Өнөөдөр Монгол улсын зах зээлд 5000 гаруй эм худалдаалагдаж байгаагаас 100 гаруй нэр төрлийн эмийг Монос эмийн үйлдвэрт үйлдвэрлэдэг байна.  Манай сурвалжлах хэсэг Монос Эмийн Үйлдвэрт ажиллаж, 100 гаруй нэр төрлийн эмийг ямар орчинд хэрхэн үйлдвэрлэдаг байдалтай танилцлаа.

Монос Эмийн Үйлдвэр нь эм үйлдвэрлэлийн хөгжлийн түүчээ байж Олон Улсын GMP стандартад нийцсэн Эмийн Үйлдвэр, Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO9001, Магадлан итгэмжлэгдэж ISO 17025 стандартыг хангасан Эм бэлдмэлийн сорилтын лаборатори, Эм зүйн судалгаа шинжилгээгээр дагнасан Эм Судлалын Хүрээлэн, Ургамал тарималжуулах Ботаник цэцэрлэг бүхий үндэсний жишиг үйлдвэр юм.

Өнөөдрийн байдлаар Монос эмийн үйлдвэрт антибиотик, мөөгөнцөрийн эсрэг, өвдөлт намдаах,халуун бууруулах, ханиалга намдаах, цэр ховхлох, дархлал сэргээх, аминдэм, мэдрэлийн систем, харшил, буйлны үрэвсэл, шимэгч хорхойн  эсрэг бэлдмэл,  чих хамар хоолой, зүрх судас, хоол боловсруулах, бөөр, шээсний замын тогтолцооны эмчилгээний эм бэлдмэлүүдийг үйлдвэрлэж байгаа бөгөөд ОХУ руу экспортолж эхэлжээ.

GMP гэдэг нь Good Manufacturing Practice гэсэн үгний товчлол бөгөөд Олон Улсын Стандарт дүрэм журмыг мөрддөг дэлхийн шилдэг үйлдвэрүүдийн нэг гэсэн үг юм.  Энэ утгаараа уг үйлдвэрт орж байгаа хүн, материал, агаарын урсгал огт давхацдаггүй бөгөөд хяналт, шалгалт, ариун цэврийг дээд зэргээр сахидаг. Бид уг үйлдвэртэй танилцахын өмнө зааварчилгаа авч, эрүүл ахуйн шаардлага хангахуйц хувцас, амны хаалт, улавч зэргийг өмссөн юм. Учир нь “Эм бол онцгой бүтээгдэхүүн учраас эмийг маш ариун орчинд үйлдвэрлэх ёстой. Тиймээс манай үйлдвэрт эмийн бүтээгдэхүүн, хүний урсгал нь өөр өөр чиглэлээр нэвтэрдэг” хэмээн “Монос” үйлдвэрийн гүйцэтгэх захирал М.Одгэрэл үйлдвэрээ танилцуулах үеэрээ онцлов.

Тус эмийн үйлдвэр нь 190  гаруй ажилтантай бөгөөд ажилтан бүр өглөө ажилдаа ирээд усанд орж, хувцсаа солиод, гараа угааж, ариутгаж  үйлдвэрт нэвтэрдэг байна. Ариун цэвэр, чанар, стандартыг шат дамжлага бүрт  анхаардаг бөгөөд 30 ажилтныг 23 хүн хянадаг.

Монос эмийн үйлдвэрийн Микробиологийн лаборатори нь Монгол улсдаа ганц гэж хэлж болохоор хамгийн том буюу 250 м2  талбай, 34 өрөөтэй. Өрөө тус бүр дээж авах, шинжилгээ хийх гээд өөр өөр чиглэлээр ашигладаг.

Тухайлсан нэг эмийг дэлхийн хаана ч үйлдвэрлэсэн бай тогтсон нэг л стандарт байдаг бөгөөд  түүнийг Монос эмийн үйлдвэр хангадаг болохыг бидэнд үзүүлсэн.

Ингэж эм үйлдвэрлэхдээ тухай эмний орц найрлага ямар байх, сав баглаа боодол, үйлдвэрлэсэн он тэр ч бүү хэл тухайн эм нь хүний ходоодонд ороод хэр удаж байж задрах зэргийг хүртэл нарийн судалдаг байна.

“Монос” эмийн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол Монгол улсын хэд хэдэн эмийн хэрэгцээг оон арван жилээр хангах хүчин чадалтай. Гэхдээ зах зээлдээ тохируулан үйлдвэрийг үхэн хүчин чадлаар ажиллуулдаггүй гэдгийг хэлж байлаа.

 

Хэрвээ тус үйлдвэрт цахилгаан тасрах юм бол үйл ажиллагаа тасралтгүй явж байх цахилгааны хэд хэдэн эх үүсвэртэй болохыг бидэнд харуулсан юм.  Өөрөөр хэлбэл тухайн үйлдвэрт болзошгүй бүхий л эрсдэлийг тооцон, GMP стандартыг хангасан болохыг тайлбарлаж өгсөн юм.