Эрдэнэт үйлдвэр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж эхэллээ
2020/01/27
БНХАУ-ын Хубэй мужийн засаг захиргааны төв болох Ухань хотод гарсан корона вирусаас урьдчилан сэргийлэх ажлыг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын болон Нийслэлийн онцгой комисс, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар, ЭМЯ, ХӨСҮТ болон холбогдох газрууд өдөр тутам хэвлэлийн бага хурал хийж, явцын мэдээлэл танилцуулахаар болсон. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдрийн 10.00 цагийн байдлаар корона вирусээр өвчилсөн хүний тоо 2796, нас барсан хүний тоо 80 болсон тухай албаныхан мэдээллээ. Эдгээрээс БНХАУ-д 276 тохиолдол, хилийн чанадад 35 тохиолдол бүртгэгджээ. БНХАУ-ын ЭМЯ-ны мэдээлэлд 461 хүн сэхээн амьдуулах тасагт эмчлэгдэж, бүрэн эдгэрсэн 49 хүн байгааг дурьдлаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд ХАБЭА-н хэлтсээс корона вирусаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, ажиллагсдадаа маск зүүх шаардлага тавьж, ариутгал халдваргүйжилтийг хувь хүн бүр өрөө тасалгаандаа хийхийг анхааруулж байна. Мөн олон нийтийг хамарсан ажлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг мөрдөж ажиллахаа мэдэгдлээ.
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс