Хүдрийн шинжилгээнд ахиц гарав
2020/01/28
Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн Багажит шинжилгээний хэсэгт Германы BRUKER брэндийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд шинээр иржээ. Эдгээр “багаж” нь хүдэрт эрдсийн болон элементийн шинжилгээг өндөр түвшинд шуурхай хийж дүгнэлт гаргаснаар баяжуулах үйлдвэрлэлийн технологийн горим тохируулахад дэм үзүүлэх юм. Тухайлбал, S2 PUMA төхөөрөмж нь Баяжуулах үйлдвэрт орох хүдэрт зэс, молибден, төмөр, хорт хольц, хар тугалга хэр хэмжээнд агуулагдаж байгааг шинжилдэг бол D8 ENDEAVOR “багаж” нь эрдсийн анализ хийдэг байна. Харин Финлянд улсад үйлдвэрлэсэн электрон микроскоп бүхий ТIMA төхөөрөмж нь давхар үйлдэл гүйцэтгэж шинжилдгээрээ давуу талтай аж. Судалгаа, шинжилгээний хүрээлэнд эдгээр төхөөрөмж ашиглалтад орсноор хүдрийн шинжилгээ илүү нарийвчлалтай хийгдэж, улмаар эцсийн бүтээгдэхүүний гарц сайжирч, эдийн засагт үр өгөөжөө өгөх юм.
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс