Зэсийн үнэ 6100 гаруй ам доллар байна
2020/01/30
Шинэ оны эхний 28 хоногт зэсийн үнэ дунджаар 6115,35 ам доллар тонн байгаа нь өнгөрсөн сарын дундаж үнэтэй харьцуулахад 91,32 ам доллараар өссөн үзүүлэлттэй байна. Он гарсаар АНУ болон Хятад улс худалдааны анхан шатны хэлэлцээрийн асуудлаар тохиролцоонд хүрч гарын үсэг зурсантай холбоотойгоор зэсийн үнэ харьцангуй тогтвортой байв. Харин сүүлийн өдрүүдэд Хятад улс болон дэлхийн бусад орнуудад дэгдээд буй халдварт өвчин, хөл хорионоос шалтгаалан ханш буурах хандлагатай болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Тухайлбал, 2018 оны 12-р сарын 10-ны өдрөөс 2020 оны 1-р сарын 24-ны өдрийг хүртэл зэсийн үнэ 6000 ам доллараас буурсан тохиолдол гараагүй бол 2020 оны 1-р сарын 28-ний өдрийн байдлаар 5715 ам доллар тонн болж буураад байна. 2002-2003 онд гарсан SARS халдварт өвчний үед Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 1 % - иар, Зүүн Өмнөд Азийн орнуудын ДНБ 0,5 - иар буурсан байжээ. Тухайн үед Хятад улс дэлхийн нийт зэсийн эрэлтийн 20 орчим хувийг бүрдүүлж байв. Харин одоо бол Хятад улс дэлхийн 2 дахь том эдийн засагтай зах зээлд үзүүлэх нөлөө нь тухайн үетэй харьцуулахад эрс өссөн учир зах зээлд сөргөөр нөлөөлөх эрсдэл ихтэй байгааг судлаачид онцолж байна. Ухань хотоос гаралтай шинэ титэмт вирус тархсанаас хойш Хятадын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ SARS-ын үетэй харьцуулахад өндөр үр дүнтэй байгаа юм. Гэсэн хэдий ч энэ вирусын тархалтаас шалтгаалан гол таваарын үнэ эрс буурч байна.
Судалгааны байгууллагуудын гаргасан 2020 оны 1-р улирлын үнийн прогноз 5512-6300 ам долларын хооронд хэлбэлзэж, дунджаар 6034 ам доллар тонн байна. Харин 2020 оны 2-4 улирлын зэсийн үнийн прогнозын дундаж 6117-6213 ам доллар тонн буюу 1-р улирлынхтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Тэгвэл 2020 оны зэсийн үнийн прогноз 5506-6472 ам долларын хооронд хэлбэлзэж 6131 ам доллар байна. Өнгөрсөн оны сүүлчээр 2020 оны зэсийн үнийн таамаглалыг нийт 28 судалгааны байгууллага гаргаснаас 18 нь зэсийн үнийн прогнозоо өөрчлөөгүй хэвээр үлдээсэн бол 9 нь өсгөж, 1 байгууллага нь бууруулах зэргээр өөрчилжээ. Зэсийн үнийн прогнозоо өсгөн өөрчилсөн байгууллагууд АНУ болон Хятадын худалдааны маргааны асуудал цаашид нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа бол зарим судалгааны байгууллага 2020 онд нийлүүлэлтийн хүндрэл гарах эрсдэл өндөр байх талаар судалгаандаа тодотгосон байна. АНУ болон Хятадын худалдааны хэлэлцээрийн хэрэгжилт, зах зээлд нөлөөлж буй бусад хүчин зүйлсээс шалтгаалан үнэ судлаачдын таамаглалаас буурах эрсдэл хэвээр байна.
Экспорт борлуулалтын хэлтсийн Тэргүүлэх мэргэжилтэн Х.Мөнхцэцэг