Хог хийссэн “Нарантуул” захаар хэсэг алхлаа. Хавар шороо хийсэхийн зэрэгцээ хог нь нүүрэнд наалдах шахам толгой дээгүүр эргэлдэнэ.  Нарантуул захын түрээслэгчид хөдөлмөрийн орчин, дээрээс үзүүлэх дарамт шахалтын талаар мэдээлэл хийснийг өмнөх дугаартаа мэдээлсэн.

Харин өөрсдийн байр сууриа илэр-хийлээгүй түрээслэгчдэд ямар асуудал, дарамт байгаа талаар энэ удаа тодрууллаа. Түрээслэгч нар өөрсдөдөө тулгарсан асуудлын талаар ярихын зэрэгцээ дуу нэгтэйгээр хэд хэдэн зүйлийг онцолж байлаа.

Тэдгээр нь хавар, зуны улиралд бэрхшээл болдог борооны ус, шавар шавхай болон хогны асуудал байдаг гэнэ. Энэ асуудлыг “Нарантуул”-ын захиргаа болон бай-цаагч нарт хэлэхээр шаардлагыг хүлээж авдаггүй гэнэ. “Бид нар гэрээ хийгээгүй учраас яаж ч харьцсан болно хэмээн харьцдаг” хэмээн гомдоллож байлаа.

Үнэхээр л зах дотор хаа сайгүй овоорч хөлдсөн цас, бөөгнөрсөн хог харагдана. Бас хагархай зам. Зун том, том хонхорхой дотор ус тогтож хэдэн минут явахад ямар хэцүү байдгийг мэдэх хүн олон. Тэгвэл өдөржин зогсох эдгээр хүмүүст ямар байх нь тодорхой. Уг нь түрээс төлж хөдөлмөр эрхэлж байгаа хүн иймэрхүү шаардлагыг тавих нь зүй ёсны хэрэг. Тэгээд ч хоггүй, цэвэр орчинд ажиллахыг хүн бүхэн л хүсдэг.

Түрээс, түрээслэгчийн үнэмлэх, 00-ын хураамж, орсон гарсан автомашины татвар, зогсоолын менге гээд авах татвар нь олон хэрнээ түрээслэгчдийн төлөө үүнийг хийсэн гээд үзүүлчих зүйл үнэхээр ховор харагдана. Түрээслэгчид “Бид хүсэл-тээрээ төмөр авдар хийлгэсэн. Анх энэ авдарнаас түрээс авахгүй гэж байсан юм. Гэтэл одоо гэрэлтүүлэг, камерны мөнгө авч байгаа. Ганц энэ ч биш ер нь дураараа түрээсээ нэмдэг” гэсэн юм.

Нэг түрээслэгчийн ард дунджаар гурван хүн байдаг гэнэ. Гэр бүлээ хоолгүй болгочихгүй гэсэндээ доромжлол, дарамтыг тэсч ажилладагаа ч түрээслэгчид нуугаагүй юм. Төрлөөр нь ангилсан цэнхэр дээвэртэй саравчин доогуур явахад царцаж байгаа мэт мэдрэмж төрж байлаа. Энэ зуур эдгээр хүмүүс яаж энэ хүйтнийг тэвчиж байна гэсэн бодол ч төрж байсан юм.

Эргэн тойрноо ажиглах зуураа өмд худалдаалдаг эмэгтэйтэй ярилцлаа. Тэрээр “Эмэгтэй хүн энд зогсох үнэхээр хэцүү. Ихэнх нь өвчтэй. Битүү зах болгох талаар лавлахад зах бол угаасаа л ил задгай байдаг. Байж чадахгүй бол түрээс өндөртэй дулаахан газраа оч л доо гэдэг” гэлээ.

“Нарантуул трейд”-ийн Хяналт зохион байгуулах албаны дарга Д.Нарантуяагаас дараах тодруулгыг авсан юм.

-Түрээслэгчид дарамттай орчинд хөдөлмөр эрхэлдэг талаар мэдээлэл хийсэн. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Б.Байгальмаа гэдэг хүүхэн л ийм ажил зохион байгуулаад байгаа юм. Түрээслэгч нар тэнд очсон байна уу, үгүй юү хамаа байхгүй. Манайх дөрвөн мянган хүнтэй. Дөрөв нь очиход хамаагүй шүү дээ. Би арван хэдэн жил энд ажиллахдаа нэг ч лангууг хураасан удаа байхгүй. 1998 оноос хойш энд үйл ажиллагаа явуулахдаа манайх түрээсээ нэмж байсан удаагүй.

Сая л түрээсэн дээр 10 мянган төгрөг нэмэгдсэн. Түрээслэгч нар нэмэх нь аргагүй гээд л бүгд зөвшөөрсөн. Төмөр авдрын хувьд түрээслэгчид өөрсдөө өргөдөл гаргаж хийлгэсэн. Авдрыг гурван ээлжээр харуулууд харж байгаа. Бас камер гэрэлтүүлгийн төлбөр гарна. Өмнө нь авдраа тээшинд өгөхдөө 100 мянган төгрөг зарцуулдаг байсан. Одоо бол 30 мянган төгрөг л болсон шүү дээ. Манайх бол ашгийн байгууллага. Үнэндээ эндээс л энэ хүмүүс машин, байртай болсон.

-Хувиараа хийлгэсэн төмөр авдруудыг оруулахгүй байгаа гэсэн. Зөвшөөрлийг нь авч хийлгэсэн гэсэн?
-Төмөр авдарнуудыг нэгдсэн журмаар нэг газар хийлгэсэн. Түрээслэгч нар ч их дуртай байсан болоод нэмж захиалъя гэсэн хүсэлт тавьсан юм. Гэтэл хийлгэсэн газар маань үнээ нэмчихсэн байсан. Тэгээд түрээслэгчид стандартын дагуу авдар хийлгэчихье гэхээр нь зөвшөөрлийг нь өгсөн юм. Харин түрээсийн цаг болохоор түрээсээ төлөхгүй гэсэн. Тэгээд л удирдлагаас авдар битий оруул гэж мэдэгдсэн. Түрээсээ төлбөл авдрыг нь буцаагаад оруулна.

-Мөнгө тушаасан баримтаа зардаг гэсэн?
-Тэр бол мөнгө тушаасан баримт биш түрээслэгчдийн үнэмлэх байгаа юм. Түрээслэгчид сардаа нэг удаа мянган төгрөгөөр авдаг. Энэ нь тодорхойлолт авах зэрэг зүйлд хэрэг болдог юм.

-Байцаагч, цагдаа нар түрээслэгчидтэй ёс бусаар харилцдаг гэх юм. Энэ үнэн үү?
-Бид нар түрээслэгчдэд яагаад шаардлага тавьж болохгүй гэж. Зах гэдэг ил задгай талбай байдаг. Бороо орно, шороо шуурна. Бид нар энд хэнийг ч хориогүй. Байцагч нар түрээсээ өгөхгүй байвал газрыг чинь сунгахгүй шүү л гэдэг. Түрээслэгчид өөрсдөө хүнийг хэл амаар их доромжилдог. Тэгэхлээр байцаагч нар дуугүй байхгүй нь тодорхой. Бас эрэгтэйчүүд нь архи ууж, мөрийтэй тоглодог. Тэрийг цагдаа нар зохицуулах гэхээр дээрэлхлээ гэдэг.

-Хавар, зун захаар шалбааг дүүрдэг. Янзалж болдоггүй юм уу?
-Анхнаасаа захыг уруу барьсан юм шиг байгаа юм. Ус зайлуулах ганцхан хоолойтой. Бохирын хоолой хийх гэхээр зөвшөөрдөггүй. Бас газар нь цэвдэг ихтэй асфальт тавиад нэмэр байхгүй хэсэг хугацааны дараа хагаргаад хонхойчихдог. Гэхдээ л бид байнга талбайгаа засдаг.

Г.Цэцэг

Эх сурвалж: Нийслэл Таймс сонин