иргэдээс санал асуугаад эхэлнэ дээ, харж л байгаарай. Манай гэр бүлийн хүн ажилгүй, олон хүүхэдтэй болохоор амьдрал хэцүүдэж л байна даа. 
 
Үргэлжлүүлэн хязгаарлана гэвэл хүлээн зөвшөөрөхгүй 
З.Эрдэнэхүү /Сүхбаатар дүүр- гийн иргэн/: 
 
-Хотын дарга замын ачааллыг бууруулах талаар дорвитой ажил хийх гээд байгаа нь сайн хэрэг. Гэхдээ иргэдийн амьдрал ахуйд сөргөөр нөлөөлсөн шийдвэр гаргаж болохгүй. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг ням гаригт хөдөлгөөнд орохыг нь хориглох гэж нэг хэсэг зүтгэлээ. Энэ бол хүний хувийн өмчид шууд халдаж байгаа үйлдэл юм. Харин одоо улсын дугаар тэгш, сондгой төгссөнөөс нь хамаарч амралтын өдөр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх захирамж гаргалаа. Цагаан сар өнгөртөл энэ шийдвэр нь яахав байж болно. Түүнээс биш цааш нь үргэлжлүүлэн хязгаарлана гэвэл миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Хэд хоног ажиллаж байгаад ганц өдөр салхинд гарах гэхээр торгоно, саатуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ.
 
 
М.Наранболд