МХЕГ-ын дарга Д.Батмөнхийг гүтгэсэн гэв
2014/03/24
Өдрийн сонины 2014 оны гуравдугаар сарын 24, 25-ны өдрийн дугаарт “НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэнг Засаг дарга нарт тавьсан санхүүгийн актуудыг хүчингүй болгож, авлига авсан хэрэгт сэжиглэж байна” нэртэй цуврал нийтлэл гарчээ.
Уг нийтлэл дотор МХЕГ-ын дара Д.Батмөнх нь 2014 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр БГД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Ганхүүтэй 4-р хороололд байрлах шөнийн клубт зочилж мөнгөнөөс болж шөнийн цэнгээний газрын эзэнтэй гар зөрүүлсэн, байгууллага аж ахуйн нэгжийг дарамталж мөнгө нэхсэн гэсэн утгатай ор үндэслэлгүй гүтгэсэн зүйлийг бичиж тавьжээ.
Энэхүү гүтгэлгийн шинж чанартай мэдээлэлд няцаалт өгч МХЕГ-ын дарга Д.Батмөнх, “New mass” шөнийн клубын захирал У.Баттөмөр, Монголын хүнсчдийн холбооны захирал Х.Гиймаа нар мэдээлэл хийв.
Тэд няцаалтдаа энэ мэдээлэл нь ор үндэсгүй гүтгэлэг. Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт оруулахаар төлөвлөгдөж, хууль эрхзүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгаа цаг үе юм. Нөгөө талаар ажлын хариуцлага алдаж, ажлаас чөлөөлөгдсөн, албан тушаалын хойноос хөөцөлдсөн бүлэг этгээдийн зохион байгуулалттай, баримт нотолгоогүй дээрх мэдээллийг олон нийтэд тарааж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв.
Мэргэжлийн хяналтын байгууллагын идээ бээрийг цэвэрлэх, ашиг сонирхолын зөрчилтэй байж болох зарим удирдах ажилтнуудыг АТГ-т өгч шалгуулж байгаа тухайгаа энэ үеэр хэлж эрх бүхий хуулийн байгууллагад илгээсэн албан тоотоо танилцуулав. “New mass” шөнийн клубын захирал У.Баттөмөр “Би Батмөнх гэдэг хүнийг танихгүй өнөөдөр л харж байна. Би нэгдүгээр сарын гуравны өдөр Хонгконг ниссэн. Тавны өдөр Монголд байгаагүй. Өдрийн сонинд бичээд байгаа шиг нууц бичлэг байхгүй. мэдэхгүй” хэмээн тайлбарлав.
БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс “New mass” шөнийн клубын үйл ажиллагааг 2013 оны 12-р сарын 19-ны өдрөөс эхлэн хаасан. Өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь эхлээгүй байгаа. Тэгэхээр 2014 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр архидан согтуурч маргалдсан байх ямар ч үндэслэлгүй болох нь харагдаж байна. Удаа дараа цуврал нийтлэлээр гүтгэлгийн чанартай захиалгат мэдээлэл нийтэлж Өдрийн сонинг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандах болно гэдгээ тэрээр хэлсэн юм.
Зочин · 2014/03/26
Ажиллаагүй бааранд архидаа л ......Гадаадад байгаа хүнтэй зодолдоо л......тэр хүнийг нэгмөсөн хий үзэгдэл гээд гүтгэчихмээр юм доо