“Изинес Эйрвез” компанийн суудлын онгоц өчигдөр Чингис хаан олон улсын онцгоцны буудал ослын буулт хийлээ. Тус компанийн Улаанбаатар-Баян-Өлгий-Увс аймгийн чиглэлийн онгоц уг нь уржигдар нисэх байсан ч цаг агаар муу гэх шалтгаанаар хөөрөөгүй байна.

Улмаар өчигдөр 11:30 цагт нислэг үйлдсэн онгоц цаг гаруй ниссэний дараа гэнэт агаар дээр эргэж Улаанбаатар руу буцаж ирэн ослын буулт хийсэн аж.

Энэ талаар зорчигч Б.Саулетай холбогдож тодрууллаа. Тэрбээр “Өчигдөр /уржигдар/ нисэх байсан онгоц бүтэн хоёр хоног зорчигчдыг гацаачихлаа. Ур­жигдар Баян-Өлгий аймагт газардах боломж байсан. Миний бие тус аймгийн нисэх онгоцны буудлын н.Жанебек гэж хүнтэй холбогдоход “Бид буултын замаа цэвэрлээд дууссаны дараа 13 цаг гэхэд онгоц хүлээж авах боломжтой” гэсэн. Гэтэл өнөөдөр /өчигдөр/ замдаа цаг гаруй нисэж яваад гэнэт агаар дээр эргэчихсэн. Даралттай хүмүүсийн бие нь муудаж одоо хүртэл сайжраагүй байна. Тухайн үед онгоцны нислэгийн албаныхан “Саатал гарлаа, Улаанбаатар руу буцах боллоо” гээд ослын буулт хийсэн нь энэ. Хамгийн гол нь уржигдар нисэх боломж байсаар байтал сураг дуулахад зорчигчдынх нь тоо гүйцээгүй учраас нисээгүй байж магад гэх мэдээлэл байна. Энэ бүхний эцэст нэг компанийн хувийн асуудлаас болж бид хохирлоо яаж барагдуулах юм гэхэд тэд 40 мянган төгрөг өгөөд зорчигчдын ам таглачихаж байгаа гэвэл харамсалтай юм” гэлээ.

Ямартай ч Улаанбаатар-Баян-Өлгий-Увс чиглэлийн уг онгоц өнөөдөр 08:00 цагт нислэг үйлдэх гэнэ. Харин “Изинис эйрвэйс” компанийнхантай холбогсон боловч ямар нэгэн тайлбар хийхээс татгалзлаа. Нөгөөтэйгүүр уржигдар нисэх байсан эл онгоцны дугуй хөлдсөн болохоор нислэгийн цаг нь өнгөрсөн гэх мэдээлэл бас байна.

Өөрийн гэсэн олигтой онгоц­гүйн харгайгаас болж байсхийгээд л тэр ч улсад, энэ ч хотод Монголын харьяалалтай онгоц ослын буулт хийлээ гэх мэдээлэл гарах боллоо. Одоогоос хэдхэн хоногийн өмнө “МИАТ” компанийн онгоцны дугуйнд нь гэмтэл гаран Москва хотод хоёр хоног саатаж зорчигчдод хохирол учруулсан. Техник л юм хойно ямар нэгэн гэмтэл гарч болох ч компаниуд нь нэгэнт л хүний амь, буцаж олдошгүй цаг хугацаа хариуцаж яваа учраас эвдрэл, аюулгүй байдлыг бүрэн хангах ёстой биз дээ. Адаг сүүлдээ бүр өөрийн улс дотор хувь, хувьсгалын компаниудын онгоц ослын буулт энэ мэтээр хийж байна. Тиймээс төр засгаас нисэх онгоцны компаниудад тавих хяналтаа сайжруулах цаг ирсэн юм биш үү.

 

Л.Баатархүү