Ядуусын хүүхэд баячуудын “Нохойд барьдаг мод” уу
2013/04/04
Бага насны хүүхдээр амь насанд нь халтай хүнд хүчир хөдөлмөр эрхлүүлэх явдал ихэсч байна. Мөнгө төгрөгтэй, бэл бэнчинтэй нэг нь ядарсан айлын хүүхдүүдийг нохойд барьдаг мод шиг санаж аюултай, хүнд хүчир ажлыг маш хямд хийлгэж ашигладаг болжээ.
Түүгээр ч барахгүй эдгээр хүүхэд нь хөдөлмөр ажлын байран дээрээ амь насаа алдах явдал байнга гардаг боллоо.
Тухайлбал өнгөрсөн оны наймдугаар сарын 11-ны өдөр Орхон-Уул аймгийн Эрдэнэт хотод “Агни Трейд” ХХК-ийн барьж буй эмнэлгийн өргөтгөлийн барилга дээр ажиллаж байсан 13 настай Д хүү шороонд даруулж амиа алдсан хэрэг гарчээ. Энэ хэрэг тухайн үед мэдэгдээгүй ч эцэг эх нь энэ талаар мэдээлсэн юм.
Хүүгийн ээж С.Дуламрагчаа тус компанид тогоочоор ажилд ороод удаагүй байсан бөгөөд ерөнхий инженер Б.Ганбаатарын гуйлтын дагуу хүүгээрээ барилгын ажил хийлгэж байсан гэнэ. Ослын үед талийгаач Д найз С.Мөнхдалайн хамт барилгын траншены нүхэнд ажиллаж байсан бөгөөд дээрээс нь шороо нурж талийгаач Д бүхлээрээ даруулан эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Ингээд өвчнөө даалгүй ес хоногийн дараа амьсгал хураасан аж.
Тухайн үед барилгын ерөнхий инженер буюу хөдөлмөр хамгааллын инженерийн ажлыг давхар хийдэг Б.Ганбаатар нь группээ сунгуулахаар Улаанбаатар хотод ирсэн байсан бөгөөд ажилчид нь барилгынхаа хонгилд архи уугаад сууж байсан аж. Барилгын ажилчид бүгд согтуу байсан гэдгийг хамт нурангинд дарагдсан хүү болон талийгаачийн 15 настай эгч охин нь нотолж байгаа гэнэ.
Хүүгийн ээж С.Дуламрагчаа “Намайг зах руу хүнсээ цуглуулах гээд явж байтал барилгын нэг ажилчин ирээд хүү чинь даруулчихлаа гэж хэлсэн. Би гүйгээд очтол хүү маань нил цус болж хамаг бие нь цусанд будагдсан байдалтай хэвтэж байлаа. Бүх ажилчид нь согтуу тэнд надад тус болох нэг ч хүн байгаагүй” хэмээн нулимс дуслуулан ярив. С.Дуламрагчаа хүүгээ нас барсны дараа Б.Ганбаатарын өрөөнд ортол “Бид хүүг чинь алаагүй. Та нар өөрсдөө гуйгаад ажилд оруулсан биздээ. Та нар заргалдаад үз, юу ч олж долоохгүй. Шүүх хуулийн байгууллага миний талд л ажиллана гэж хэлсэн” гэв. Түүнчлэн Эрдэнэт хотын “ERTV” телевизээр Б.Ганбаатар гэгч “Тэр хүү манайд ажиллаж байгаагүй. Ээжийгээ дагаж шороон дээр тоглож яваад шороонд даруулчихсан” хэмээн худал тайлбар өгчээ.
Улсын мэргэжлийн хяналтын байцаагчид “Агни Трейд” ХХК хүүгийн үхэлд буруутай гэдгийг тогтоосон бөгөөд прокуророос тус компанийн ерөнхий инженер Б.Ганбаатарт гурван жил зургаан сарын сонсгож хоёр жилийн хугацаагаар инженерийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасна гэсэн яллах дүгнэлт бичсэн боловч шүүх хуралдааныг даргалсан Д.Алтанжигүүр гэх шүүгч дөрвөн жилийн ял ногдуулаад хэрэглэх ёсгүй зүйл анги хэрэглэж тэнсэн харгалзах ял оноосон аж.
Хуулийн дагуу 13 настай хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэх хориотой байдаг юм байна. Харин 14 нас хүрсэн бол дадлагажих журмаар насанд хүрсэн хүний хараа хяналтан дор хоногт богиносгосон цагаар ажиллуулж болно гэж хөдөлмөрийн хуулинд заасан байдаг гэнэ. Бага насны хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлж амь насыг нь хохироосон нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, Насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон хууль гээд олон хууль тогтоомжийг зөрчсөн байна. Насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон ажлын байрны жагсаалтыг 2008 онд гаргасан байдаг. Ийм тохиолдолд хүүхдийн хөдөлмөр аюулгүй байдалтай холбоотой бүхий л заалтыг зөрчсөн байна. Хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь цуцлах, тодорхой хугацаагаар хорих ялтай байдаг.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа “Бизнес хийдэг байгууллагууд эцэг эхчүүдийн мөнгөгүй байдлыг ашиглан тоглож байна. Энэ айл мөнгөгүй юм чинь хүүхдээрээ ажил хийлгэж л таарна гэсэн бодолтой байдаг. Бага насны хүүхэд хөдөлмөр эрхэлдэг байдлыг хориглоно, зогсооно гээд Засгийн газраас үндэсний хөтөлбөр боловсруулсан хирнээ хангалттай ажил хийхгүй байгаа. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай олон улсын конвенцид манай улс нэгдэж орсон байдаг. Тийм учраас хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг арилгах ёстой. Хүүхдийн эрүүл мэнд амь насанд аюул учруулах хөдөлмөр эрхлүүлж болохгүй” гэлээ.
“Агни трейд” ХХК нь өмнө нь бурхантай шүдэнз үйлдвэрлэдэг байсан бөгөөд хэдэн жилийн өмнөөс барилга барьж эхэлсэн бөгөөд ерөнхий инженер захирал хоёр нь нэг гэр бүлийн хүмүүс байдаг аж.
Энэ үеэр талийгаач хүүгийн аав Б.Адъясүрэнбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
-“Агни Трейд” ХХК бүхний хохирлыг барагдуулах үүднээс ямар арга хэмжээ авсан бэ?
-Хохирол барагдуулсан юм байхгүй. Харин хуулийн дагуу оршуулгын зардлыг хийсэн.
-Оршуулгын зардал гэж хэдэн төгрөг өгсөн юм бэ?
-Оршуулгын ажлын бүх зардал нийлээд 10 орчим сая төгрөгийг энэ компаниар гаргуулсан байгаа.
-Анхан шатны шүүхээс аймгийн шүүхэд хандсан гэж байсан. Энэ шүүх хурал болсон уу?
-Завж заалдах шатны шүүх хурал удахгүй болно.
-Та яагаад 13 настай хүүхдээрээ барилгын ажил хийлгэсэн юм бэ?
-Энэ талаар надаас олон хүн асууж байсан. Би хүүхдээрээ барилгын ажил хийлгэхийг зөвшөөрөөгүй. Харин барилгын инженер Б.Ганбаатар гуйсан учраас жижиг сажиг зүйлд туслахыг ээж нь зөвшөөрсөн юм. Гэхдээ би тухайн үед хөдөө ажиллаж байсан юм.
-“Агни Трейд” ХХК барилгын ажил эрхэлдэг байсан хэрнээ ганцхан ажилтантай байсан гэв үү?
-Тийм. Нэг хүний компани гэсэн бүртгэлтэй байдаг юм билээ. Дээр нь гаднаас хоёр гурван ажилчин авч ажиллуулдаг юм байна.
-Тухайн үед ямар билээ барилга барьж байсан юм бол. Танай хүүхэд тэнд хэд хоног ажилласан бэ?
-Бүсийн эмчилгээ оношлогооны төвийн өргөтгөл гурван давхар барилга барьж байсан. Манай хүү энэ компанид 22 хоног ажилласан юм. Тухайн үед ус ихтэй борооны улмаас үерийн шавар барилгыг нь эзэлсэн юм билээ. Анхандаа үерээр орж ирсэн шаврыг хүүхдүүдээр зөөлгөж байгаад сүүлдээ давраад барилгын бохирын худгийг хүртэл ухуулж байж хүүгийн маань амийг авчихлаа.
-Компанийн ерөнхий инженер Б.Ганбаатар осол гардаг өдөр Улаанбаатар хот руу группээ сунгаалахаар яваад эзгүй байсан гэсэн. Яагаад группт орсон юм бол?
-Б.Ганбаатар сахарын өвчтэй хүн юм билээ.
-Ерөнхий инжерер Б.Ганбаатар бага насны хүүхэд авч ажиллуулсныгаа юу гэж тайлбарласан бэ?
-Том биетэй өсгөлүүн хүүхэд байсан учраас бид нар 14 настай гэж бодсон гэж хэлсэн. Шүүгч түүнээс бүхэл бүтэн 22 хоног өнгөрч байхад энэ хүүхдийн төрсний гэрчилгээг үзчихгүй яасан юм бэ гэхэд надад тийм зав байгаагүй гэсэн. Хүний нялх үр алж хаячихаад огт гэмшихгүй байгаа нь бидэнд таалагдахгүй байна.
Н.Санжаасүрэн
Зочин · 2013/04/04
etseg eh n uursduu huuhdee ajil hiilgehig zuvshuurch bdg taarch dee, uursdiinh n buruu bnashd