И.Мөнхцэцэг: Татварын хөнгөлөлтөд хамрагдах иргэд ирэх сарын 1-нээс материалаа бүрдүүлнэ
2019/12/21
Энэ жил зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэд татварын буцаан олголт буюу хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах тухай Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч И.Мөнхцэцэгээс тодруулав.
-Энэ жил орон сууцаа банкны 18 болон найман хувийн хүүтэй зээлээр худалдан авсан иргэдийн буцаан олголтыг хэзээнээс олгох вэ. Материалыг хэдий хугацаанд бүрдүүлэх вэ?
- 2019 онд орон сууцны гэрчилгээ гарсан татвар төлөгч 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн материалаа бүрдүүлж харьяа татварын албанд тайлангаа гарган өгч чөлөөлөлтөө эдэлнэ. Бүрдүүлэх материалын жагсаалт т1а.тп сайтад цэлгэрэнгүй тавигдсан байгаа.
-Тэгвэл ипотекийн найман хувийн хүүтэй зээлээр орон сууцаа худалдан аваад гэрчилгээгээ аваагүй иргэд энэ жил буцаан олголтын хөнгөлөлтөд хамрагдах УУ?
-Орон сууцны гэрчилгээгээ авсаны дараа худалдан авч өмчлөл шилжсэн нь нотлогдох бөгөөд гэрчилгээ гараагүй бол чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй.
- Байраа хувь лизингээр авсан иргэд буцаан олголтод хамрагдах УУ?
-Хуульд “ ...өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан...” гэж заасан тул худалдан авсан нь нотлогдож байгаа, орон сууцны гэрчилгээ нь гарсан хувь хүн хамрагдана.
-Шинэ хуулиар буцаан олголтыг зургаан сая төгрөг болгосон. Энэ жил байр авсан хүмүүс хуучин хуульд заасан хэмжээгээр авах уу, шинэ хуулийн дагуу зургаан сая төгрөг авах уу?
-2020 оноос өмнө орон сууцны гэрчилгээ гарсан татвар төлөгчид өмнөх хуулиар буюу 30 сая төгрөгийн орлогоо чөлөөлүүлнэ. Хуучнаар буюу гурван сая хүртэлх төгрөг буцаан авна гэсэн үг.
-2020 оны нэгдүгээр сард гэрчилгээгээ авах иргэд энэ жилийн буцаан олголтод хамрагдах уу?
-Энэ жил болон түүнээс цааш хугацаанд хөнгөлөлт эдэлж байгаа иргэд орон сууцны гэрчилгээ гарсаны дараа жилийн тайлангаар хөнгөлөлтөө эдлэх чиглэл гаргахаар бэлтгэж байна. Тиймээс 2020 он гараад байрны гэрчилгээ нь гарсан иргэд 2021 онд тайлангаа өгөхдөө хөнгөлөлтөө эдэлнэ.
Ц.Мягмарбаяр