Хамгийн өндөр цалинг ажил олгогч эзэд амлаж байгаа ч хар бор ажил хийж сурсан хөдөлмөрийн хүн өнөөдөр тун цөөн. Хавраас өвлийн эхэн сар хүртэл үргэлжилдэг бүтээн байгуулалтыг газар шороо, биеийн хүчний ажлууд ундардаг. Зам, барилга, ус, дулаан, холбоо мэдээлэл, инженерийн байгууламж гээд ажилчид үгүйлсэн салбар олон бий. Харин энэхүү бүтээн байгуулалтад "диплом" гэгчийг өвөртөлсөн ажилгүйчүүд голоод хийхгүй их зан гаргадаг. Уул нь цалин өндөр хэмээн үнэлэгддэг ажил. Энэ нь  нийгэмд мэргэжилтэй ажилчин анги дутагдах болсоны нэгэн тод илрэл.

Гэтэл манай улсад гадаадаас хар ажилчин оруулж ирэн, ашиг унагадаг байсан ноцтой үйлдлийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж эхэлжээ.  Хамгийн ноцтой нь, энэхүү хууль зөрчсөн үйлдэлд Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвийн Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах албаны ажилтнууд холбогдож, шалгагдаж эхэлжээ.

БНХАУ, БНАСАУ, БНСВУ-ын иргэд манай улсад ажиллахаар урин дулааны улиралд хэдэн зуугаараа орж ирдэг. Ингэж орж ирчихээд “Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх” гэгчээр аяглаж, тусгаар тогтносон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих, охид эмэгтэйчүүдтэй холбогдох, төрийн алба хаагчид халдах гээд янз бүрийн гэмт хэрэгт холбогддог.

Манай улсын дотоодын ажиллах хүчнийхээ тоог хуурамчаар нэмэгдүүлэн, зохих байгууллагаас зөвшөөрөл авдаг байсан гэх. Хуульд зааснаар гадаадаас авах ажиллах хүчний тоог жил бүр Засгийн газрын хуралдаанаас тогтоож, түүнд багтаах үүргийг Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвийн Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах алба хүлээж ирсэн юм. 

Ингэж оруулж ирсэн хар ажилчдаа барилгын компаниудад “шахаж”, дундаас нь ашиг олж байсан гэнэ.

Дээрх хэрэг явдал 2012-2014 оны хооронд үйлдэгдсэн болохыг хуулийн байгууллагынхан тогтоосон аж. Тодруулбал, энэ нь Хөдөлмөрийн яам бие даан байгуулагдаж, Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвд Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах албыг хариуцуулан ажилласан цаг үеэс эхэлсэн байх магадлалтай гэв.

Засгийн газар, жил тутамд гадаадаас авах ажиллах хүчнийхээ тоог бууруулж, орон зайг нь үндэсний мэргэжилтэй ажилтнуудаараа хангах бодлого барьж байгаа. Гэвч энэ ажлыг гардан хэрэгжүүлэх албан тушаалтнууд Засгийн газрынхаа эсрэг ажилласан бололтой. Энэхүү хэргээс харахад төрийн албанд мөнгө гэгч цаасанд толгойгоо мэдүүлсэн хүмүүс шургалах болсон уу гэх харыг төрүүлж байгаа юм.

Учир нь  дотоодын ажиллах хүчнийхээ тоог хуурамчаар нэмэгдүүлэх замаар оронд нь харь орны хар ажилчдад “виз” олгож, ажил хөдөлмөр эрхлэх бололцоог олгосон байгаа юм. Үүнийг нь өнгөрсөн хугацаанд мэдэлгүй явж ирсэн нь тун хачирхалтай.  Мөн үүгээр ч зогсохгүй  Хөдөлмөрийн яам Засгийн газар нь мэдээлэлд нь хууртчихсан “Гадаадаас оруулж ирдэг ажиллах хүчний тоо багасч байгаа” гэж ярих нь эмгэнэлтэй. 

Статистик мэдээллээр монголчууд олноороо ажилтай болсон дүр зураг харагдах ч хөрсөн дээрээ харийнхан хөдөлмөрийн зах зээлийг эзэлчихсэн хамгийн өндөр цалин авдаг тухай гомдол оргүй биш. 

Хуулиа чандлан мөрдөж чадаагүй төрийн албаныхны энэ мэт увайгүй үйлдлээс болж  монгол эр хүүхдээ тэжээхийн тулд архины шил, лааз цуглуулж, гудамжинд гутал тосолж, залуучууд нь хий ажилгүй хулгай зэлгий хийж явах жишээтэй. 

Үүнд хэн буруутай вэ? нэгэнт эздийг нь олсон болохоор эрэл сурал хийгээд яахав. Гэхдээ Монгол хүний үнэмлэж хэт буурч, бүгд итгэх боломжгүй болчоод байгаа нь асуудалтай. Барилга дээр ажиллаж байгаа хятадуудтай монгол ажилчдыг зодож танхайрч бэртээх явдал хавар болгон гардаг. Үүнийг хэт өөхшүүлж буй хүмүүс нь монгол хүнээ гэх сэтгэлгүй болсоныг харуулаад байх шиг.

 

Х.Даваа