С.Баярцогт АТГ-т шалгуулахаар боллоо
2013/04/04
УИХ-ын дэд дарга С.Баярцогт “Legend Plus Capital Limited” гэх компани байгуулж түүгээрээ дамжуулан Швейцарийн банкинд данс нээж, нэг сая ам.доллар хадгалуулсан гэх мэдээлэл өчигдөр гарсан юм.
Энэ талаар С.Баярцогтоос өөрөөс нь тодруулахаар утас руу нь залгахад роуминг үйлчилгээнд холбогдсон байв. Харин хэвлэлийн төлөөлөгч нь “Дарга гадагшаа явчихсан. Өнөө орой юм уу, маргааш өглөө ирэх байх” хэмээн хариуллаа. Гэвч үүнээс хойш хагас цагийн дараа С.Баярцогт Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэр туслахдаа ч хэлж амжилгүй яаран иржээ. Швейцарийн банкин дахь дансных нь мэдээлэл түүнийг ийн сандаргав.
Нийт 60 гаруй орны сэтгүүлчдээс бүрдсэн “ICIJ” байгууллагаас гаргасан мэдээлэлд Швейцарийн банкин дахь нэг сая ам.долларын 200 мянган ам.доллар нь С.Баярцогтынх, үлдсэн нь 800 мянган ам.доллар нь хамт хөрөнгө оруулсан гурван найзынх нь гэж дурьдсан байна.
Харин С.Баярцогтын тайлбар маш энгийн.
Тэр УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохоосоо өмнө Их Британийн Виржинийн арал дээр компани байгуулжээ. Хувьцааны бизнес хийх зорилготойгоор анх байгуулагдсан компанийнхаа дансанд гурван найзтайгаа хамтран нэг сая ам.доллар хийсэн гэнэ. Гэвч санхүүгийн хямрал эхэлж, ажил нь бүтэмжгүй болонгуут тэд мөнгөө татаж авчээ. Өнөөдөр компанийх нь дансанд 1658 евро буюу 2.9 сая төгрөг байгаа гэнэ. Харин энэ компанийнхаа нэрийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдаагүй шалтгаанаа “Тухайн үед мэдлэг муутай байсан болохоороо...” хэмээн тайлбарласан юм.
“ICIJ”-ээс гаргасан мэдээлэлд дурьдсанаар бол С.Баярцогт “Би нэр хүнд гэхээс илүү гэр бүлдээ санаа зовж байна” хэмээн ярьсан гэж байгаа. Харин өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр тэрбээр “Ингэж хэлээгүй” хэмээн үгүйсгэв. Түүнийг ямар хариуцлага хүлээх тухай асуухад “Ер нь би ёс суртахууны хувьд үлгэр дууриал болох хэрэгтэй. Гэхдээ УИХ хариуцлага тооцно” гэсэн юм. Ямартай ч тэрбээр өчигдөр бараг л уучлалт гуйлаа. Гэхдээ дансан дахь мөнгөнөөсөө болсон юм биш, харин компанийнхаа нэрийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулаагүйнхээ төлөө өршөөл эрэв. Энэ асуудлаар УИХ-ын даргад хүсэлт гаргаж, чуулганаар ямар ч шийдвэр гарсан бай хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн нь энэ юм.
Авлигын эсрэг хуулийн 10.2 дугаарт “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй. “Мөн хуулийн 13.5 дугаарт зааснаар “Мэдүүлэг гаргач хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол энэ нь түүнийг албан тушаалаас нь огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэл болно” хэмээн заасан байдаг. Мөн Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д зааснаар “Мэдүүлэгч этгээд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл эх үүсвэрийг нь заагаагүй буюу түүнийг хэрхэн олсон талаар тайлбар өгч чадаагүй бол Авлигатай тэмцэх газар тухайн мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгана” гэсэн байдаг. УИХ-ын дэд даргын хэлснээр бол С.Баярцогт “Legend Plus Capital Limited” компанийнхаа дансан дахь 2.9 сая төгрөгийг “Нидо” компанийнхаа хөрөнгөнд хавсарган мэдүүлсэн аж. Тэгэхээр Авлигатай тэмцэх газар түүний хөрөнгийг нягтлан шалгаагүй буруутай болж таарч байна. Ямартай ч “Би өглөө УИХ-ын даргатай ярьчихсан. Авлигатай тэмцэх газарт шаардагдах бичиг баримтыг нь хүргүүлчихсэн байгаа. Надтай хамт хөрөнгө оруулалт хийгээд дараа нь хөрөнгөө татаад авчихсан найзуудынхаа талаар холбогдох байгууллагад нь мэдээлэл өгнө” хэмээн С.Баярцогт тайлбарласан юм. Тэгэхээр одоо түүнийг Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн гэсэн үг бололтой.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан. Үүнд төрийн өндөр албан тушаалтнуудыг хилийн чанад данс нээлгэхийг хориглосон заалтыг оруулж өгсөн юм. Тэгэхээр хэрэв энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж баталбал С.Баярцогтын Швейцарь дахь дансыг хаах шаардлагатай болно гэсэн үг. Түүнээс биш одоо бол түүний энэхүү хөрөнгөтэй нь холбоотойгоор элдэв хариуцлага тооцох боломжгүй.
Харин өөрийнх нь яриагаар бол тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байгаа гэсэн. Ёс зүйн хариуцлага гэдэгт чухам юу багтах вэ. Өмнө нь С.Баярцогт УИХ-ын чуулганы хуралдаанд хоцорч ирснийхээ дараа хурал даргалагчид хандан “Түгжрэлтэй байснаас болж ийм юм боллоо” хэмээн нэлээд ундууцан тайлбарлаж байсан билээ. Мөн олон нийтийн телевизээр гарсан мэтгэлцээний үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “Чи мэдлэггүй” хэмээн хэлснийг нь бас арай ч гишүүний ёс зүйтэй холбож тайлбарлаж болохгүй байх. Ямартай ч хэсэг байж байгаад л жинтэйхэн асуудалд холбогддог хүн нь С.Баярцогт болоод удаж байна. Үүний нотолгоо нь түүний мартагдсан компанийн дууль болж таарав.
Т.Элиса