Японы музей, архивт зочилсон тухай
2020/01/04
Японы ГХЯ-ны урилгаар тус улсад зочиллоо. Шахуу хөтөлбөртэй, түүх-архив, гадаад бодлого, олон улсын харилцааг хөндсөн, маш их мэдлэг-мэдээлэл өөртөө шингээсэн айлчлал боллоо. Тэр дундаас онцлох нэгэн музей ба ГХЯ-ны Дипломатын архивыг хуваалцая. Эхний зочилсон нь Нутаг дэвсгэр ба бүрэн эрхт байдлын үндэсний музей байлаа.
Нэрнээсээ эхлээд анхаарал татах, зарим талаар сэжиг төрөхөөр. Хоёр жилийн өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газраас байгуулсан, түүний мэдлийн соёл-түүх-сурталчилгааны жижиг байгууллага юм байна. Ирээдүй хойч үедээ түүхэн үнэнийг мэдрүүлэх, ойлгуулах зорилготой гэж байна. Музейн захирал Кониши Ёшихару өөрөө биечлэн үзмэрээ танилцууллаа.
Монголоос очсон албаны анхны хүн нь намайг гэж ойлгууллаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Нутаг дэвсгэр, бүрэн эрхт байдлын бодлого төлөвлөлт зохицуулалтын алба гэж хүртэл ажиллаж байгаа гэлээ. Түүний дэд захирал Риожи Такагаки энэ танилцуулгад хамт байлцлаа. Монголчууд бидний сонсоогүй, мэдэхгүй, чихнээ итгэхгүй алдагдсан нутаг дэвсгэрийн олон асуудлаа нууж хаалгүй илэн далангүй ярьж байна.
Умард нутгийн 4 арал, Өмнөд Солонгост булаалгасан Такэшима арал, Хятадтай хэрүүлийн алим болж буй Сенкаку арлынхаа талаар тун ноцтой баримт дэлгэж байна. Нөгөө улсуудад нь ч бас л өөрийн гэх баримт нотолгоо байж таарна. Ямар ч гэсэн Токиод тийм музей ба үзмэр байна гэдгийг л би зүгээр мэдээлж байна. Энд нэг талыг барих зорилго байхгүйг уншигчид болгоох биз ээ.
ГХЯ-ны Дипломатын архивын тухайд манай албаны нөхөд өмнө нь олонтаа очсон байж таарна. Намайг тус архивын дэд захирал хатагтай Хироми Накано угтан авч архивын үзмэр, түүхэн дурсгалт баримт бичиг, номуудаа танилцуулж аяллын турш хамт байлцлаа. Архивын судлаач залуу үзмэр болгоныг маш тодорхой ярилаа.
Миний олзуурхсан нь ХХ зууны эхэнд Монголд ирсэн япон судлаачийн бичсэн Монголын тухай танилцуулга ном эхээрээ байлаа. Би гартаа барьж адис авлаа. Ёстой ховор түүхэн дурсгал байна.
Японоос гадаад орнуудтай байгуулсан чухал чухал гэрээ хэлэлцээр олныг дэлгэжээ. Харин Гадаад Монгол дахь Хаант Оросын тусгай ашиг сонирхол, Өвөр Монгол дахь Японы тусгай ашиг сонирхол, Манжуур дахь Орос ба Японы ашиг сонирхлыг баталгаажуулсан 1907 оны нууц гэрээг олж үзсэнгүй. Далд хадгалж байгаа болов уу.
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү