Ч.Амарболд генерал батлан даалтад гарч, Г.Нямдорж мөрийтэй тоглож байгаад баригдав
2014/03/28
Энэ долоо хоногт гарсан онц, ноцтой хэргүүд болоод албан тушаалтнуудын хэргийн мөрдөн байцаалтын явцыг танилцуулж байна.
Ч.Амарболдыг суллаж, Ш.Батсүхийг магадлангаар гаргах эсэхийг ярилцаж байна
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд хугацаанаас өмнө тэнсэн суллагдах эсэхийг шүүхээр хэлэлцэхээр болсон талаар бид мэдээлж байсан. Учир нь ШШГЕГ-аас хошууч, генерал Ч.Амарболдыг хугацаанаас нь өмнө хуулийн хүрээнд суллах боломжтой хэмээн холбогдох материалыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байдаг. Харин прокурорын байгууллагаас түүнийг магадлангаар суллагдах боломжтой хэмээн материалыг нь Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд шилжүүлсэн юм. Ингэснээр шүүхээс түүний материалтай танилцаж, 30 хоногийн дотор товлох ёстой болсон.
Хурлаар түүний магадлангаар суллагдах эсэх эцсийн шийдвэрийг шүүх гаргах байсан бөгөөд хэдхэн хоногийн өмнө шүүх хариугаа гаргажээ. Тодруулбал, уржигдар Ч.Амарболд генералыг магалдангаар суллах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Харин Амгалангийн хорих ангид ялаа эдэлж буй хурандаа Ш.Батсүхийг энэ долоо хоногт суллах шийдвэр гарч магадгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.
УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн асан Д.Дондог, болон А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж, А.Ариунболд нар нь бүлэглэн барилга барих газар олж өгнө гэж бусдыг хуурч мэхлэн залилж онц их хэмжээний буюу 5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан байна.
Хэргийн материалыг дүүргийн 1-р прокурорын газраас хянаад дээрх хүмүүсийг Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар прокурорийн яллах дүгнэлт үйлдэж хэргийг энэ сарын 24-ны өдөр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхэд шилжүүлжээ.
Дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа нь УИХ-аас УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар шийдвэр гаргахгүй хугацаа алдаж байсан болон яллагдагч нар олон удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлын улмаас түдгэлзүүлсэн байсан бөгөөд түдгэлзүүлсэн үндэслэлүүд нь арилсан учир хэргийг сэргээн шалгуулж улмаар шүүхэд шилжүүлжээ.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын засаг дарга модны хэрэгт холбогджээ
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд гэрлийн шон босгох тендерт ялсан нэгэн компани ашиглах модоо тус аймгаас бэлтгэхийг зөвшөөрөөч хэмээн сумын засаг дарга Н.Баттулгад хандахад тэрбээр зөвшөөрсөн нь багагүй хэл амыг дагуулаад байна. Улмаар энэхүү үйлдэл нь хууль хяналтын байгууллагад илчлэгдэж, шалгуулж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Өмнө нь тус аймагт өндөр хүчдэлийн шонгууд ашиглалтад орсон бөгөөд тендерт ялсан компани нь унанги хаягдал модоор шон босгох байтал нойтон мод бэлтгэж, шон босгосон нь мөн л багагүй хэл амыг дагуулж байжээ.
Уг нь аймаг сумын засаг дарга мод бэлтгэх зөвшөөрөл олгодоггүй аж. Харин сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар бэлтгэх модны хэмжээг батлаад, зөвхөн ой цэвэрлэгээний журмаар унанги цэвэрлэгээний модыг бэлтгэдэг аж.
МИАТ-ын газрын дарга асан С.Билэгсайханыг шалгаж байгаа
МИАТ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад саяхан албан тушаалаас нь огцоруулсан С.Билэгсайханыг ЭЦГ-аас шалгаж, улмаар АТГ-т эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шилжүүлсэн талаарх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан. Тэгвэл энэ талаар АТГ-ын холбогдох албаны хүнээс тодруулахад "Шалгаж байгаа нь үнэн" гэв.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар С.Билэгсайхан МИАТ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын нэгэн компанитай нислэгийнхээ бүх тийзийг борлуулах гэрээ байгуулж, гарын үсэг зурсан аж. Энэ гэрээ нь МИАТ компанид ашиггүй, харин ч тус компанийг алдагдалд оруулахаар байсан учир АТГ-т шалгуулахаар болсон гэнэ.
”Мунзуй” хочит Г.Нямдорж мөрийтэй тоглож байсан нь үнэн гэв
Энэ сарын 22-нд мөрийтэй тоглож байсан гурван хүнийг цагдаагийнхан илрүүлсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “DHL” барилгын есөн давхарт байрлах ресторанд иргэн 41 настай эрэгтэй Н, 32 настай эрэгтэй Б, 28 настай эрэгтэй Б нар нь мөрийтэй “покер” тоглож байсан талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ. Мэдээллийн мөрөөр бид Сүхбаатар дүүргийн “DHL” төвийг зорьж, тус рестораныг хариуцсан албан тушаалтантай холбогдоход "Манайд тийм хэрэг огт болоогүй. Энэ талаар сонсооч үгүй" гэв.
Улмаар "DHL" компанийн холбогдох албаны хүнээс энэ талаар тодруулахад " “DHL” бол олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг, нэр хүндтэй компани. Тэрнээс биш ресторан ажиллуулдаг газар биш. Манай оффисын есөн давхарт байрладаг ресторан бол түрээсийнх. Тийм болохоор манай компанитай ямар ч хамааралгүй. Манай компаний нэр төрд халдсан хэрэг болж байна” хэмээсэн юм.
Тэгвэл энэ хэрэгт "Мунзуй" хочит Г.Нямдорж холбогдсон талаарх мэдээлэл цацагдаж байгаа. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын холбогдох эх сурвалжаас тодруулахад "Ганбаатар овогтой Нямдорж гэх 41 настай эрэгтэй баригдсан" гэв.
Зочин · 2014/03/30
tegeed barigdaal bizdee nomtoibayarn l zahialj baruilj bhgyi yu .ternees unchnuun gazar end tendgyi toglood bhad l zaaval eniig olj ochood barival gj dee
Зочин · 2014/03/29
тэгээд Номтой ямар хамаатай юм