Ажил хийдэггүй залуус хамтран “Монре даатгал” ХХК-ийн ажилтантай хамтран хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авдаг байжээ.  Тэд хамтран 343 327 397 төгрөгийн хохирол “Монре даатгал” ХХК-д учруулсан байна.

 

Д.Алтансүх нь “Монре даатгал” ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 4 cap хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож Замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар “Монре даатгал” ХХК-аас Т.Гантулгатай бүлэглэн даатгалын нөхөн төлбөр болох 189.729.600 төгрөгийг авч, Д.Зоригтбаатартай бүлэглэн даатгалын нөхөн төлбөр болох 153.597.797 төгрөгийг авч бусдад нийт 343.327.397 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан байна.

 

Хамтран хууль бусаар нөхөн төлбөр авсан этгээд хэн байв?

Монгол Улсын иргэн, 1975 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, Дагийразайн Алтансүх;

Монгол Улсын иргэн, 1984 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй,  Төмөр-Очирын Гантулга;

Монгол Улсын иргэн, 1985 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй  Дашнямын Зоригтбаатар нар хамтран энэхүү хэргийг үйлдсэн байна.

 

Гэрчүүдийн мэдүүлэгээр хэрэг нь нотлогддог

Тэдний үйлдсэн энэ хэрэг нь  гэрчүүдийн мэдүүлэг болон нотлох баримтуудаар нотлогдсон. Тухайлбал,

  • Н.Эрдэнэбаатарын /Нэгдүгээр хавтаст хэргийн 39-р хуудас/: “...Манай компанийн бизнес эрсдлийн удирдлагын алба улирал болгоны нөхөн төлбөрийн нөөц сангийн тооцооллыг хянадаг. Ингэж хянах явцад нөхөн төлбөрийн материал дунд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон...
  • гэрч Г.Мөнхжаргалын / Нэгдүгээр хавтаст хэргийн 64-р хуудас /:”...Эдгээр 30 ширхэг тодорхойлолт дээр зурагдсан гарын үсэгнүүдээс нэг нь ч миний гарын үсэг биш байна. Үүнээс гадна тодорхойлолтууд дээр миний нэрний өмнө бичигдсэн овгийн эхний үсэг “Д” гэж буруу бичигдсэн байна...”
  • гэрч Т.Түмэн-Өлзийгийн /Нэгдүгээр хавтаст хэргийн 132-р хуудас /: “...5035364144 тоот данс. ...Би осол аваар гаргаж байгаагүй. Энэ ослын талаар мэдэх зүйл байхгүй. Харин Т.Гантулга тэр цаг үед миний дансны дугаарыг авч байсан. Энэ мөнгө бол Т.Гантулгын мөнгө. Надаас “дансны дугаараа өгч байгаа ч” гэж гуйж байгаад дугаар аваад дараа нь мөнгийг нь Т.Гантулга руу өөр рүү нь шилжүүлсэн...”
  • гэрч С.Солонгын / Нэгдүгээр хавтаст хэргийн 156-р хуудас /: “...Д.Зоригтбаатар ах миний дансны дугаарыг авч 2 удаа дээрх мөнгийг шилжүүлж байсан. Тэгээд 2 удаа миний дансанд мөнгө орж ирсэнийг Д.Зоригтбаатарт хэлэхэд “ах руугаа шилжүүлчих” гээд надад дансны дугаараа мессежээр явуулж байсан. Би бүгдийг нь тэр данс руу шилжүүлээд өгсөн...” зэрэг мэдүүлэгүүдээр тогтоогдсон байна.

Үйлдсэн хэргийнхээ талаар юу ярив?

“Монре даатгал” ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж Д.Алтансүхийн яллагдагчаар мэдүүлсэн /4-р хавтаст хэргийн 134-136-р хуудас/: “...Ингээд нэг, хоёр удаа Т.Гантулга надад материал авчирч өгөөд би түүнийг нь журмын дагуу хүлээж аваад цааш нь шийдүүлж өгч байтал нэг өдөр Д.Зоригтбаатартай хамт манай ажил дээр ирсэн. Тэр үед надад өгсөн материапуудад Т.Гантулга нь үнэлгээг засчихсан байсан гэдгээ хэлсэн. Цаашид бас материал авчирч өгч байхаа хэлсэн. Түүнээс хойш Т.Гантулга, Д.Зориггбаатар нарын өгсөн материапыг авч шийдүүлдэг болсон. Гэхдээ би бодохдоо болсон бодит зам тээврийн осол байдаг, харин үнэлгээг нь өндөр дүнгээр засдаг гэж бодож авдаг байсан. Т.Гантулга, Д.Зоригтбаатар нар үнэлгээн дээр нь ажиллаж завсарлаад авчирдаг юм байна гэж боддог байсан. 2017 оны 03 сарын үед хэлсэн. Эхний хэдэн материал өгчихөөд Д.Зоригтбаатартай цуг хүрч ирээд хуурамч материал өгөөд байгаа гэдгээ хэлсэн. Тэгэхэд нь би “энэ их хүмүүсийн гэрчилгээ, үнэмлэх зэргийг хаанаас олж цуглуулж аваад байгаа юм бэ” гэтэл “найдвартай дандаа танил хүмүүс байгаа юм. Танд ямар нэг асуудал үүсэхгүй санаа зоволтгүй” гэж хэлээд өнгөрч байсан. ...Бэлнээр маш бага хэмжээгээр авсан, дансаар 80 орчим сая төгрөг асван байх. Дансаар бол ихэвчлэн Д.Зоригтбаатар л хийдэг байсан. ...Т.Гантулга, Д.Зоригтбаатар нарыг мөнгө өгөх гэхэд нь би шууд О.Энхмөнхийн дансыг өгөөд зээлэндээ хийлгэчихдэг байсан. О.Энхмөнхөд болохоор хүнээс мөнгө орох байх, зээлийн эргэн төлөлт хийж байгаа гэж ойлгуулдаг байсан...” гэж мэдүүлж байжээ.

Т.Гантулгын яллагдагчаар мэдүүлсэн /4-р хавтаст хэргийн 149-150-р хуудас /: “...Алтансүх ...”ахиад материал бүрдүүлээд ир” гэж хэлсний дагуу би ажил дээрээ даатгалаас мөнгө авах хуурамч материал бүрдүүлээд сууж байхад Д.Зоригтбаатар манай ажил дээр орж ирээд бид хоёр хамтдаа тухайн материалаа Д.Алтансүх дээр аваачиж өгсөн. Түүнээс хойш Д.Зоригтбаатар “би хамт та нарын хийж байгаа зүйлийг хийе” гэж хэлээд тэр цагаас бид хоёр хуурамч баримтуудыг хийдэг болсон...”

Д.Зоригтбаатарын яллагдагчаар мэдүүлсэн /4-р хавтаст хэргийн 165-166-р хуудас /: “...Гантулга бид хоёр эхний үед нийлээд эхний ээлжинд Т.Гантулгын ажилладаг хохирлын үнэлгээний “Мега марз” ХХК-ийн бланк, цаас, архивыг нь ашиглаад материал бүрдүүпээд Д.Алтансүхэд өгч байсан. Эхний үед би ганц хоёр удаа мөнгө аваад болино гэж бодож байсан боловч Д.Алтансүх өөрөө Т.Гантулга бид хоёроос “өөр материал байна уу” гэж асуугаад байсан болохоор үргэлжлүүлээд хийхээр болсон...” гэж тус тус мэдүүлжээ.

Шүүхээс 1.6-2 жилийн ял оноолоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар Д.Алтансүхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар, Т.Гантулгыг 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар, .Зоригтбаатарыг 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн. Мөн Д.Алтансүхээс 171.663.699 төгрөгийг, шүүгдэгч Т.Гантулгаас 94.864.800 төгрөгийг, шүүгдэгч Д.Зоригтбаатараас 76.798.899 төгрөгийг тус тус гаргуулж “Монре даатгал” ХХК-д олгуулахаар болжээ.