"Хурд" хамтлаг “Азийн рок хөгжмийн наадам”-д оролцоно
2014/03/28
Монголын рок поп урлагийн ертөниөд 20 жил уран бүтээлээ тасралтгүй туурвисаар яваа хамтлаг бол “Хурд” хамтлагийнхан. Тэд ирэх дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх “Азийн рок хөгжмийн наадам”-д оролцохоор болсноо дуулгалаа.
Шанхай хотод болох “А” зэрэглэлийн уг наадамд Монголоос анх удаа уран бүтээлчид оролцох бөгөөд “Хурд”-ынхан сүүлийнх нь өдөр 40 минут тоглох юм.
Энэ жил тэд 20 жилийн ойн баяраа тохиолдуулан гадаадад аялан тоглолтоо хийж байгаа гэдгийг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Хамгийн сүүлд гэхэд АНУ-ын Вашингтон, Чикаго, ЛосАнжелес, Сан-Франциско, Сиэтл зэрэг хотуудад энэ сарын эхээр тоглосон. Харин өнгөрсөн ням гаригаас эхлэн Канадад амьдардаг нутаг нэгтнүүдээ баярлуулан тоглож байгаа.
Дашрамд дуулгахад, Хурдынхан аялан тоглолтынхоо үеэр удахгүй гаргах шинэ цомгийнхоо “Нандин хайр” дууны зургийг АНУ-ын Сиэтл хотод авахуулсан гэнэ.
Д.Ана