Уханьд болох боксын тэмцээнийг коронавирусний халдвараас үүдэж цуцлав
2020/01/23
БНХАУ-ын Ухань хотод коронавирусээс үүдсэн уушгины шинэ төрлийн хатгалгаа гарч, 17 хүн амь насаа алдсантай холбогдуулан ОУОХ-ноос Уханьд болох олимпын эрх олгох боксын тэмцээнийг цуцаллаа.
“Токио 2020” Зуны XXXII олимпын наадмын боксын тэмцээнийг Олон улсын сонирхогчдын боксын холбоо бус ОУОХ-ноос зохион байгуулах бөгөөд Ази, Номхон далайн бүсийн олимпын эрхийн тэмцээн хоёрдугаар сарын 3-14-нд Хятадын Ухань хотноо болох байв.
ОУОХ-ноос олимпын эрх олгох тивүүдийн тэмцээний дараа сүүлийн эрх олгох тэмцээнийг тавдугаар сарын 13-24-нд Парис хотноо зохион явуулах юм.
Ташрамд сонирхуулахад, ОУОХ-ноос Ази, Номхон далайн бүсийн олимпын эрхийн тэмцээнийг хаана хэзээ зохион байгуулах талаар өнөөдөр шийдвэрлэх бөгөөд албан бус мэдээллээр ирэх дөрөвдүгээр сард Бээжин хотноо зохион байгуулах магадлал байгаа аж.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Зочин · 2020/01/24