Нийслэлийн хар дансанд орох аж ахуйн нэгж, Үнэлгээний хороо, Улсын комиссын бүрэлдэхүүнийг 4-р сарын 15-ны өдөр зарлана
2014/03/31
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлын хяналтыг сайжруулах тухай” А/143 дугаар захирамж гаргасан. Захирамжаар Авто зам, барилга байгууламжийн ажил нь дутуу, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг холбогдох байгууллагуудаас нэгтгэн авч, нийтэд зарлуулахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосон.
Мөн зөрчил гаргасан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулсан Үнэлгээний хорооны гишүүд, уг авто зам, барилга байгууламжийн ажлыг хүлээн авсан Улсын комиссын бүрэлдэхүүнийг олон нийтэд зарлаж, хуулийн дагуу хариуцлага тооцуулах санал боловсруулах юм.
Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу дээрх аж ахуйн нэгж болон Үнэлгээний хороо, Улсын комиссын бүрэлдэхүүний талаарх мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Авто замын газар, Ерөнхий төлөвлөгөөний газраас авч нэгтгэх ажил үргэлжилж байна. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагын нэрс, Үнэлгээний хороо, Улсын комиссын бүрэлдэхүүнийг 04-р сарын 15-ны өдөрт багтаан Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж олон нийтэд зарлана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.