Цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын зураг төслийг ирэх сард гаргана
2014/03/25
Нийслэлийн бохир усыг цэвэрлэх ажлын голыг үүрдэг Төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахгүй, үйл ажиллагаа нь догдолдож болзошгүй байгаа билээ. Тиймээс техник технологийн шинэчлэл хийсэн ч 40 гаруй жилийн настай Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг буруулах хамгийн зөв арга нь шинээр цэвэрлэх байгууламж барих асуудал юм. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар ажиллана.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Улаанбаатар хотын Захирагчиййн ажлын алба болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох албаныхан орсон байна. Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зургийн даалгаврыг 2014 оны 04 дүгээр сарын 07-ны дотор батлуулах үүргийг ажлын хэсэгт өгөх юм. Харин цэвэрлэх байгууламжийн шинэ байр барих асуудлыг НИТХ-аар хуралдаанаар хэлэлцэх бөгөөд гадныхан хөнгөлттэй зээл, тусламжаар шинэ цэвэрлэх байгууламж барих ажээ.
Өнөөдрийн байдлаар тус цэвэрлэх байгууламжид өдөрт 165-170 мянган м3 бохир ус ирж байгаа бөгөөд арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдээс ирж байгаа техникийн бохирдолтой ус цэвэрлэх байгууламжийн ачаалллыг эрс нэмэгдүүлж байгаа юм байна. Төв цэвэрлэх байгууламжийн дарга Н.Одхүүгийн хэлж байгаагаар өдөрт ирж байгаа нийт бохир усны 40 орчим хувь нь үйлдвэрүүдийн хаягдал ус байдаг. Арьс ширний үйлдвэрээс ирж байгаа ус нь өвдөл цөвдөл хог ихтэй, ус бохирдуулагч химийн хортой бодис болох хрон ихтэй учраас цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг догдолдуулахад хүргэж байгаа юм.