Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас хамтран “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг өчигдөр  Төрийн ордонд зохион байгуулав.

Энэ үеэр ойн сан бүхий газар нутгийг талбайгаар тооцож гаргахад ойн сангийн нийт талбай 18.5 сая.га буюу манай улсын нийт нутаг дэвсгэрийн 11.79 хувийн эзэлдэг байна. Хууль бус мод бэлтгэлийн хэмжээ сүүлийн 5 жилийн байдлаар 31.5 хувиар буурсан гэдгийг эх сурвалж хэлэв.

 Харин доктор Н.Дашзэвэг: “Хяналтгүй олон замууд байгаа цагт модны хулгай багасаж байна гэж хэлж болохгүй. Өдөр, шөнөгүй явагдаж байгаа модны хулгайтай жилд нэгээс хоёр удаа шалгалт явуулж байгаа нь хангалтгүй”  хэмээн шүүмжилсэн юм.

Тиймээс хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх сан байгуулах шаардлагатай байгаа бөгөөд байгаль орчныг хамгаалах сангийн болон ойн нөөцийг ашигласны төлбөрийн тодорхой хувь, ойн тухай хууль зөрчсөнөөс үүдсэн орлого, торгууль, гадаад, дотоодын болон хувийн байгууллагын хандив, тусламж мэтээс сангийн төсвийг бүрдүүлэх шаардлага зайлшгүй гарч байгаа хэмээн тэрээр үзэж байгаа аж. 

А.Баярмаа