Ё.Баатарбилэг сайдаа, анагаахын профессоруудын асуултад хэзээ хариулт өгөх вэ?
2020/01/28
Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор И.Пүрэвдорж
Анх 1942 онд одоогийн АШУҮИС үндэс сууриа тавьсан ч 1961 онд АУДэС болон бие дааж өрх тусгаарласан түүхтэй. Тэр цагаас хойш сургууль маань нэрээ хэдэнтээ сольж, 5 дахь захирлын нүүр үзжээ.
Алдар цуут Анагаахын сургуулийн захирлын албыг өмнө нь хашиж байсан хүмүүс ч өөрсдөө алдар цуутай, эрдэм чадалтай энэ салбартаа домог мэт нэр хүндтэй улс байлаа.
Анхны захирал Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, АШУ-ны доктор, профессор, Д.Балдандорж 27 жил, МУ-ын гавъяат багш, АУ-ны доктор, профессор Г.Жамба 8 жил, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан АШУ-ны доктор, профессор, академич Ц.Лхагвасүрэн 17 жил, МУ-ын гавьяат багш, АУ-ны доктор профессор, МАУАкадемийн гишүүн Г.Батбаатар 5 жил тус тус хашжээ. Эдгээр захирлын үед сургууль маань өргөжин тэлж, өөдлөн мандаж ирсэн гэгээн дурсамж надад үлдсэн байна. Тэрхүү хөгжил дэвшилд нь өчүүхэн миний 50 жилийн хүч, хөдөлмөр орсон гэж бодоход сэтгэл өег хийсэн бүтээсэн юмтайдаа ам бардам явдаг юм. Тийм учраас энэ сургууль өнөөдөр өнгөтэй, өөдтэй бол баярлаж, өрөөл бусад өөнтөглөхөд харамсаж, буруу зөрүү, муу муухайг нь залруулахыг хичээж явдаг билээ.
Харамсалтай нь одоогийн захирал гэгдээд байгаа Ж.Цолмон гэгч энэ бүсгүй намын нэрээр түрий барьж хууль бусаар захирлын суудалд суусан цагаас хойш сайн нэрт Анагаахын сургуулийн нэр сааралтаж бүдгэрсээр байна.
“Хууль бусаар” захирал болсон гэдгийн тухайд БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа нь Ж.Цолмонтой цуг гадаад оронд явж ирснийхээ дараахан 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тушаал гаргаж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан захирал Г.Батбаатарыг халж, Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг. Тушаал гаргасан цаг хугацааг харж байгаа биздээ яг наадмын урд өдөр буюу бүх нийтийн амралт эхэлж, сургууль тарж, багш нар амарчихсан үе, 09 дүгээр сарын 01-нийг хүртэл дураараа дургиж болно.... чоно борооноор гэгч энэ.
Уул нь сургуулийн захирлыг солих өөрчлөх аваас сургуулийн хамт олны саналыг харгалзан хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлж сонгон шалгаруулах ёстой. Жишээ нь: Г.Батбаатар энэ сургуулийн захирал болохдоо 10 гаруй хүнтэй 4 шалгуураар өрсөлдөж, сонгон шалгаруулалтанд ялан БСШУ-ны сайдын 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар томилогдож байсан юм.
Гэтэл Ж.Цолмон энэ бүх шалгуураар орсонгүй, намын нэрийг барьж, боловсрол нимгэн Ц.Цогзолмаагийн тархийг угааснаар хүслээ биелүүлэхийг зорьжээ.
Энэ зохисгүй явдлыг “60 тэрбумын томилгоо” гэж үзэн багш нарын зүгээс эсэргүүцэж, телевизээр мэдэгдэл хийж, БСШУС-ын яамны үүдэнд жагсаж, багш нар Ж.Цолмонг эсэргүүцэж гутлаараа шидэж танхимаас хөөж гаргасан зэрэг үйл явдал болсон ч МАН-ынхан төр барьж байгаадаа бардаж хэн нь ч эс тоов. Хичээл эхэлсэн тул сургалтын үйл явцаас багш оюутнуудыг хөндийрүүлэхгүйн тулд эсэргүүцлийн цуглаанаа зогсоож, хуулийн шугамаар үнэн мөнөө олохоор шүүхэд хандсан билээ.
- Анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 04-нд хуралдаж Г.Батбаатарыг ажилд нь эргүүлэн томилох, өнгөрсөн хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гаргав. Ц.Цогзолмаа, Ж.Цолмон нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдав.
- Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-нд хуралдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх магадлал гаргасан. Тэд мөн л шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Дээд шүүхэд ханджээ.
- 2019 оны 04 дүгээр сарын 25-нд Дээд шүүх хяналтын шатны хурлаа хийж “Нийслэлийн шүүхийн магадлалыг хэвээр үлдээсүгэй” гэсэн шийдвэр гаргасан байна.
- 2019 оны 07 дугаар сарын 30-нд СБД-ийн шүүх шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх захирамж гаргасан.
Гэвч шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Ардын намын албан тушаалтнуудаас хэн нь ч хуруугаа хөдөлгөсөнгүй. Ийнхүү профессор Г.Батбаатар ардын намын эрх мэдэлтнүүдэд албан тушаалаа булаалган ажилгүй болсоор 1 жил 6 сарын нүүр үзлээ. Дээд шүүхийн шийдвэрээс дээгүүр эрх мэдэлтнээр өөрийгөө хамгаалуулсан Ж.Цолмон гэгч “Намайг нам минь хамгаална” гэж ярьдаг төдийгүй түүндээ эрдэж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гээч болж байна. Түүний яаж дураараа аашилж байгааг зах зухаас нь дурдьяа.
- Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбат, Хангамж үйлчилгээний газрын дарга Ц.Батхуяг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхтуяа, Захиргаа, хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга Н.Эрдэнэцэцэг, Оюутны албаны дарга Ч.Баасандорж, Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч С.Цогтсайхан, Санхүү эдийн засгийн газрын 5 нягтлан бодогч, Хангамж үйлчилгээний газрын 3 мэргэжилтэн, 1 менежерийг үүрэгт ажлаас нь өөрчлөхийг нь өөрчилж, халахыг нь халж баахан бужигнуулав. Уул нь түр орлон гүйцэтгэгч хүн халах, авах тушаал гаргах эрхгүй байдаг. Одоо цагт хамаагүй болсон юм байна л даа.
- Сургуулийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн, өөртөө талтай хүмүүсээр бүрдүүлж авав. Үүнийхээ ид шийдийг ашиглаж төрсөн эцэг Жадамбадаа АШУҮИС-ийн “Хүндэт профессор” цол олгосон байдаг. Инээдтэй байгаа биз. Уул нь дүрэм ёсоор бол АШУҮИС-ийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын хүнд Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр олгодог цол л доо.
- Нөгөө “Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо” гэгчийн үлгэрээр Ж.Цолмонд сүжирч, түүнийг даган баясагч хэсэг бүлэг хүн бий болсон. Өөрөөр хэлбэл Ж.Цолмонгийн тойрон хүрээлэгчид юм. Хаа газар дарга нарт тал засаж, хойно урд нь гүйж, бялдуучлан амь зуудаг өрөвдөлтэй гэмээр хүмүүс байдаг даа. Тэднийгээ Ж.Цолмон ч харж үзэн ажил албанд томилж, албан тушаал дэвшүүлж заримд нь бүр профессор цол хүртэл хайрлажээ. Профессор гэдэг цол их сургуулийн багш хүний эрхэм дээд, ариун нандин зүйл байдаг. Бараг гавьяат гэдэг цолноос ч дутахгүй. Гэтэл Ж.Цолмон эрх мэдлээ ашиглан профессор байтугай, дэд профессорын болзол ч хангаагүй хэсэг хүнийг профессор цолоор шагнажээ. Үүнийгээ Ж.Цолмон ажил хариуцаж байгаа хүнд “Албан тушаалын профессор цол олгосон” гэж тайлбарлах юм. Тэгвэл эрдмийн зэрэг, цол олгох журамд “Албан тушаал харгалзан профессор, дэд профессор цол олгохыг хориглоно” гэж заасан байдаг.
- Эмнэлзүйн практик олон жил ажилласан, нэр хүндтэй эмч нарт Эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцэн олгодог клиникийн полфессор цолыг эмч нарт зарж, энэ жил өвлийн өвгөний бэлэг болгон тараасан байна.
- Г.Батбаатар захирал байхдаа 2015 оноос багш нарын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор сан байгуулж, нээлттэй сонгон шалгаруулалтаар санхүүжүүлж байсан. Энэ цөөн хүн хуйвалдан 650 сая төргөгийг хуваан авсан сурагтай. Үүнийг багш нар том ЖДҮ-ээ дууриаж ЖДҮ-дчихлээ хэмээн халаглаж байна.
- Мэддэггүйгээ мэддэггүй хүн ер нь хэцүү, ажил төрөлд халгаатай. Энэ тухай нэг айхтар хэлц үг байдаг.
Мэддэг, мэддэгээ мэддэг хүнийг
Мэргэн хэмээн дагатугай
Мэддэг, мэддэгээ мэддэггүй хүн
Унтаа хэмээн сэрээтүгэй
Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэг хүнийг
Зүтгэлийг нь бодож үнэл
Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүй хүнийг
Илжиг хэмээн тооцсугай гэж.
Харамсалтай нь Ж.Цолмон гэгч энэ бүсгүй мэддэггүйгээ мэддэггүй хүн юм. Мэддэггүй хүн чинь хүний амаар ажлаа явуулна. Тал засаж хов ярьсан хүний үгэнд орж, бидний тухайлбал миний үүсгэж байгуулсан Био анагаахын сургуулийн бүтэц зохион байгуулалтыг эвдэн, тэнхмүүдийг салгаж бутарган жижигрүүлж, сургалт эрдэм шинжилгээний биеэ даасан нэгж байх чадварыг нь алдагдууллаа тухайлбал:
а/ Эмгэг бүтэц үйл судлалын тэнхмийг: Эмгэг физиологийн тэнхэм, Эмгэг анатомийн тэнхэм
б/ Дархлаа судлал, микробиологийн тэнхмийг: Микробиологийн тэнхэм, Дархлаа судлалын тэнхэм,
в/ Биологи, гистологийн тэнхмийг: Биологийн тэнхэм, Гистологийн тэнхэм
г/ Биохими, лабораторийн тэнхмийг: Биохимийн тэнхэм, Лабораторийн тэнхэм болгон хэт жижигрүүлж бие даах чадваргүй олон жижиг нэгж шинээр үүсгэсэн нь эдийн засгийн хувьд ч хохиролтой.
- Удирдагч нь бурхан болсон докторантын диссертаци дээр Ж.Цолмон өөрийнхөө нэрийг тавьж хамгаалуулсан тухай яриа гарсан. Тэр ч бүү хэл өөрөө оролцоогүй бүтээл дээр нэрээ бичиж нийтэд тараасан. Ямар бузартай юм бэ? Эрдмийн ажлын ертөнцөд хуурамчаар удирдагч хийнэ гэдэг хамгийн цээртэй зүйл шүү дээ. Уул нь чааваас нэг ч гэсэн хүн хамгаалуулсан болж харагдах гэж хичээсэн хэрэг. Үүгээрээ өөрийгөө профессор гэж цоллоод яваагаа зөвтгөх гэсэн шүү юм болов уу даа. Ж.Цолмон хаанаас, ямар сургуулийн эрдмийн зөвлөлөөс профессор цол авсан нь тодорхойгүй. Өөрийгөө л профессор гэж цоллоод явдаг. Лав л АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөл түүнд ийм цол олгоогүй. Хэрвээ аль нэг хувийн анагаахын сургуулиас ийм цол авсан бол тэр нь тухайн сургуульдаа л хамаатай, АШУҮИС-д хамаагүй төдийгүй профессор цолны нэмэгдэл цалин авах ёсгүй. Тэгэхээр Ж.Цолмонгийн профессор цолны гарал үүслийг тогтоох шаардлагатай.
Профессор цол гэдгийг чинь хүссэнээрээ юм уу хүний хийсэн ажил дээр нэрээ тавиад авчихдаг зүйл биш. Жишээ нь: Ж.Цолмонд ажлаа булаалгачихаад яваа Г.Батбаатар профессор гэхэд мэргэжлийнхээ 23 хүний докторын, 27 хүний магистрийн ажлыг удирдан хамгаалуулж 200 орчим эрдмийн бүтээл туурвисан байна. Профессор Г.Батбаатарын бичсэн “Дархлаа судлал” сурах бичиг 7 дахь удаагаа хэвлэгдээд байна. Ийм бүтээлтэй байж профессор цолыг авдаг юм.
Г.Батбаатарын талаар хэдэн үг нэмье. Энэ залуу манай анагаахын шинэ дархлаа судлалын салбарыг үүсгэлцэж, хөгжүүлж яваа чадварлаг сэхээтэн төдийгүй сайн удирдагч, шилдэг зохион байгуулагч юм. Тэрээр тус сургуулийн захирлаар ажилласан хэдхэн жилийн хугацаанд номын сангийн 7 давхар байшин, цөм лаборатори, оюутны Эко төвийг барьж, улмаар манай хамт олны 70 жилийн хүсэл мөрөөдөл болсон Их сургуулийн эмнэлэг, сургалт, эрдэм шинжилгээний цогцолборын бүтээн байгуулалт эхлүүлж чадсан юм. Ботаникийн цэцэрлэгт газрын зөвшөөрөл авахаас эхлээд яаж махаа барж, хичнээн даргын үүд сахиж, хичнээн иргэдийн гэрээр явж уулзаж учирлаж гуйж ойлгуулах гэж зүдэрч явсныг одоо барилга бэлэн болсон хойно нь тууз хайчлаад зогсож байгаа дарганцарууд мэдэхгүй. Энэ эмнэлэг, сургуулийн цогцолборыг барьж байгуулах хөрөнгийг ямар их хүч чармайлт гаргаж байж зөвшөөрүүлснийг одоо бэлэн болсон хойно нь дарга нь болчихоод даналзаж суугаа тэр эрхэм ойлгох ч үгүй.
Харамсалтай нь шинэ дарга нарын авхаалж хөөцөлдөлгөө дутсанаас эмнэлэг сургуулийн цогцолборт баригдаж буй оюутны байрны санхүүжилт гацаж барилгын ажил зогсжээ. Мөн сургуулийн эмнэлгийн санхүүжилт шийдэгдээгүй, одоо болтол бүрэн ашиглалтанд ороогүй, ажилчидаа халж байгаа сурагтай. Сайн хүний эхлүүлсэн ажлыг самбаатайхан аваад явчих авхаалж одоогийн удирдлагуудад дутаж байх бололтой.
Төгсгөл болгож өгүүлэх нь:
Миний нэг шавь хүрч ирээд “Манай муу захирлыг /Цолмонг хэлж байна/ та юунд эсэргүүцээд байдаг юм бэ” гэж байна. Би “Муу захирал гэдгийг нь чи ч хүлээн зөвшөөрдөг л юм байна шүү дээ” гэсэн чинь тулгамдаж бантахдаа инээж харагдав. Энэ шавь маань эрдэм чадлаараа тийм ч сайнгүй нэгэн ч мэддэггүйгээ мэддэг бололтой байдаг юм. Энэ маань Ж.Цолмонг захирал болсноос хойш мандаж яваа. Аштай юу даа хөөрхий...
Энэ шавийнхаа дээрх асуултанд одоо хариулья.
Би Г.Батбаатар гэдэг хүнд хайртай, Ж.Цолмон гэдэг хүнд хайргүйдээ энэ бүхнийг бичиж байгаа юм биш. Би гэдэг хүн Анагаахын тогооноос 50 шахуу жил хооллож, залуу насныхаа хамаг хүч, эрчмийг энэ сургуулийн төлөө харамгүй зарцуулж энэ сургуулиас хамаг алдар гавьяа, зэрэг дэвийг хүртэж, энэ сургуулиар хүү, ач охин минь сурч хүмүүжсэн, энэ сургууль миний 2 дахь гэр минь, хэн нэгэн замын хүн ирээд самарч бужигнуулаад, сааруулж муужруулаад байхад би дуугүй сууж чадахгүй. Нөгөөтэйгүүр би шудрага байхыг туйлаас эрхэмлэж, шудрага үнэний дуу хоолой байхыг эрмэлзэж ирснийг намайг мэдэх хүмүүсийн зарим нь гадарлах байх.
Г.Батбаатарыг АШУҮИС-ийн захирлаас хууль бусаар өөрчилж, Ж.Цолмонг захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь эхнээсээ шударга бус зүйл байснаас би дуугарч эсэргүүцсэн. Ж.Цолмонгийн энэ томилгоо бол МАН-ынхны нөгөө “60 тэрбум”-ын гэгдэх томилгоо байсан гэдэгт би итгэлтэй байдаг. Энэ нь батлагдаж Дээд шүүхийн шийдвэр гарчихаад өдий хугацаа өнгөрөөд байхад Г.Батбаатарыг ажилд нь эргүүлэн томилохгүй удаашруулж байна.
МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх анх гарч ирээд хуулийг дээдэлж үнэнч шудрага ажиллахыг яамдын сайд нартаа үүрэгдэж, хуульд захирагдахгүй байвал, авилга хээл хахуульд оролцвол хохь чинь шүү! гэх утгатай үг хэлэхийг сонсоод ёстой загтанасан газар маажих шиг болж баярлаж байж билээ. Гэтэл Г.Батбаатарын асуудлаар бидний хэдэн профессоруудын гарын үсэгтэй явуулсан бичгийн хариуг ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсөнгүй, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ч өгсөнгүй. Одоо болтол таг чиг.
Шүүхийн дээр зөвхөн хөх тэнгэр л байдаг гэдэгсэн. Тэр одоо хэвээрээ юу!
Zochin · 2020/01/28
Хуулиа биелүүлдэггүй УИХ гишүүн, ЕС гэж ёстой ойлгомжгүй юм
Zochin · 2020/01/28
Хүрэлсүх сайдаа хуулиа биелүүлэхгүй байж юуны шударга ёс вэ. Сонгууль ойртлоо. Шударга бус намд санал өгөх үү бодооч. Энэ балай хүүхнийг зайлуулаач
Зочин · 2020/01/28