Энэ хавар элдэв нөлөөллөөс болж замаа эвдчихгүй байх юмсан
2014/03/26
Дөрвөн улирал ээлжилдэг монгол улсад маань улирал бүрт л өөр өөрийн гэсэн асуудал үүсдэг нь нууц биш. Тэгвэл өвлийн улиралд утаанд уушигаа хордуулан амьдардаг нийслэлчүүд бид хаврын улиралтайгаа золголоо.
Хөрсний бохирдол, зам засвар, барилгын ажилтай холбоотой түгжирэл, хөрсний нуранга, шар усны үер гээд олон асуудал дагуулан хавар ирлээ. Жил жилийн хавар яригддаг эдгээр асуудал уг нь ирэх жил ирэх нь хэнд ч тодорхой боловч үүнийг анхаарч урьдчилан сэргийлж гар хөдөлдөггүй нь харамсалтай. Манай хотын хөрсний бохирдол олон улсад зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин илүү байдаг байна. Ил задгай хог хаягдал хаях, угаадас асгах, гэр хорооллын айлуудын жорлон, үйлдвэрүүдийн хаягдал, газрын хөрсийг бохирдуулагч нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, нарийн ширхэгтэй үнс, шороон тоосонцор зэрэг нь хөрс бохирдох гол шалтгаан болдог. Бохирдсон хөрс агаарт ууршиж бид түүгээр амьсгалж элдэв төрлийн өвчин тусах хамгийн том шалтгаан болдог.
Нийслэл хотын хэмжээнд химийн хорт бодис ялгаруулдаг 700 гаруй үйлвэр, компани байдаг аж. Улаанбаатар хотын хэмжээнд азот, цианит натри, хлор, бром зэрэг хүнд хортой элементүүд орон зайн хувьд хэлбэлзэлтэй байдаг гэх. Гагцхүү ингэж тархсан нь хөрсний бохирдлын хүрээг тэлэх гол зүйл болдог аж. Барилгын материалын түүхий эд олборлолт, дулааны цахилгаан станцын үнсний талбай, цэвэрлэх байгууламжийн лагийн талбай зэрэг нь хөрсний бохирдол, эвдрэлийг ихэсгэх бас нэг шалтгаан болж байна. Бас нэгэн асуудал нь өвөл ичдэг амьтад шиг цаг урь дулаармагц цагаан алчуураа даллан гарч ирдэг иргэд хөрсний нуранга, авто зам сүүдлэх томоохон шалтгаан болоод байна. Гаадаа ил машин угаадаг иргэдээс үүдээд зассан, засаагүй байгаа замуудаар ус урсч, жинхэнэ утгаар нь сүйдэлж байна. Тухайлбал, ГССҮТ-ийн ойр орчимд маш олон хүн алчуур даллан зогсч, машин угаадаг. Түүнээс үүдээд тэр хавийн зам там болж хувираад удаж байна. Уг нь Гэмтлийн буудлын орчмын замын нүх сүвийг багахан бөглөж, таглаад нэг хэсэгтээ л аргалсан.
Гэтэл машин угааж байгаа нөхдүүд гарч ирсэнээс хойш дахиад л байдаг хэвэндээ орж эхэллээ. Энэ мэтээр олон газар ил задгай машин угааж байгаа хүмүүс бий. Уг нь өнгөрсөн жил Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил өрнөж, хаа сайгүй зам зассан. Нэг үеэ бодвол овоо дээр болчихлоо. Гэтэл гудамжиңд машин угаадаг нөхдүүд арай гэж зассан хэдэн замыг чинь сүйтгэх нь байна. Хөөрхийс төрөөс гуйлгүй өөрсдөө хөдөлмөрлөөд мөнгө олж ар гэрээ авч явна гэх хүмүүс байх боловч хэдхэн хүний мөнгө олох аргаас болж хэдэн мянган машин их бага хэмжээгээр эвдэрч, нийслэл хотын түгжрэл нэмэгдэхэд нь асар их нөлөөтэй юм. Мөн жил бүрийн 3 сарын 20-ноос 4 сарын 20, 10 сарын 20-ноос 11 сарын 20-ны хооронд хүнд даацын автомашинаар хотын замаар зорчихыг хориглодог.
Энэ үед газрын хөрсний гэсэлт хөлдөлтийн улмаас авто зам эвдэрч гэмтэх магадлал өндөрсдөг бөгөөд дээрх хугацаанд нийслэл хотод зорчих тээврийн хэрэгслийн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 2 тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 18 тн, гурван тэнхлэгтэй бол 24 тн-оос хэтрэхгүй байхаар заасан билээ. Иймд ирэх дөрөвдүгээр сарын 20-н хүртэл хүнд даацын автомашинаар хотын замаар зорчихыг хориглож байгааг Нийслэлийн авто замын газраас анхааруулсан. Дашрамд мөс цөмрөх аюул их байгаа ба Хөвсгөл аймагт автомашинтай гурван иргэн мөсөн дээгүүр явах үедээ мөс цөмөрч нэг иргэн харамсалтайгаар амиа алдсан хэрэг энэ долоо хоногт гарсан.
Тиймээс иргэд хөдөө орон нутагт зорчихдоо мөс цөмрөх болон, хөрсний нурангаас сэрэмжлэхийг анхааруулж байна.
А.Алтанзул